Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов

Огноо:

,

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм.

Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажилласан байна. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэв.



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн зүйл бүртэй холбогдуулан асуулт асууж, Н.Учрал сайдаас хариулт авсан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд тухайн саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан юм. Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав.


Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, О.Батнайрамдал Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга,  Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажиллажээ. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолыг төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 2, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны гишүүн Н.Батсүмбэрэл олборлолтын дараах нөхөн сэргээлт болон хог хаягдлын менежмент, хяналт, мөн усны салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг тодруулж хариулт авсан. Л.Соронзонболд гишүүн ашигт малтмалын 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ-ын талаар зохицуулалтын талаар, мөн төслийн хавсралт дахь тооцоололтой холбоотой тодруулга хийж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй тайлбар авав. Түүнчлэн М.Бадамсүрэн, Г.Уянгахишиг төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтаншагай, Д.Батбаяр, Р.Батболд, О.Номинчимэг, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа гэв. Хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохих журмын дагуу өргөн мэдүүлэхийг ажлын хэсэгт даалгасан юм.


Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ ерөнхий мэдээллээ танилцуулаад, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Шадар сайд Т.Доржхандаас тодруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд оролцох ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс мөн нэмэлтээр тодруулга хийхээр төлөвлөөд буйгаа танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, хариулт авав.


Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг захиргааны эрх зүйн асуудал болгон, улмаар хэрэглэгч эрх ашгаа хамгаалах бололцоогүй болгож байгааг тэрбээр шүүмжлээд, иргэний хууль тогтоомж болон бусад хууль тогтоомж дахь гэрээний харилцааг оновчтой зохицуулах, гэрээний нөхцөлүүдийг эрх зүйн орчинд тодорхой болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, бусад хууль тогтоомжтой болон олон улсын жишигт нийцүүлэх шаардлага бий гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний явцад иргэн хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг гэрээний харилцааны асуудлыг хууль тогтоомжид оновчтой зохицуулах, зар сурталчилгаа хийх тохиолдолд мөрдөх зөвлөмж, энэ нь холбогдох хууль тогтоомждоо тусаж буй эсэхийг тодруулав. Мөн хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийн талаар лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм.



Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт болон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаанд 2025 он нэн чухал үүрэгтэй гэдгийг онцлон тодотгоод, Үндсэн хуулийнхаа хүрээнд улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой гэв. Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, ягштал мөрдөх нь эдийн засаг, хөгжлийн хамгийн том бодлого хэмээгээд бүх түвшиндээ хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллах нь улс орныг хөгжилд хөтлөх болно гэв. Үүнээс засаглалын асуудал ургах бөгөөд засаглалын нээлттэй, ил тод байдлыг хангаж буй эсэх, парламентын засаглалыг бэхжүүлж чадах эсэхээс хөгжлийн бодлого тодорхой харагдана хэмээн тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.


Түүнчлэн хөгжлийн бодлого нь тогтвортой байдалтай салшгүй холбоотойг тодотгон тайлбарлаад, үргэлжлүүлэн эдийн засгийн эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх бодлого, зорилтыг онцлоод Эдийн засаг, хөгжлийн яам дээрх гурван зүйлээр Монгол Улсын хөгжлийг томьёолж, хөгжлийн хөтөлбөр, бодлого, зорилтууддаа тусган ажиллаж байгаа гэв.  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацаанд Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байгаа бол богино хугацаанд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлэхээр тус тус заасан талаар Л.Гантөмөр сайд мэдээлсэн. Дээрх баримт бичгүүдийн хүрээнд нэн тэргүүнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаанчаар хөгжих, урт хугацаандаа нээлттэй, чөлөөт эдийн засгаараа тэргүүлэгч улс болох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан.
Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын суурь баримт бичиг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болохыг Л.Гантөмөр сайд дурдаад, эрчим хүчний реформ хийж эрчим хүч үйлдвэрлэх, улмаар үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтын хүрээнд гол бодлогуудаа төлөвлөсөн гэв.

Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хамгаалах, хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийг солонгоруулах зорилгоор авч хэрэгжүүлэх бодлого, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилт, 14 мега төслийн зорилго, ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон түүнийг сайжруулах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. Мөн тэрбээр эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар, үүн дээр парламентын түвшинд хэрхэн хамтрах боломжтойг тайлбарлаж, энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт, түүнд хүрэх арга замын талаар мэдээлэл танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Мандхай, О.Батнайрамдал, П.Батчимэг, М.Энхцэцэг, Р.Сэддорж нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт авсан.


Хуралдааны төгсгөлд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн талаар дурдаад, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, зорилт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг 2023, 2024 оны гүйцэтгэл, энэ оны төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.



Үргэлжлүүлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар товч мэдээлэл өгсөн юм. 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 22.4 сая.тонн нүүрс, 2.4 сая.тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мян.тонн жонш, 5.4 мян.тонн зэсийн баяжмал тус тус арилжаалжээ. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулагчдад дэмжлэг үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулав. Энэ хүрээнд татварын бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2027 он хүртэл 90 хувь, 2029 он хүртэл 50 хувь тус тус хөнгөлж байгаа гэлээ. Түүнчлэн нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байсныг нийтлэг 5 хувь болгож бууруулсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг орлогын албан татвараас чөлөөлжээ. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хөнгөлдөг зохицуулалтыг 5 жил болгон нэмэгдүүлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч ижил нөхцөлөөр холбогдох зардлыг хасаж тооцох боломжийг нээсэн аж. Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын татварын харилцааг хялбаршуулж, тайлан гаргах үүргээс чөлөөлж, хувьцаа, өрийн хэрэгсэл, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг нэгдсэн журмаар суутган тооцож, төсөвт төлдөг болжээ. 


Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хуулийг баталсан бөгөөд энэ дагуу Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, хөгжлийн сангаас бүрдэхээр зохицуулалтыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх шилжилтийн үеийн зардал 131.1 тэрбум төгрөгийг  2024 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн гэлээ. Тухайн оны батлагдсан санхүүжилтийг бүрэн олгосон бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг Ж.Ганбат дарга нэгбүрчлэн танилцуулав.
Урт хугацааны даатгалын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэв. Төслөөр даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг малын хорогдолтой уялдуулж уян хатан тогтоох, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд нэг удаа хэсэгчлэн урьдчилан олгох болон Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, 2025 оны эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн даатгалын үйл ажиллагааг цахимжуулах, даатгалын үнэлгээ, хураамж тооцох, итгэлцүүр хэрэглэх аргачлалыг шинэчлэх, албан журмын даатгагчдын холбоог өөрчлөн зохион байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусган боловсруулаад байна.
Тэргүүлэх чиглэлийн гуравдугаарт “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” хэмээсэн байдаг бөгөөд гол зорилт нь бол нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын оновчтой тогтолцоог бий болгож, төрийн албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэн гэв. Хот тохижилтын ажилчдын цалин 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн нэмэгдэл олгож байгаа гэлээ. Суманд ажиллаж байгаа бол сар бүр үндсэн цалингийн 40 хувийн, аймгийн төвийн сум, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа бол сар бүрийн үндсэн цалин дээр нь 20 хувийн нэмэгдэл олгож байгаа аж. Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга тэтгэмжүүдийн нэмэгдлийн талаар танилцууллаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 15 хувиар, асаргааны тэтгэмжийг 10 хувиар, амьжиргаа дэмжих тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөлт нас баралтыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна.
Дараагийн тэргүүлэх салбар болох хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хүнсний хангамж хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хамаарлаа бууруулж нийлүүлэлтийн сүлжээ аюулгүй байдлыг хангана хэмээн зорилт тавьсан юм. Энэ хүрээнд НӨАТ-аас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж, бордоог чөлөөлсөн байна. Мөн хүн амын зайлшгүй хэрэгцээний мах, сүү, хүнсний ногоо, жимс зэрэг 28 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг, эрүүл мэнд, боловсрол зэрэг 19 нийтийн үйлчилгээг мөн чөлөөлөх арга хэмжээг авчээ. Ж.Ганбат дарга үргэлжлүүлэн засаглалын үзүүлэлтийг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Монгол Улсын 2024 оны төсөв, урьдчилсан гүйцэтгэл, Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.




Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. 

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.

COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.

Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны  танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30  байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам  80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй,  0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

             Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Огноо:

,

“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.

Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.

Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.

Салбарын яам цаашид  дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

 “Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.

Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.

Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж,  хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох