Цаг үе
Хөрөнгө, орлогын мэдүүлэгүүд дэх “гайхамшиг”
Шорлог бэлтгэх төхөөрөмжөөс нисэх онгоц, том гараажаас см2 хэмжээтэй эзэмшил газар хүртэлх “эд хөрөнгө”
Авлигатай тэмцэх албадууд төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажилд ханцуй шамлан орж байна. Төрийн албан хаагчид ялангуяа доод албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүр мэдүүлэх нь ёс төдий зүйл болжээ. Албан тушаалтнууд мэдүүлгээ тэгсгээд бөглөөд өгдөг, авлигатай тэмцэх албаны ажилтнууд мэдүүлгийг үзэж сонирхдоггүй бололтой. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдсан үнэтэй авто машин, хувийн онгоцны цуглуулга хэрхэн бий болсон, шорлог хийх төхөөрөмж, нохойны үүр зэргийг мэдүүлсэн, мөн орон сууцаа цэнгэлдэх хүрээлэн, эзэмшлийн газраа хэрхэн шуудангийн марк болгон хувиргасныг мэдэхгүй, тодруулахгүй байна.
“Трансперенси интернешнл Россия” олон улсын байгууллагаас Орос Улсын 137404 депутат, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцан судлах явцдаа зарим мэдүүлэг гаргагчийн эд хөрөнгө санаанд багтамгүй их хэмжээтэй байгааг мэдсэн байна. Тухайлбал Ямало-Ненецийн автономит тойргийн Хууль тогтоох хурлын гишүүн асан, нисэхийн тээврийн “Ямал” компанийн ерөнхий захирал Василий Крюкийн эзэмшлийн газар нь Словени Улсын нутаг дэвсгэрээс илүү 22,9 мянган км2 байна.
Төрийн Думын гишүүн Андрей Палкин 2015 онд мэдүүлэгтээ хагас тэрбум рублийн орлогоо мэдүүлж хууль тогтоогчдоос орлогоороо дээд амжилт тогтоож байжээ. А.Палкин нь депутат болхоосоо өмнө 90 гаруй орон сууц, 200 орчим тээврийн хэрэгсэлтэй байжээ. Төрийн Думд Дагестан улсыг төлөөлж гишүүнээр ажиллаж байсан, талийгаач Владимир Ашурбеков 2015 онд мэдүүлэгтээ 627 606 м2 талбайтай шилтгээнтэй гэж мэдүүлсэн байна. “Архангельское” эдлэн газрын музейн захирал Вадим Задорожный 11 ширхэг нисэх төхөөрөмжтэй гэж мэдүүлэгтээ дурдсан байв.
Орхигдсон “таслал”. Дээр дурдсан их хэмжээний хөрөнгийн тухай сонссон Оросын жирийн иргэдэд тэднийг хаанаас, хэрхэн ийм их хөрөнгөтэй болсон тухай асуулт үүсч, бодит байдалд байхгүй гэсэн эргэлзээ төрдөг. Жишээлбэл Санкт-Петербург мужийн Хууль тогтоох хурлын гишүүн Ольга Романовская хоёр га (19 728 м2) талбай бүхий машины гаражтай байна. Батлан хамгаалах яамны албан тушаалтан Мальцев гэдэг хүн 42 154 м2 талбай бүхий орон сууцтай гэж мэдүүлсэн (цэргийн байгууллагын албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг нууцлалын зэрэглэлтэй). Мөн цэргийн албан тушаалтны Тереховын эхнэр нь 42 147 км2 талбай бүхий зуслангийн байртай байна.
Новосибирск мужийн Бжуско хотын боловсролын байгууллагын нягтлан бодогч 2015 онд 43 178 м2 талбай бүхий орон сууцтай гэж мэдүүлсэн байна. Свердсловск мужийн 45 дугаар шоронгийн орлогч дарга Константин Арафаилов мөн адил 43 338 м2 талбайтай орон сууцтай болох талаараа мэдүүлжээ.
“Трансперенси интернешнл” байгууллагын шинжээчид дээрх мэдүүлсэн хөрөнгө орлогын тоонуудад алдаа гаргаж, орон андууран таслалыг орхигдуулсан гэж үзсэн байна. Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хайнга ханддаг мөн авлигатай тэмцэх албаны ажилтнууд мэдүүлгийг нягтлан шалгахгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж байгааг нотолж байна.
Их, бага. Зарим албан тушаалтнуудын мэдүүлэгтэй танилцахад ургуулан бодхоор зүйлүүд гарч ирдэг байна. Тухайлбал Эрхүү хотын баян депутатуудын нэг болох Нина Чекотова мэдүүлэгтээ “туршилтын лаборатори” мэдүүлжээ. Батлан хамгаалах яамны албан тушаалтан Н.Г.Легенькая мэдүүлэгтээ өөрийн овгийг мэдүүлсэн байна.
Санкт-Петербург хотын Улсын орон сууцны газрын даргын орлогч, байцаагч Егор Тратников мэдүүлэгтээ 20 км2 талбайтай “амьтан тэжээх байр” гэж мэдүүлснийг авилгалтай тэмцэх албаны шинжээчид эдлэн газраа ийнхүү мэдүүлсэн гэж үзжээ.
Зарим албан тушаалтнууд мэдүүлэгтээ инээдтэй зүйл мэдүүлэх тохиолдол гардаг.
“Крымский” агрохимийн үйлчилгээний төвийн нягтлан бодогч 2014 онд мэдүүлэгтээ эхнэрийн эзэмшлийн 22,49 см2 хэмжээтэй газрыг мэдүүлсэн бол Томск мужийн захирагчийн орлогч Андрей Кнорр чимэглэлийн модон шон, Приморийн хязгаарын Улсын бүртгэлийн газрын дарга Евгений Русецкий нүүрсээ хадгалах амбаар, шорлог бэлтгэх төхөөрөмжтэй гэж мэдүүлсэн байна.
Чечень улсын Цагдаагийн дарга, хошууч генерал Апт Алаудинов олон хүүхэдтэй, жилд 2- 4 сая рублийн орлоготой гэсэн мөртлөө мэдүүлэгтээ зөвхөн эхнэрийн эзэмшлийн орон сууцнаас өөр зүйл мэдүүлээгүй байна.
Гарч байгаа алдааг яаж засах вэ? Авлигатай тэмцэх албаны хариуцсан байгууллага нь хуулиар тогтоосон хяналт шалгалтын үйл ажиллагаандаа ёс төдий хандаж байгаагаас албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хайнга хандаж байна гэж Трансперенси интернешнл олон улсын байгууллагын шинжээчид үзсэн байна.
“Дээрх алдаанууд нь мэдүүлэг дэх хөрөнгө орлогыг эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа мэдээлэлтэй харьцуулан шалгаж байгаа эсэх, эд хөрөнгийн өсөлт нь орлого, хуримтлалтай тохирч байгаа, мэдүүлгээ үнэ зөв бодитой мэдүүлж байгаа эсэхд эргэлзэхэд хүргэж байна. Тиймээс мэдүүлгийг тодорхой хэмжээнд цахимжуулж дээр дурдсан алдааг гаргахгүй байж болно гэсэн саналыг Трансперенси интернешнл байгууллагаас гаргасан.
Мэдүүлэг дэх мэдээллээс ажил хэргийн, мэргэжлийн, хувийн ашиг сонирхлын шинж чанар, байдлыг мэдэх боломжтой бөгөөд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж нээгдэх юм.
Эх сурвалж: https://pasmi.ru
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Улстөр нийгэм2022/06/08
Улаанбаатар-Красноярск хотын бизнес уулзалт-2022 боллоо
-
Шударга мэдээ2022/01/11
Зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ
-
Цаг үе2025/12/10
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдээс сонголт хийх ажлын хэсэг байгууллаа
-
Улстөр нийгэм2025/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
