Улстөр нийгэм
ТББХ:Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
Дараа нь УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан юм.
Тэрбээр, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд зааснаар улс төрийн нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчилж үндэсний хэмжээний бодлого дэвшүүлэн, ил тод, хариуцлагатай ажиллах чиг үүргийг хүлээх болсон. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд дотоод ззохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж намын дүрэм хөтөлбөрөө илүү өргөн хүрээгээр тодорхойлж үндэсний хэмжээний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцон ажиллахад чиглүүлэх шаардлага үүссэн гэлээ.
Энэхүү шаардлагыг харгалзан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн хугацаа тогтоосон зохицуулалтыг хуульчилсан. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны 06 дугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр УИХ, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаа дуустал намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсан хэмээн тэрбээр тодотгов.
Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 37 нам байгаагаас 22 нь 2024 оны УИХ-ын сонгуульд, 12 нь орон нутгийн сонгуульд тус тус оролцжээ. Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан. Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ. Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлоод, гэвч энэхүү шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа УИХ-д суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3-д заасан нөхцөлийг хангаагүй намуудын боломж хязгаарлагдмал байна хэмээн танилцуулав. Улс төрийн намын дүрэм хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон УИХ-д суудал бүхий улс төрийн намуудад хандан, Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал, шаардлагыг ирүүлсэн байна. Тиймээс улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах Үндсэн хуулийн суурь зарчим, жендэрийн тэгш байдал, гишүүдийн оролцоог хангах хуулийн шаардлагад нийцүүлэн намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нэг мөр цогц байдлаар шинэчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Улс төрийн намын тухай хуулийн зөвхөн 2 дугаар зүйлд заасан өөрчлөлт буюу дүрэм, хөтөлбөртэй холбогдсон зохицуулалтыг тодорхой хугацаанд хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг сайд Н.Учрал тодотголоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд дээр дурдсан хугацааг хэлэлцүүлгийн явцад ярилцан тогтох нь зүйтэй хэмээсэн.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
