Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
Улстөр нийгэм
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлана.
Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна. Иймд жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг хүсье.
