Улстөр нийгэм
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Энэ жил Монгол Улс, Франц Улсын хооронд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээтэй тэмдэглэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар улам баяжуулан хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.
Тэргүүн Шадар сайдын зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг онцлон тэмдэглэж, энэ оны 1 дүгээр сард байгуулсан Монгол-Францын ураны “Хөрөнгө оруулалтын гэрээ” нь Монгол Улсын Засгийн газрын стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлж, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаанд бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.
Түүнчлэн Францын хөгжлийн агентлаг (AFD)-ийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулж, хөгжлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын харилцааг идэвхжүүлэх, Францын инновац, өндөр технологи, мэргэжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах замаар өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулахад идэвхийлэн хамтарч ажиллахаар тохиролцов.



Улстөр нийгэм
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улстөр нийгэм
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
Улстөр нийгэм
Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын Ногоон бүсэд Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон иргэдэд танилцуулж байна.
Ногоон бүсийн нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон ажиллаж байгаагаас нийслэл таван павильонд таван үндсэн чиглэлийн төсөл, хөтөлбөрөө дэлгэн үзүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хот, тусгай бүсүүдийн төлөвлөлт, нийтийн тээвэр болон авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг танилцуулж байна.
Мөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах ногоон эрчим хүчний төслүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг танилцуулж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр COP17 нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ.
Тэрбээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, хотын хөгжилд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцохыг урьсан байна.
Нийслэл эдгээр төслөөр дамжуулан түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатарыг аюулгүй, ногоон хот болгон хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар зорьж байна.
-
Урлаг спорт2021/08/03
“Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэнэ
-
Улстөр нийгэм2021/01/25
УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт өндөрлөнө
-
Цаг үе2020/06/09
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Цаг үе2024/04/30
Авто зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулла...
