Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа.

Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.

Мөн:

  • “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу нар гарын үсэг зурлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.

  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын  Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний боловсролын сайд Юсүф Текин нар гарын үсэг зурав.

Хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.

  • “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Турк Улсын Залуучууд, спортын сайд Осман Ашкын Бак нар гарын үсэг зурлаа.

Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлэх, залуучууд, спортын салбарт хамтрах, залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр ажиллана.

  • “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурав.

Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  • “Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа.

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.

  • “Монгол Улсын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Бүгд Найрамдах Турк Улсын Сакаръя Мейдан Мухаребеши үндэсний цэцэрлэгт хүрээлэн хооронд эгч дүү цэцэрлэгт хүрээлэнгийн харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг хийх, эко аялал жуулчлал, экологийн боловсролыг дэмжих, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

  • “Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн яам хоорондын эрмэлзлийн бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Алпарслан Байрактар нар гарын үсэг зурлаа.

Талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.

  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулхадир Уралоглу нар гарын үсэг зурлаа.

Төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална. Мөн Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

  • “Өрсөлдөөний бодлогын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Монополын эсрэг газар болон Бүгд Найрамдах Турк Улсын өрсөлдөөний байгууллага хоорондын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Өрсөлдөөний байгууллагын ерөнхийлөгч Бирол Күле нар гарын үсэг зурлаа.

Өрсөлдөөний чиглэлээрх хууль тогтоомжийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож, албан хаагчдыг чадавхжуулан, харилцан мэргэжилтэн солилцоно.

  • “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Туркийн радио, телевизийн корпорац хоорондын радио, телевизийн салбарын хамтын ажиллагааны тухай протокол”-д Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Туркийн радио, телевизийн корпорацын захирал Мехмед Захид Собажи нар гарын үсэг зурлаа.

Талууд харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн улс орны түүхэн үйл явдлын баримт, архивыг сэргээж, олон нийтийн хүртээл болгоно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Огноо:

,

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. 

Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Улстөр нийгэм2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Улстөр нийгэм2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Улстөр нийгэм2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Улстөр нийгэм2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Улстөр нийгэм2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Санал болгох