Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөдөлмөрийн харилцааг ажилтан, ажил олгогчоор хязгаарлахгүй цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай...

Огноо:

,

УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ оны анхны /2021.01.04/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос төслийн талаар мэдээлэл сонсов. Гишүүд хүүхдийн хөдөлмөр, ажлын байран дахь бэлгийн дарамт, туслах малчин, гэрийн үйлчлэгчийн тухай, цахим ажлын байрны талаар хуульд хэрхэн тусгах талаар санал солилцлоо.

Мөн коронавирусний дараах өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирсон хөдөлмөрийн хуультай болох ёстой. Хөдөлмөрийн харилцааг ажилтан, ажил олгогчоор хязгаарлахгүй цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэв. Харин Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авахгүй гэдэгт санал нэгдлээ.

Түүнчлэн цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Мэндсайханаас мэдээлэл сонслоо. Мөн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох,  махны нөөц бүрдүүлэлт, махны экспортын талаархи асуултад хариулт авав.

Д.Ганбат: Өвөлжилт хүнд байгаа аймгийн 40 мянган малчин өрхөд  өвс тэжээл хүргэх ажил ямар шатандаа явна.  Ноолуурын үйлдвэрлэл ядаж утас ээрэх гэх мэтийн бага оврын үйлдвэрүүдийг орон нутагт байгуулбал олон хүн ажилтай, орлоготой болох боломжтой байна. Энэ тал дээр яам ямар бодлого барих вэ.

С.Мэндсайхан: Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн зарим сум,  Баянхонгор аймгийн 20 сумын 12 мянга, нийт улсын хэмжээнд 40 мянган малчин өрх өвс тэжээлийн хөнгөлөлтөд хамрагдана. Мөн эдгээр аймагт отроор яваа малчдыг хамруулна. Өвс тэжээлийг яам, аймаг аймагт нь хүргэнэ. Аймаг, орон нутаг малчиддаа хүргэхээр зохицуулсан. Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барьж барина. Ноолуурын салбарыг бодлогоор анхаарахгүй бол хятадын хорио цээрийн байгууллага нь маханд тавьдаг шиг аттестачлал явуулна гээд байгаа. Өөрөөр хэлбэл, маханд хорио цээр тогтоогоод байгаа шиг шаардлагыг ноос, ноолууранд тавьж байна. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн болгох, утас ээрэх чиглэлд бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, аж ахуйн нэгжүүд нэгдэж нийлэх шаардлага үүсч байна.

Ш.Адьшаа: НӨАТ, гаалийн татвараас зарим бүтээгдэхүүнийг чөлөөлөх хууль баталсан. Энэ хуулийг баталчихвал үнэ өсгөхгүй гэж ярьж байсан. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ өдөр хоногоор өслөө. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Хилийн тээврийн үнэ өсч, мафи маягийн сүлжээ үүсчихлээ. Үүнийг хэрхэн зохицуулах юм. Өвс тэжээлийн хомсдол байнга үүсдэг болсон, энэ нь ченжүүдийн гарт орсонтой холбоотой нь нууц биш. Энэ чухал бүтээгдэхүүнийг ченжүүдэд даатгаад яваад байх юм уу. Цаашид  дотооддоо малын тэжээл үйлдвэрлэх тал дээр  Засгийн газар бодлого боловсруулах хэрэгтэй байна.

С.Мэндсайхан: Дорноговьд коронавирус илэрсэнтэй холбоотой арваннэгдүгээр сараас махны экспортыг зогсоосон. Замын-Үүдэд бид ажиллаад өдөрт зургаан машин гаргаж байя гэдэг тохиролцоонд хүрч ирсэн. Цаашид чингэлэг тээврийг зөвшөөрөөч гэдэг хүсэлтээ хятадын талд тавьсан. Тэд ойрын үед хариу өгнө гэсэн.

Ц.Туваан: 40-өөдхөн хоногийн дараа  Цагаан сар болно. Цаг агаар хүйтэрч байна.  Мал тарга тэвээргээ алдаж, өвс тэжээлийн асуудал хүндэрнэ. Гааль, НӨАТ-аас  чөлөөлсөн шийдвэрийг малчид хүлээгээд үр дүн гарахгүй нь. Өвс тэжээлийн түгээлт, хангамж хэр байна вэ. Өндөр үнээр нь ч болтугай авъя гэхээр олдохгүй байна гэж ярьж байна.  

С.Мэндсайхан: Өнгөрсөн хугацаанд 8200 тонн тэжээл орж ирсэн байна. 33 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан, тэд 100 мянган тонныг оруулж ирнэ. Дэлхийн банкнаас таван сая ам. долларын буцалтгүй тусламжийн асуудлыг шийдсэн. Өвөлжилт хүндэрсэн аймгууд руу 1200 т тэжээл өнөөдрөөс гарч байна. Цаашид өвс, тэжээлийн хангамжийн асуудлыг бүгдийг Засгийн газарт даатгалгүй аймаг орон нутаг зохион байгуулах шаардлагатай. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг зөвхөн өвс тэжээлээр шийдэх бус цаашид малын даатгалаар зохицуулах бодлого барина.

С.Одонтуяа: Хашаандаа ногоо, жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжийг яаж дэмжих вэ. Та сангуудад дэмжлэг үзүүлэхгүй гэсэн. Үүнийгээ тайлбарлаж өгөөч.

С.Мэндсайхан: Сангийн хувьд бизнес эрхлэгчтэйгээ зэрэгцээд бизнес хийгээд байгаа юм. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Ер нь газар тариалан халамжийн салбар болоход ойрхон болсон. Жилд 65 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр  олгож байна. Мөн өрхийн хэмжээнд хүнсний ногоо тариалахад хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр олгох гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин хүнсний ногоо тариалагчдыг механикжуулахад зориулсан төсөв, урамшуулал  байхгүй. Гэхдээ бид гаднын орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ярьж байгаа.

Н.Ганибал: Атрын-4 аян хэзээ ажил хэрэг болж төрийн бодлогод тусгагдах вэ. Эдгээрийг уриа лоозон биш бодит ажил болгох шаардлагатай. Яаралтай хийхгүй бол том бодлого орхигдох вий. Татаас олгох, эс олгох чиглэлээ нарийн сайн тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд эрчимжсэн мал ахуйд төрийн татаас байх ёстой гэж үздэг.  

С.Мэндсайхан:  Монгол Улсын хэмжээнд үр, хөрсний асуудал хурцаар тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд ургамлын бүтэц сийрэгжсэн нь хөрс, үрний чанараас  шалтгаалж байна. Урамшуулал байх ёстой. Энэ тал дээр тантай санал нэг байна. Гэхдээ урамшууллыг сангаар дамжуулах ёсгүй гэж үзэж байгаа.

Б.Бейсен: Тэжээлийн үнэ Өлгийд 46 мянга, сумдад бараг 50 мянга боллоо.  Боодол өвс 16 мянга хүрч байна. Өвс хадлангаа Ачит нуур, Хар-Ус нуурын гэх зэрэг сав газруудаас бэлдэх боломжтой. Дотооддоо өвсний нөөц бүрдүүлэх иймэрхүү боломжоо ашиглахгүй дандаа гаднаас аваад байгаа нь харамсалтай байна. Мах экспортлодог компаниуд хятадын мах бэлтгэлийн газар шиг харагдаад байх юм. Зөвшөөрлөө хятадаас авдаг, зөвшөөрөл хүлээж байна гэж ярьж байх юм.  Монгол малын мах чанарын шаардлага хангахгүй байгаа юм бол хятадууд яагаад аваад байгаа юм. Хамгийн эрүүл, чанартай мах Монголд л байгаа. Гэтэл монголчууд хятад хүнсийг 25-30 жил хэрэглээд одоо хавдрын өвчлөлд нэрвэгдчихлээ.  Хүнсний аюулгүй байдал алдагдсаны нотолгоо хавдрын өвчлөл мөн шүү. 

С.Мэндсайхан: Байгалийн хадлан хадах нь орон нутгийн асуудал. Гэхдээ орон нутагтай зохион байгуулалтын асуудлаа хамтрахгүй бол бүх эрсдэлийг Засгийн газарт даатгаад байх нь зохимжгүй гэлээ.  Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, тус салбарт томоохон бодлогын өөрчлөлт хэрэгтэй. Ингэхгүй бол одоо  байгаа асуудал ойрын жилүүдэд үүссээр  байх болно. Б.Пүрэвдорж  татаасыг бүтээгдэхүүнд бус үйлдвэрт нь олговол илүү дүнтэй гэх зэргээр санал хэлэв гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ. 

Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв. 

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  

Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.

Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав. 

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. 

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.

Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.

Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.

Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.

“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Олон улсын болон дотоодынх нь зах зээлд нийлүүлэлт доголдолтой хэдий ч ОХУ-ын тал шатахуун нийлүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.

Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох