Улстөр нийгэм
Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцав
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2021.08.05) Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав. Тус ажлын хэсгийг 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр дээрх хоёр байнгын хорооны хамтарсан тогтоолоор байгуулсан юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин болон ажлын дэд хэсгийн гишүүдэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван товч танилцуулга хийв. Тус газар 2012 онд байгуулагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих төсөл, арга хэмжээг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байна.
Тус газарт зохион байгуулагдаж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нийт 283 байгаа бөгөөд төсөвт өртөг нь 67.4 тэрбум аж. Үүнээс гэрээ хийгдсэн 92, гэрээ байгуулах эрх олгосон 26, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 74, тендерийн материал хүлээн авч байгаа 76 арга хэмжээ байгаа бол тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 6, зураг, төсөв ажлын даалгавар байхгүй 9 ажил байна.

Ажлын хэсгийн зорилго, чиглэлийн дагуу газрын дарга Г.Энхтайван боловсролын салбарын худалдан авах ажиллагааны мэдээг 2021 оны наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрх шилжсэн нийт 31 ажил байгаа бөгөөд төсөв өртөг нь 19.8 тэрбум төгрөг юм байна. Үүнээс 9 ажилд гэрээ байгуулах эрх олгож, 3 ажилд гэрээ хийгдэж, 14 ажилд тендерийн материал хүлээн авч байгаа бол үнэлгээ хийгдэж байгаа 5 ажил байна. Төрлөөр нь авч үзвэл сургууль, цэцэрлэгийн засвар 13, тоног төхөөрөмж худалдан авалт 5, сургуулийн барилга 1, цэцэрлэгийн барилга 4, сургуулийн өргөтгөл 1, сургуулийн автобус 1 буюу дийлэнх нь засварын ажил байгааг танилцууллаа.
Тэрбээр мөн хөрөнгө оруулалтын ажил удаашралтай байгаа талаар онцоллоо. Худалдан авах ажиллагаа удааширч буй шалтгаан нь төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлэхээр хуульд заасан ч нийслэлийн хэмжээнд зураг төсөв, ажлын даалгавар хүргүүлж байгаа дундаж хугацаа нь Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш 28.5 хоногт хэрэгждэг байна. Мөн зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр төсөв баталдаг, байршил тодорхойгүй, газрын асуудал шийдэгдээгүй, мэргэжлийн бус байгууллага хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг (нийт төсөл, арга хэмжээний 60-70 хувийг харъяа бусад байгууллага зохион байгуулдаг), захиалагч байгууллага зураг төсөв, ажлын даалгаврыг хуулийн хугацаанд хүргүүлдэггүй зэрэг шалтгаанаар худалдан авах ажиллагаа удааширдаг талаар танилцуулав. Түүнчлэн, 2021 онд барилгын гол нэрийн материалын үнэ нэмэгдсэн нь барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэгч олдохгүй, хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсгэж буй талаар онцоллоо.

Дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин нар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаас болон ажлын дэд хэсгийн гишүүдээс зарим асуудлыг тодруулж, хариулт авав. Тухайлбал, нийслэлийн хэмжээний сургууль, цэцэрлэгүүдийг хуваарьт засварт оруулах календарьчилсан төлөвлөгөө хэрэгждэг эсэх, цар тахлаас шалтгаалж бараа материалын үнэ хэчнээн хувиар өссөн, сургуулийн үдийн хоолтой холбоотойгоор сургуулийн гал тогооны шинэчлэл хэрхэн хийгдэж буй талаар болон боловсролын салбарын 31 төсөл, арга хэмжээний хэд нь энэ жил бодитоор хэрэгжих боломжгүй болсон зэрэг өргөн хүрээнд асуудлыг тодруулж хариулт авсан.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван тулгамдаад байгаа асуудал болох барааны үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас оролцогч байхгүй төсөл, арга хэмжээг явуулах гол гарц, шийдлийн талаар хууль тогтоох байгууллага, Засгийн газрын түвшинд чиглэл өгөх шаардлагатайг хэллээ. Мөн судалгаагүйгээр, эсвэл олон жилийн өмнөх төсвийн тооцооллоор тооцож тавьсан бага үнийн дүнтэй төсөл, арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Тухайлбал, сургуулийн барилгын дээвэр, гал тогоо, шалны их засварын төсөвт өртөг 70 сая, сургуулийн автобус худалдан авах төсөвт өртөг 60 саяар тусгасан нь хэт бага үнийн дүнтэйд тооцогдож, оролцогч материал ирүүлэхгүй байгаа талаар ярилаа.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилласныхаа дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг юуны өмнө худалдан авалттай холбоотой төрийн бүх байгууллагын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Мөн эхлээд гацаанд орсон концессийн ажлууд байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын бараг 20-иод төсөл гацаанд оржээ. Газрын асуудал нь шийдэгдчихсэн, бага хувьтай гэлтгүй гүйцэтгэл хийгдчихсэн хэрнээ гацчихсан төслүүдийг нэн түрүүнд дуусгах нь бидний зорилгын нэг болж харагдлаа.
Түүнчлэн, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор төсөл, арга хэмжээ удааширсан буюу гацсан байна. Цар тахлаас шалтгаалж үнийн өсөлт аль аль барилгын материалд нөлөөлж байгаа юм, аль нь тээврээс болж саатаж байна гэдгийг судалж, ирэх жилийн төсвүүдэд хэрхэн, яаж төсвөө зоох вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай нь эндээс харагдлаа. Мөн хэт бага төсөв тавьснаас ажил нь гацсан төсөл, арга хэмжээнүүд нэлээд байна. Эдгээр төсөл, арга хэмжээнээс аль нь хэрэгжих боломжтой, аль нь хэрэгжих боломжгүй гэдгийг захиалагчтай нь ярилцсанаар хасах бол хасаад, ажлыг нь багасгах бол багасгаад яаралтай дуусгах, шийдвэрлэх чиглэлийг Байнгын хорооны тогтоолоор холбогдох байгууллагуудад өгнө гэв.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн ирэх долоо хоногт ажил нь эхэлчихсэн хэрнээ гацаанд орсон төслүүдийг газар дээр нь үзэж танилцахаар төлөвлөсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







Улстөр нийгэм
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
