Улстөр нийгэм
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх илэрхий, хангалттай үндэслэл байсаар атал гэрчээр мэдүүлэг авсны дараа баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтэн болгох нь Үндсэн хуулиар баталгаажсан “өөрийгөө өмгөөлөх” эрх, “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй тул гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдвол мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасны дагуу явуулах зохицуулалтыг тусгах шаардлагатай байна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав. Түүнчлэн, практикт мэдүүлэг авах ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж, хууль бусаар хэрэг хүлээлгэх, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах тохиолдлууд цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулах асуудлыг хуулиар баталгаажуулах шаардлага тулгарч буйг онцлов.
Тиймээс хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх, шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулдаггүй байх эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг заалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.
Мөн тэрбээр, тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилаан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болж, хүний эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшилнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2021/01/06
Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана
-
Цаг үе2021/06/25
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Цаг үе2025/06/02
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
-
Шударга мэдээ2020/05/13
Монголд оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно
