Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зардлаа хуваалцсанаар хүндрэлийг хохирол багатай даван туулж, сэргэлтийг түргэсгэнэ

Огноо:

,

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа.

-Ковид 19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ?

Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг  оны эхнээс хэрэгжүүлээд явж байна. Энэ удаад дотоодод халдвар тархсан шинэ нѳхцѳл байдлыг харгалзан Мѳнгѳний бодлогын хороо шокыг зѳѳлрүүлэхэд чиглэсэн багц шийдвэрийг гаргалаа. Нэгт, мѳнгѳний бодлогын хүрээнд бодлогын хүүг дахин 2 нэгж хувиар буулгаж түүхэн доод 6 хувьд хүргэсний зэрэгцээ, 8.5% байсан банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6% болгов. Хоёрт, макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, эргэн тѳлѳлтийн хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гуравт, ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүллээ. Эдгээр нь санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой. Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрүүдээс гадна бизнесийн зээл болон хэрэглээний зээл, ипотекийн зээлүүдийн үндсэн өр болон хүүний төлөлтийг хойшлуулсан өмнөх арга хэмжээ, шийдвэрүүдийг дээрх хугацаатай нийцүүлэн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.  

-Зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулах шийдвэр нь эдийн засгийн хямралын үед иргэдэд нэн түрүүнд, шууд нѳлѳѳлѳх шийдвэр болов уу. Бусад зээлийн хувьд яах вэ?

Цар тахлаас болж орлого нь хумигдсан ѳрх, бизнесүүдийн зээлийн эргэн тѳлѳлтийг түр хойшлуулснаар санхүүгийн дарамт нь зөөлөрсөнөөр дампуурал, хүндрэлийн эрсдэл буурна. Монгол улсын санхүүгийн салбар банкны салбар дээр тогтож байгаа гэдэг утгаар банкны харилцагч, олон нийтээс хүсч байгаа, мөн танхим зэрэг олон нийтийн байгууллагаас гаргаж байгаа саналыг харгалзан тодорхой хугаацаанд зээлийн үндсэн өр, хүүг төлөхгүй байхаар хугацаа сунгаж байгаа нь том дэмжлэг болно гэж харж байгаа. Зөвхөн ипотекийн зээлийн хувьд  сая шийдвэр гарснаас хойш богинохон хугацаанд 34 мянган иргэний 2 их наяд орчим төгрөгийн зээл хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээд байна. Эхний вакцинууд амжилттай туршигдахын зэрэгцээ гадаад худалдааны том түнш орны эдийн засгийн гүйцэтгэл, тѳлѳв нь сайжирч гадаад орчинд эерэг ѳѳрчлѳлтүүд бий болно гэж харж байна. Харин дотоод нөхцөл маань өнгөрсөн сарын дундаас эрс өөрчлөгдлөө. Гол нь дотоод дэгдэлтийн эрсдлээ маш хурдан хяналтандаа оруулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг ажиллаж эхэлнэ. Хүндрэлийн үед иргэд зээлд тѳлѳх мѳнгѳѳ хэрэглээндээ зарцуулж ѳрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг ч давхар дэмжих юм. Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгсөн. Тэгэхээр энэ нь иргэд, бизнесийн байгуллагууд, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр.

-  Мѳнгѳний бодлогын хорооны хурлаас ЖДҮ бол уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь анхаарал татаж байна. Тѳв банк эдийн засгийг дэмжихийн хуучин үнэ тогтворжуулах хөтөлбөрт шилжив үү гэх болгоомжлол байна?

Шуудхан хэлэхэд үгүй.  Энэ хэрэгслийн онцлогыг товч тайлбарлая. Нэгт, репо санхүүжилт нь Тѳв банкны уламжлалт бодлогын арга хэрэгсэл бѳгѳѳд Ковид 19-ийн үед хугацааг уртасгаж, барьцаа хѳрѳнгөний төрлийг өргөжүүлснээр нѳхцѳлийг нь илүү уян хатан болгосон. Хоёрт, хүү, хэмжээ нь төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцѳлөөр макро орчин болон зах зээлийн төлөвтэй уялдуулан Мөнгөний бодлогын хорооноос улирал бүр тодорхойлох учраас зах зээлд том гажуудал үүсгэх эрсдэл бага, ханшид үзүүлэх дарамт нь бага байх болно. Гуравт, банк ЖДҮ болон уул уурхайн бус  экспортын чиглэлээр олгосон өөрийн зээлийн багцыг үнэт цаасжуулж, тэр хэмжээгээр энэ санхүүжилтийн хэрэгслээр урт хугацаатай эх үүсвэр авна. Банкууд зээлдэгчийн эрсдэлийг үнэлж зээлээ олгох тул экспортыг дэмжих зорилгодоо чиглэсэн үр дүнтэй санхүүжилт байх болно гэж хүлээж байгаа.  Ер нь макро агуулгаараа энэ бол банкнаас олгох зээлийн тасалдлыг арилгах зорилготой арга хэмжээ гэж ойлгож болно. Хөл хорионы дэглэм нь дийлэнх бизнесийн үйл ажиллагаа болон хэрэглээг хязгаарладаг. Энэ нь эргээд зах зээлийн эрсдлийг нэмэгдүүлж, банкны шалгуураар зээлдэгч хэт эрсдэлтэй харагддаг учир зээл гарахгүй байгаа энэ үед төв банкнаас эх үүсвэр нийлүүлж шаардлага гарч байна. Нөгөө талаас харьцангуй хямд хүүгээр дээрх салбаруудын зээлүүдийг дахин санхүүжүүлэх бололцоог олгоно.

- Цар тахлын хүнд үед маш их дэмжлэг шаардлагатай гэсэн хэлэлцүүлэг их өрнөж байна. Тухайлбал, зээлийн хүүг зогсоох гэдэг ч юм уу. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?  

Хамгийн гол зарчим бол эрсдэл болон зардлаа талууд хуваалцах ёстой. Бас эдийн засаг, санхүүгийн цаашид тогтвортой үргэлжлэх харилцаа, үүрэг хариуцлага, түүнтэй холбоотой урт хугацаанд баримтлах ёстой үндсэн зарчмаа эвдэж болохгүй. Тухайлбал, зээлдэгч-зээлдүүлэгчийн харилцааны хувьд нэг нь хожих эсвэл эрсдэлгүй байх тухай асуудал огт байж болохгүй. Банк болон зээлдэгч хоёр эрсдэл болон алдагдлаа хуваалцах тал дээр зөвшилд хүрэх нь чухал. Төрийн зүгээс үүнд дэмжлэг үзүүлж мөн чадах хэмжээгээр хуваалцахыг зорьж байна. Энэ агуулгаар бодлогын шийдвэрүүд гарч байгаа. Ерөнхийдөө бол бодлогын хүү, төгрөгийн эх үүсвэрийн хувьд заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг бууруулсан шийдвэр нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж улмаар зээлийн нөхцѳлийг зөөлрүүлэх, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Эцэст нь зээлдэгч, зээлдүүлэгч аль аль нь хожно. Банкинд богино хугацаандаа ачаалал үүсэх эрсдэл бий. Энэ тохиолдолд Төв банк банкуудын хувьд эцсийн зээлдүүлэгчийн хувьд тогтвортой байдлыг нь дэмжиж ажиллана. Мөн ковид19-ын дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн асуудлыг байнга бодолцож тооцож байх нь Төв банкны үүрэг гэдгийг мартах учиргүй.

- Оны эхэнд 11% байсан бодлогын хүү одоо түүхэн доод түвшин 6%-д хүрснээр инфляц ѳсѳх эсвэл тѳгрѳгийн ханш унах дарамт ихсэхгүй юу?

Ковид-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр эдийн засаг саарах эрсдэл нэмэгдсэн үед бодлогын хүүг шийдвэртэй алхмаар буюу 2 нэгж хувиар бууруулах орон зайг инфляц, ханш аль аль нь олгосон. Инфляц сүүлийн саруудад бага түвшинд (10-р сарын байдлаар 2.4%) хадгалагдаж, цаашид ч бага байх төсөөлөл харагдаж байна. Эдийн засгийн сэргэлттэй уялдан инфляц өсөх ч Тѳв банкны зорилтот түвшинд байх боломжтой гэж харж байна. Төгрөгийн ханшийн хувьд харьцангуй тогтвортой байгаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, мөнгөний бодлогын төлөв зохистой байгаа, энэ хүнд үед экспортын орлого харьцангуй сайн байлгах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байна, энэ жилийн болон ирэх жилийн томоохон гадаад төлбөрүүдийг шийдвэрлэсэн, саарал жагсаалтаас гарсан гээд Ковидыг эс тооцвол эдийн засагт тодорхой ахиц дэвшлүүд бий. Энэ эерэг хүчин зүйл нь эргээд эдийн засагт болон төгрөгт итгэх итгэлийг дэмжиж байна. Валютын нѳѳц 8-9 сарын импортыг хангахад түвшинд байгаа бөгөөд энэ оныг 4 орчим тэрбум ам.долларын нөөцтэй давах болов уу гэж хүлээж байгаа.

-Цар тахлын үед Тѳв банк дотоод үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?

Үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөөц төлөвлөгөө маань анх удаа амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Тооцоо, судалгаа, хурал уулзалт, дата хандалт, баримт бичиг боловсруулалт, танилцуулга гээд ер нь виртуал байдлаар ихэнх ажлаа зохион байгуулж ирлээ. Монголбанк ямар ч нѳхцѳл байдалд үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлаа хадгалж, хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа хангахын тѳлѳѳ ажиллана. Бодлогын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах, тѳлбѳрийн системийн найдвартай байдлыг хадгалах, банк, санхүүгийн зах зээлийн тасралтгүй үйл ажиллагаа болон эмиссийн үйлчилгээ зэрэг Тѳв банкны үйл ажиллагааг тогтвортой хэвийн үргэлжилж байна. Цар тахлын үед ажилтнуудаа зайнаас ажиллуулах, зайлшгүй оффист ажиллах ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мѳрдѳх зэрэг үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна.

-Эдийн засгийн ирээдүйн төлвийг та хэрхэн харж байна вэ?

Монголбанкны сүүлийн төсөөллөөр ирэх оны эдийн засгийн өсөлт 6 орчим хувь гэж үзэж байна. Цар тахлын дотоод тархахаас өмнө 8-9 орчим хувийн суурь хүлээлттэй байсан. Эдийн засгийн үйл ажиллагаа хөл хорионоос ихээхэн шалтгаалж байна. Тиймээс дотоод тархалтаа аль болох богино хугацаанд цурманд оруулах шаардлагатай. Бизнесийн идэвх сулардаг өвлийн улирал дахь хөл хорионоос илүү ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэнд их чухал. Ер нь дотоод тархалтаа шийдвэрлэх асуудал байгаа болохоос гадаад орчин бол эерэг тал руугаа тасралтгүй өөрчлөгдөж байна. Хүнд цаг үе ч удаан үргэлжлэхгүйгээр ирэх жилээр хязгаарлагдаж байгаа тул дунд хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Тийм учраас өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа богино хугацааны бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал байна.

Ярилцсанд баярлалаа!   

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе14 цаг 55 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе15 цаг 6 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ15 цаг 56 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм16 цаг 13 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм16 цаг 19 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм16 цаг 30 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе16 цаг 34 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе16 цаг 40 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох