Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

А.Баттогтох: Макалу оргилд авирсан анхны Монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилготой байна

Огноо:

,

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Сайн байна уу? Өдрийн мэнд

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн.  Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш 19 дэх жилдээ ”Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буюу одоогийн Буянт-Ухаа нисэх буудалд механик инженерээр ажилладаг. Ажилд орсоноосоо хойш хугацаандаа ажилчин, механикч, орнитологич техникч зэрэг олон төрлийн ажил хийж үзсэн.

-Маш сонирхолтой ажил эрхэлдэг юм байна. Таны ажлын онцлог болон хүндрэлтэй, эсвэл сайн сайхан зүйл нь юу байдаг вэ?

Би нисэх буудлынхаа Аеродромын албанд нь ажилладаг. Манай алба Буянт-Ухаа аэродром болон ИНЕГ-ын харьяанд байдаг бусад нисэх буудлуудын аэродромыг нислэгт бэлэн байлгах, нисэхийн аюулгүй байдлыг хангах, хээрийн аэродром сонгох гэх мэт олон талын үүрэгтэй мэргэжлийн алба. Аэродром гэдгийг агаарын хөлөг хөөрч буух, явгалах, зогсоход зориулсан цогц байгууламж гэж ойлгож болно. Үүнийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, тухайлбал цастай, бороотой, эсвэл хавар, намрын улиралд температурын огцом өөрчлөлтөөс шалтгаалж  мөстөлт, гулгаа үүсэхээс сэргийлж шуурхай ажиллах, аэродромд гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах зэргээр цаг хугацаатай уралдсан хүндрэлтэй үеүд нилээд гардаг л даа. Гэхдээ энэ бүхнийг аль болох урьдчилан тооцоолж, бэлтгэл ажлуудыг хангасан баг хамт олон байдаг учир алзахгүй л даван гардаг даа.

-Таны эрхэлдэг ажил болон хичээллэдэг спортод ижил төстэй зүйл байдаг уу?

-Хийж байгаа ажил, уулын спорт аль аль нь миний сонирхож сонгосон зүйл ч гэлээ маш өндөр хариуцлага шаарддаг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй тэмцэх, даван туулах өөрийгөө болон бусдыг аюулгүй байлгахад анхаарах гэдэг утгаараа төстэй юмуудаа. Бас би багаасаа л нутгийнхаа уул хадаар аялах сонирхолтой, аавынхаа бууг үүрээд л ан ав хийх санаатай хэдэн уул даваад л  явчихдаг хүүхэд байсан. Ажилд орсноосоо хойш орон нутгийн нисэх буудлуудын аэродромын засварын ажилаар хааяа хөдөө явж, боломж гарвал тухайн нутгийн өвөрмөц онцлогтой газар нутагтай танилцдаг, амралтын өдрүүдээр байгаль, шувуу, зэрлэг амьтдын гэрэл зураг сонирхдог байсан нь аялах, уулын спортоор хичээллэхэд минь нөлөөлсөн байх. Түрүүн би орнитологич техникчээр ажиллаж байсан гэж хэлсэндээ. Тэр нь агаарын хөлгийг шувуу, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх өвөрмөц сонирхолтой ажил байдаг шүү.

-Та хэзээнээс ууланд авирах болов? Ууланд алхах, авирах нь бусад спортоос юугаараа онцлог вэ?

-Би уулын спортын төрлүүд болох уулын алхалт, уулын гүйлт, уулын спорт аяллын төрлөөр 10 жил тууштай хичээллэсэн бөгөөд сүүлийн 7 жилд өндөр уулын авиралтаар хичээллэж байна. Ууланд авирах нь бие махбодын эрүүл мэндэд тустайгаас гадна, саадыг давж зорилгодоо хүрэх, түүнээсээ урам зориг, таашаал мэдрэх, өөрөөрөө бахархах, алдаанаасаа суралцах, туршлагаасаа бусад хүмүүстэй хуваалцах, энэ спортыг таниулахад тустай байдаг. Уул бүр өөрийн онцлогтой. Тухайн жилийн хур тунадас, цаг хугацаанаас хамаарч авиралт бүр адилгүй.

-Энэ хугацаанд ямар ямар амжилт үзүүлэв, хичнээн оргилд авиралт хийсэн бэ?

-Өмнөд америк тивийн ноён оргил Андын нурууны ноён оргил Аконкагуа /дтд-6962/, Ёвроп тивийн ноён оргил, Кавказын нурууны ноён оргил Эльбрус /дтд-5642/. Эх орныхоо 4000 м-ээс дээш өндөртэй оргилуудад ихэнхэд нь авиралт хийсэн. Жишээ нь: Монгол орны хамгийн өндөр оргил болох Алтай таван богд Хүйтний оргилд гэхэд 6 удаа авирсан. Сүүлийн жилүүдэд “Horizon mountaineering club”–ийнхээ гишүүдтэй хөтөч хийж явж байгаа болохоор Монголынхоо өндөр оргилуудад бараг бүгдэд нь авирсан гэж ойлгож болно. Мөн 2018-2021  онуудад зохиогдсон Г.Барсболдын нэрэмжит уулын эрчимт алхалтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр, 2019 онд зохион байгуулагдсан “Asralt Race” тэмцээнд шагналт 5-р байр. Уулын клуб холбоодын дунд зохион байгуулагддаг уулын авиралтын “Алпинад 2019” тэмцээнд чөлөөт авиралтын төрөлд багаараа оролцож 4-р байранд шалгарч, Хархираа Түргэний уулсын оргилд авирсан. 2019 онд зохион байгуулагдсан Шри Чинмойн нэрэмжит 24 цагийн тасралтгүй гүйх марафон гүйлтийн тэмцээн шагналт 5-р байр эзэлж байсан. Мөн гүйлтийн спортод дуртай. Монгол улсад болсон Олон улсын болон орон нутгийн чанартай марафон гүйлтийн тэмцээнүүдэд оролцдог.

-Тив алгасан өндөр оргилд гараад, зорилгоо биелүүлээд ирэхэд уулчин хүнд юу бодогддог юм бол?

-Мэдээж хэрэг өөрийгөө ялах , мөнх цаст уулсуудад Монгол төрийн далбаагаа мандуулаад хүсэл зорилгоо биелүүлээд, аюул осолгүй ирнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмжийг өгдөг.

-Энэ жил Монголын уулчид хоёр өндөр оргилд нэгэн зэрэг авиралт хийх гээд бэлдэж байна. Нэг нь таны гарах Макалу уул байгаа. Энэ уулыг сонгох болсон шалтгаан нь юу байв?

-Энэ жил Дэлхийн дээвэр Эверест, Макалу гэсэн оргилуудад авиралт хийнэ. Надтай зэрэг авиралт хийх уулчин “Хайрхан” аялагч клубын Спортын мастер Гантулга гэдэг залуу бий. Гантулга маань Дэлхийн дээвэр Эверестэд авирна. Миний авиралт хийх Непал улсын Макалу оргил нь Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшинөөс дээш 8463м өндөр оргил.  Гималайн нурууны салбар  уул. Авиралт хийхэд нилээд хэцүү гэж хэлж болно. Энд өмнө нь монгол уулчин гарч байгаагүй болохоор миний хувьд анхны монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилго тавьсан.

-Непал улсын цаг уурын байдал, уулчин хүнд нөлөөлөх хүндрэл бэрхшээл нь юу байдаг вэ?

8000- тай уул бол мэдээж хэцүү өндрийн өөрчлөлт, цаг агаарын эрс тэрс уур амьсгал гээд. Ууландаа цаг агаарын хэлбэлзэл маш өндөртэй. Шөнөдөө -30 градустай байхад өдөртөө нэмэх градустай байх жишээний маш их хэлбэлздэг. Жаахан салхи гарах юм бол цаг агаар яаж ч эргэж болохоор.

-Таны энэ удаагийн авиралт хийх цаг хугацааны хувьд хаврын улиралыг сонгосон шалтгаан нь юу байв?

-Ихэнх өндөр ууланд авиралт хийхэд хамгийн тохиромжтой үе нь тавдугаар сар байдаг. Тиймээс цаг хугацаагаа ингэж тааруулсан. Бид дөрөвдүгээр сарын эхээр очоод уур амьсгалдаа дасан зохицох, авирах бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бэлтгэлийн хугацаатайгаа нийлээд авиралт маань хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Бид 4 сарын –3 нд Монголоос уулруугаа зориод  6-н сарын эхээр ирэхээр төлөвлөсөн байгаа.

-Өмнө нь гарч байсан оргилуудаас авиралт хийхэд хамгийн хэцүү оргил нь аль байсан өэ?

 –Улирал, цаг агаарын нөхцөл, хур тунадас, салхи шуурга гээд их олон зүйлээс шалтгаалаад аль ч уул руу авирахад амархан байна гэж байдаггүй. Авиралт болгон л хэцүү байдаг. Манай улсын хувьд зуны цагт авиралт хийхэд илүү тохиромжтой санагддаг.

-Ууланд алхахын давуу тал, ач тусын талаар та юу хэлэх вэ?

-Ууланд алхах нь мэдээж олон сайн зүйлийг дагуулна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, байгальд ойр цэвэр агаарт эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх, харин өндөр уулын спорт бол илүү их туршлага, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаа, бэлтгэл шаарддаг халуун хүйтэн, салхи шуурга гээд олон бэрхшээлийг даван туулдаг болохоор хүнийг тэсвэр тэвчээрт сургадаг, төлөвшүүлдэг спорт гэж би боддог.

-Ууланд авирахаасаа буух нь илүү хэцүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Өндөр оргилуудад авирахад тэр ялгаа хэр их мэдэгдэж байна?

-Мэдээж хэрэг өгсөөд ядарсан хүмүүс уруу газар ачаатай явна гэдэг маш хэцүү байдаг. Зарим хүмүүс яаж ийж байгаад л оргилд нь гарчихвал зорилгодоо хүрчихлээ, болчихлоо гэж санадаг. Буцаад буух цаг хугацаа, энергиэ бас хуваарилах ёстой шүү дээ. Гол нь аюулгүй, эсэн мэнд бууж ирэх нь чухал.

-Мэдээж хэрэг энэ спортоор хичээллэхэд санхүүгийн хувьд нилээд өндөр өртөг шаардагддаг байх. Таны хувьд зардал, санхүүгээ хэрхэн шийддэг вэ?

-Ихэнхдээ өөрөөсөө гаргадаг байсан. Мөн клубийн зүгээс тодорхой хэмжээгээр дэмждэг. Сүүлийн үед зарим нэг компани, найз нөхөд бас дэмждэг болж байгаа. Өндөр уулын спорт нь өөрөө их эрсдэлтэй спорт. Тэрийгээ дагаад зардал мөнгө их орох талтай. Тухайлбал уулын төлбөр, гэр баазын зардал, тухайн уулчин эрсдэлд орсон үед аврах хамгаалах үйлчилгээ гээд бүгд төлбөр  хураамжтай. Сэтгэлээрээ дэмжиж хурцалж өгдөг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Танд баярлалаа. Зорьсон хэрэгээ амжилттай бүтээгээд эх орондоо эргэн ирээрэй.

-За баярлалаа. Энэ дашрамд дараагийн авиралтад минь тусалж чин сэтгэлээсээ дэмжиж байгаа гэр бүл, ажлын хамт олон, клубын гишүүд, найз нөхөд, бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье.

Монголчуудаа эр зориг, тэвчээр хатуужилд хандив өргөхийг хүсвэл Хаан банк 513130789 Баттогтох дансанд хийгээрэй.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох