Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Нүүдэлчдийн түүхийг орчин цагтай холбон цаг хугацаагаар аялуулж эхэллээ

Огноо:

,

Чингис хаан Үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо (2025.10.23) дэлгэж нээлтээ хийжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн газрын дарга С.Дэлгэрмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, Хархорум музейн захирал Т.Баяраа, Швейцарын Холбооны Улс дахь Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Д.Гэрэлмаа болон эрдэмтэн судлаачид, Швейцарын талаас Цюрих хотын захирагч Коринне Маух, Ритбергийн музейн захирал Aннетт Бхагват болон бусад төлөөлөл 200 гаруй үзэгчид оролцлоо.

Их эзэн Чингис хааныхаа суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн үзэсгэлэн нь ирэх оны хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ.

Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбон гаргаж үндсэн гурван хэсгээс бүрдэж буй юм. Хүннү гүрнээс Монголын эзэн гүрэн хүртэлх 1-14 зуунд ЕвроАзийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг маш сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэн нь эртний нүүдэлчдийн мянганаар хэмжигдэх өв уламжлал,үндэсний сэтгэлгээний цөмийг орчин цагийн хүмүүнд хүргэх онцгой завшаан болоод Монголын ард түмний түүхийн замнал, урлагийн өв, оюун санааны гүн гүнзгий илэрхийлэл юм. Соёл нь улс орнуудыг холбодог хамгийн хүчирхэг хэл, үзэсгэлэн нь тэр гайхамшигт хэлний тод жишээ юм” гэдгийг тодотгов.

Тэрбээр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “ Монгол орон: Цаг хугацааны аялал үзэсгэлэн нь Монголын нүүдэлчдийн түүхийг бүрэн хэмжээнд харуулахын зэрэгцээ нүүдлийн ертөнцөд биднийг хөтлөн хүргэж илүү гайхамшиг, илүү өндөр технологи, ур чадварыг мэдрүүлэх болно. Ирээдүй болгон гайхамшиг биш, харин өнгөрсөн нь түүнээс ч дутуугүй бишрүүлнэ. Зөвхөн цаг хугацаагаар аялах төдий зүйл биш шинэ мэдлэгийг өнгөрснөөс олж, ирээдүйд илгээх зурвас юу болохыг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан мэдрэх болно” хэмээн онцлон хэллээ. Ритбергийн музей нь Монгол болон Дорно дахины өв соёлын цуглуулгаараа гайхамшигтай Швейцар улсын хамгиийн том урлагийн музей бөгөөд Монголын соёлын өвийг дэлхийн дахинд сурталчлан таниулах үйлсэд бидэнтэй үргэлж хамтран ажилладагт талархлаа илэрхийлье гэв.

Чингис хаан Үндэсний музей нь энэ жил Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, Швейцарын Цюрих хотноо анхны үзэсгэлэнгээ дэлгэж Европийн үзэгчдэд хүргэж байна.

Тус үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан авчирч Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэв.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Бахрейн 2025”: Монголын муайтай спортын тамирчин М.Бямбацогт хүрэл медаль хүртлээ

Огноо:

,

Азийн залуучуудын наадмын муайтай спортын төрөлд Спортын мастер М.Бямбацогт 54 кг-ийн жинд Хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Түүний жинд 19 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Палестин, Туркменистаны тамирчдыг ялж, улмаар мөнгөн медаль хүртсэн Камбожийн тамирчин Чонг Висалд ялагдсанаар ийнхүү хүрэл медаль хүртлээ. Алтан медалийг Узбекистаны тамирчин Нурхужаев Мукаффар хүртсэн байна.

Монгол Улсаа төлөөлөн муайтай спортын төрөлд тамирчин М. Бямбацогт, Ч.Есүй, М. Энх-Учрал, Б. Бадам, С. Бямбажав нарын таван тамирчин дасгалжуулагч багш Э. Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлага дор амжилттай оролцож ийнхүү тэмцээнээ өндөрлүүллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг улсын арслан Э.Батмагнай асаалаа

Огноо:

,

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол Баянхонгор аймагт болж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МБАТСН-ыг албан ёсоор нээж, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн мэндчилгээ дэвшүүллээ.

Наадмын тамирчдын тангарагийг жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, таеквондогийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга, Д.Чинзориг нар өргөв.

XVI наадмын тугийг пара таеквондогийн “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, боксын Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Энхтөр, пауэрлифтингийн улсын аварга, бодибилдингийн спортын ОУХМ Н.Нэмэхбаяр, чөлөөт бөхийн улсын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Бямбадорж нар өргөн мандуулав.

Харин тус наадмын галт бамбарыг үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Батмагнай асаалаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Монголын хүүхдийн спортын VII их наадмын галт бамбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамтаар асааж байв.

Монголын бүх ард түмний спортын ХVI наадам спортын 28 төрөлд, 163 жин, зайд, 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбар хорооны уулзалт, хэлэлцүүлгүүд эхэллээ

Огноо:

,

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны спортын салбарын 76-р бага хурал 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд эхэллээ. Тус хуралд Ази, номхон далайн бүсийн орнуудын үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд, төлөөлөгчид болон МҮОНРТ-ийн “MNB Спорт” сувгийн төлөөллүүд оролцлоо. Хурал, уулзалтууд өглөөний 09:00 цагт Спортын хорооны удирдлагуудын хаалттай уулзалтаар эхэлсэн байна. Энэ үеэр өнгөрсөн жилүүдэд Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос тухайн бүс нутгийн орнуудад түгээсэн тэмцээн уралдаануудын шууд дамжуулалт, контентууд гээд хийж бүтээсэн ажлууд мөн санхүү, төсөв зарцуулалт, түүний гүйцэтгэл зэрэг олон ажлуудыг дүгнэсэн байна. 

Эхний хэлэлцүүлэг “Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд боллоо. Тус хэлэлцүүлэгт МҮОНТ-ийн “MNB Спорт” сувгийн захирал О. Ууганбаяр, БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нарын олон орны хэвлэл мэдээлэл болон спортын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм. 

Хэлэлцүүлгийг Турк улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн байгууллагын Спортын газрын захирал (TRT) Эмре Ботан Күмэт удирдан явуулсан байна. Оролцогч орнуудаас БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Малайз, Шри Ланк, Индонези, Вьетнам зэрэг орнуудаас тухайн салбарын мэргэжлийн төлөөлөгчид олноор ирж оролцлоо.

Монголын Үндэсний Спортын Хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав эхний илтгэлийг тавьж манай улсын үндэсний спортын тухай хууль, өнөөгийн нөхцөл байдал, олон улсад танигдсан байдал, хөгжлийн чиг хандлага зэргийг танилцуулсан юм. Мөн сурын харваа, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан эртний уламжлалт спортын төрлүүдийн түүхэн цаг хугацааны өөрчлөлт, өв соёлыг танилцуулсан юм.

Мөн эрийн гурван наадмын спортын төрлүүдээс гадна шагайн харваа, мөсний шагай, мөсний харваа, тэмээн уралдаан, тэмцээн поло, тулам булаалдах тэмцээн гээд бусад олон төрлүүд байдгийг ч онцолсон юм. Түүнчлэн үндэсний бөхийн спорт дээр тулгуурлаж хөгжүүлсэн чөлөөт бөх, жүдо бөхийн спортын төрлүүдээр тив дэлхий, олимпын наадмуудад олон амжилт гаргасаар ирснийг үндэсний спортын түүх уламжлалтайгаа уялдуулан танилцуулав. Мөн дэлхийн монголчуудын наадмыг энэ жил Бельги улсын Брюссель хотноо анх удаа зохион байгуулахын зэрэгцээ дэлхийн олон орон дахь монголчууд үндэсний спортын төрлүүдээр дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлж байдгийг чухалчиллаа. Тэрээр энэ бүх үйл ажиллагаа болон түүнийг таниулан сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг ямар чухал нөлөөтэй тал өөрийн байр сууриа мөн илэрхийлсэн. Ингэхдээ энэхүү үйл ажиллагаануудыг даган тус салбарт орж ирэх реклам, зар сурталчилгаануудын орлого, ивээн тэтгэгч байгууллагуудын оролцоо нэмэгдэж, маш олон боломжууд гарч ирдэг гэдгийг онцоллоо. 

БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон өөрийн илтгэлдээ үндэсний ширым бөхийн спортоороо дамжуулж орчин үеийн хүүхэд залууст уламжлалт өв соёлоо хэрхэн түгээж байгаа талаараа хуваалцлаа. Мөн уламжлалт хэв маягийг орчин үеийн хэв загварт шилжүүлж телевизийн шоу хэлбэрээр эх орондоо болон олон улсад хэрхэн гаргаж байгаа туршлагаа танилцууллаа. Тэд олны анхаарлыг татах гадаад төрх, бие бялдрын хөгжилтэй залуучуудыг тус шоунд оролцуулж олны анхаарлыг татдаг байна. Үүний нөлөөгөөр тамирчид нь олон байгууллагуудын нүүр царай болж, реклам сурталчилгаа, загварын ертөнцөд орж, тус спортоор таниулан сурталчилж чаддаг байна. 

Мөн дотооддоо спортын олон төрлийн тэмцээнүүдийн үеэр бүжигчид, хөгжөөн дэмжигч охид зэргийн нөлөөгөөр үзэгчдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх гээд энтертайнмент олон арга хэлбэрүүдийг ашигладаг байна. Илтгэлийнхээ дүгнэлт хэсэгт тэр уламжлалыг тэр хэвээр нь хадгалах боломж маш бага учраас орчин цагийн хөгжлийн чиг хандлагатай нэгтгэн уялдуулж, цааш хөгжүүлэн авч явах нь чухал юм. 

Шри Ланкийн Үндэсний Телевизийн ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ энэ үеэр тавьсан илтгэлдээ мөн үндэсний спортын төрлүүдийнхээ талаар онцоллоо. Волейболын спортын үндэсний хэлбэр болон үндэсний тулааны спортын төрлүүдээ танилцуулсан юм. Монголын үндэсний бөхтэй адил тус улсын үндэсний спортын төрлүүд ч өв соёлыг нь ихээхэн тээдэг, соёлын чухал өвүүд болдог байна. Үүнийг спортын тэмцээн уралдаануудын шууд дамжуулалт, нэвтрүүлгүүдээрээ түгээн дэлгэрүүлж байж л цар хүрээг нэмэгдүүлж, хадгалан авч үлдэж чадна гэдгийг тэр чухалчиллаа. 

Хурал, хэлэлцүүлгүүд өнөөдөр мөн спортын хэд хэдэн чухал сэдвүүдээр үргэлжлэх хуваарьтай байна. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 цаг 30 минут

Цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг...

Цаг үе3 цаг 33 минут

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар...

Цаг үе3 цаг 36 минут

Монголд 42 жилийн дараа V ДЦС-ыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

Шударга мэдээ3 цаг 41 минут

Түлш тээврийн гэрээгээ муу биелүүлсэн 2 компанийг хар жаргаалтад ору...

Шударга мэдээ3 цаг 45 минут

АҮЭБЯ: Улаанбаатарт шатахуун түгээлт хэвийн үргэлжилж байна

Цаг үе3 цаг 48 минут

Ханын материалын эхний ээлжийн 1800 айлын орон сууцны бүтээн байгуул...

Цаг үе3 цаг 52 минут

Эрэгтэйчүүд осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол өн...

Урлаг спорт3 цаг 54 минут

Нүүдэлчдийн түүхийг орчин цагтай холбон цаг хугацаагаар аялуулж эхэл...

Урлаг спорт3 цаг 57 минут

“Бахрейн 2025”: Монголын муайтай спортын тамирчин М.Бямбацогт хү...

Цаг үе2025/10/24

Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа

Санал болгох