Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Монгол, Туркийн иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.
Цаашид харилцааны түвшнийг ахиулан хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.
Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, онцгой байдал, гамшгаас хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллана.
Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах олон улсын хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулж, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулан, үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцав.
Хэлэлцээний үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалаа хадгалан бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2026/05/05
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
-
Улстөр нийгэм2025/10/20
Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохилоо
-
Улстөр нийгэм2024/03/15
УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
-
Улстөр нийгэм2021/11/24
“Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөн боллоо
