Улстөр нийгэм
"Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ сарын 24-ний өдөр болсон "Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, хариулт авлаа.
Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 31 оролцогч асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар болон ажлын дэд хэсгийн ахлагч, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын даргын Бодлогын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга асан Л.Цог шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал авсан эсэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн гэж ямар хүн байхыг тодруулсан.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагчМонгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хариулснаар, Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр санал ирүүлсэн байна.

Хуулийн төслийн 51.2-т заасан Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ хэмээн заасныг хасах, Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно гэж төсөлд тусгасныг зургаан жил болгох зэрэг саналыг ирүүлсэн байна. Түүнчлэн Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүхийн дэргэд байлгах, даргыг нь томилох санал ирүүлсэн гээд сүүлийн энэ санал нь олон улсын туршлага, судалгаагаар хэрэгжих боломжгүй нь тогтоогдсон тул хүлээн авах боломжгүй гэж дэд ажлын хэсгийн түвшинд үзсэн гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг хоёр удаа 10 жилээр томилдог байх санал ирүүлсэн гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тав нь шүүгч биш гишүүд байх бөгөөд гурвыг нь харьяалах Байнгын хороо, нэгийг нь Засгийн газар, нэгийг нь мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийн, УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилохоор тусгасан хэмээн хариуллаа. Ингэснээр шүүхэд ёс бусаар нөлөөлөх эрсдлийг хаана гэж үзсэн хэмээн ажлын хэсгээс хариулт өгсөн.
Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, хуульч Ц.Оюунбаатар нар шүүгчдийг томилдог биш сонгодог байж болохгүй юу гэсэн асуудлыг хөндсөн.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, шүүгчдийг сонгодог байх тогтолцоо нь хамгийн сул талтай хэмээгээд сонгогдохын тулд зүй бус амлалт өгч, мөнгөний хамааралтай болох магадлалтайг дурдаад шүүгчдийг хараат бус байлгах гэж судлаачид эрэлхийсний эцэст дээрх шийдлийг гарган, алдаа дутагдал гаргасан шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах Шүүгчдийн хариуцлагын зөвлөлийн асуудлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэдгийг тодотгов.

АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, дэлхийн тав хүрэхгүй улсад шүүгчдийг сонгодог тогтолцоо байдаг гээд, өдгөө энэ загвар нь “толгойн өвчин” хэмээгдээд буйг онцолсон. Шүүгчид сонгогддог байвал улстөрчидтэй адил болж, нотлох баримтад тулгуурлах бус олон нийтэд таалагдах гэсэн шийдвэр гаргах магадлал өндөрсөх учир шүүхийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах үүднээс томилдог байхаар тусгасан нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах бүрэн эрхийн хугацаа, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг төсөлд хэрхэн тусгасан, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгасан Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар тодруулсан юм.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, доктор О.Мөнхсайхан нарын хариулснаар, төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэх бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллахаар тусгажээ.

Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байх бөгөөд Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах аж.
Харин Еөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцдог бие даасан, хараат бус байгууллага бий болгох зорилгоор Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа “Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана" хэмээн тусгасныг онцоллоо.

Түүнчлэн Ерөнхийлөгч төсөлдөө Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана хэмээн тусгажээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид төслийн танилцуулгатай холбогдуулан төсөл санаачлагчид ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсны дараа үргэлжлүүлэн үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
