Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархан арьс ширний цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцлаа
Ерөнхий сайд ажлын хэсгийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай 5 дугаар сарын 12-ны өдөр танилцав. Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10,000 тн ноос, 1,000 тн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус цогцолбор ашиглатад орсноор 7,500 орчим байнгын ажлын байр бий болно. Өнөөдрийн байдлаар ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугам 50 хувь, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засгийн газраас тэргүүлэх 100 төслийг нэрлээд буй. Үүнд малын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох тус цогцолбор багтаж байна. Төрөөс цогцолборыг ашиглалтад ороход бүх талаар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд хэлээд Монгол Улс малаа төрөлжүүлж өсгөн ашиг шимийг нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах цаг болсон гэдгийг онцолсон юм.

Дархан арьс ширний цогцолбор баригдсанаар малын түүхий эдийг дотооддоо боловсруулах, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой юм
Улстөр нийгэм
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.
Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.
Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.
Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Улстөр нийгэм
Ерөнхий хяналтын сонсгол болно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
- Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
- Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.
Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Ажлын алба
-
Шударга мэдээ2022/04/21
ЗГ: Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээ “O” төгрөг болголо...
-
Цаг үе2022/02/17
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Урлаг спорт2022/02/17
Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь болон Каннын кино наадамд оролцоно...
-
Үзэл бодол2020/06/30
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж үг хэл...
