Үзэл бодол
Б.Эрдэнэзаяа: “Asian Cup” тэмцээний өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой
Уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн дасгалжуулагч Б.Эрдэнэзаяатай ярилцлаа. Тэрбээр Уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын II зэрэгтэй шүүгч, Азийн гимнастикийн холбоонд уран сайхны гимнастикийн техникийн хорооны сонгуульт ажилтай.
-Удахгүй уран сайхны гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар хоёр жилийн өмнөөс төлөвлөж, клубийнхээ эцэг эхийн зөвлөлтэй зохион байгуулах хороо болж ажиллаад явж байна. Монголд 1000 гаруй хүүхэд энэ спортоор хичээллэж, 300 гаруй хүүхэд тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна. Энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн ердөө 10 хувь нь буюу 30-аад хүүхэд жилдээ ганц удаа хувиасаа зардлаа гаргаж олон улсын тэмцээнд оролцдог. Бусад нь хэдий ур чадвартай ч санхүүгийн байдлаас шалтгаалж олон улсын тэмцээнд оролцох боломжгүй байдаг. Энэ статистик үзүүлэлтээс шалтгаалаад зөвхөн мандатын мөнгөө төлөөд эх орондоо олон улсын тэмцээнд оролцох боломж олгохыг зорьсон.
ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн. Энэ сарын 27, 28-нд Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөж аваргаа шалгаруулна. Мөн өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд финалын тэмцээн хагас сайн өдөр 15:00-16:00 цагийн хооронд үргэлжилнэ. Улсаас болон засгийн газраас ямар нэгэн дэмжлэггүй зохион байгуулагдаж байгаа. Олон улсын тэмцээнийг хүүхдүүдэд маань авчрахад гол дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууддаа маш их баярлалаа.
-Гимнастикийн олон төрөл байдаг. Энэ дотроос уран сайхны гимнастикийн онцлог нь юу вэ?
-Гимнастик бол маш олон төрөлтэй спорт. Спортын, уран сайхны гимнастик, аэробик, нийтийн гимнастик гээд олон төрлийг багтаадаг. Харин уран сайхны гимнастик нь олимпын спорт бөгөөд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог.
Мөн уран сайхны гимнастикийн үндсэн суурь нь балет байдаг. Тамирчид маань уран нугаралтын жүжигчид шиг маш уян хатан байх ёстой. Мэргэжлийн бүжигчид шиг олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг хийж чаддаг байх ёстой. Мөн циркийн бүжигчид шиг цагираг, бөмбөг булаах чадвартай байх. Туузыг шидэх, өнхрүүлэх, ойлгох зэрэг олон төрлийн ур чадвар шаарддаг учраас яг л циркийн бүжигчид шиг байна. Үүнээс гадна нүүрний хувирал эмоциороо оноо авдаг. Тиймээс жүжигчид шиг жүжиглэх зэрэг олон төрлийн цогц нийлбэр болсон спорт юм.
-Уян хатан, уян налархай байснаар хүн урт насалдаг гэдэг…?
-Сүүлийн үед хүмүүс энэ спортын ач холбогдлыг ойлгож эхэлж байна. Уян хатан байдал хамгийн чухал. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Уян хатан чанар 12 нас хүртэл хөгждөг. Энэ чанарыг хурдтай сайжруулъя, мэргэжлийн тамирчин болохыг хүсвэл бага байхад нь суралцах хэрэгтэй гэсэн үг юм. Уян чанар ялангуяа тулгуур эрхтэн тогтолцоонд чухал ач холбогдолтой. Уян чанартай хүн бэртэж гэмтэл авах эрсдэл бага байдаг. Ер нь уян байна гэдэг эрүүл байна гэсэн үг л дээ.
-Бага наснаасаа энэ төрлийн спортоор хичээллэхийн давуу талыг тайлбарлавал?
-Уран гимнастик гэлтгүй спортоор хичээллэхийн давуу тал нь хүүхэд бага байхдаа аливаа зүйлийг хурдан сурч насан туршид нь үлддэг. Тэр сууриар ачаалал даах чадвар, цаг баримтлах гээд чадвар эзэмшинэ. Тухайн хүний суурь хүмүүжилд үзүүлэх нөлөө их байна гэсэн үг юм. Багаасаа энэ спортоор хичээллэснээр хөдөлгөөний эвсэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй, зөв тэгш бие галбиртай хүн болж хөгжинө.
Багаасаа хичээллэж байгаа учир багийн болон ганцаарчилсан байдлаар явна. Багийн төрлөөр хичээллэж байгаа хүүхэд хүмүүстэй харьцаж сурдаг. Өөрийнхөө төлөө бус бусад гишүүдийнхээ төлөө бэлтгэлээ хийж, бие биеийнхээ шүүмжийг уурлахгүй хүлээж авах чадварт суралцдаг.
-Манай улсын гимнастикийн “школ” ямар байдаг вэ. Олон улсад ямар байдаг талаар ярихгүй юу?
-Анх ОХУ-аас дасгалжуулагч багш ирж уран сайхны гимнастикийн суурийг тавьсан. Тэр ч утгаараа Зүүн Өмнөд Азийн орнуудаас суурь хөгжил сайтай байдаг. Энэ жил хоёр дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авсан. Бид 2018 онд Азийн аваргад шилдэг 15 финалд шалгарсан. 2019 онд шилдэг найм, 2022 оны Азийн аваргад дөрөвдүгээрт байрт шалгарч амжилтаа ахиулсаар байна.
-“Asian cup-2023” тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн гаргасан амжилтаас дурдвал..?
-2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулж байсан. Энэ үед монголчууд ганцаарчилсан болон багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ удаа бид өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой.
-Өмнө нь Монголд уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн зохиогдож байв уу?
-Анх 2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохиогдож түүнийгээ хоёр жил тутам тогтмол зохион байгуулаад явах байсан ч ковидын улмаас чадаагүй. Энэ жил үргэлжлүүлэн дараагийн цуврал тэмцээнээ хийж байна. Үүнээс гадна “Mongolia open” тэмцээн болж байсан.
-Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийг харахад ихэнх нь бага насныхан байна. Хүүхдүүд гэхээс илүү эцэг эхчүүдтэй нь хамтарч ажиллах байх. Бэлтгэлийн явц хэр байгаа вэ. Мөн хооллолтын талаар ярихгүй юу?
-60-70 орчим хувь нь 13-аас доош насныхан байдаг. Тиймээс хүүхдүүдээ тогтмол бэлтгэлд нь явуулахад гэр бүлийнхний оролцоо маш их. Манай клубийн зүгээс хооллолт дээр нарийн зөвлөгөө өгдөггүй. Чихэр, печениэс илүү хамгийн гол нь хоолоо сайн ид гэдэг л зөвлөгөө өгдөг. Заавал жимс, ногоо ид гэдэггүй. Гэртээ хоолоо сайн ид. Усаа сайн уу. Чихэр, печень, өнгө оруулагчтай жүүс, газтай ундаа бүү уу гэж захидаг.
-Манай улсад уран сайхны гимнастикаар тогтмол хичээллэх орчин нөхцөл хэр байдаг вэ?
-Монголд уран сайхны гимнастикийн спортод зориулсан мэргэжлийн заал, талбай, бэлтгэл хийх заал байдаггүй. Энэ спортын онцлог нь хэрэглэлээ дээш нь аль болох өндөр шидээд тэр хугацаанд олон зүйл хийж амжсаны дараа барьж авбал илүү өндөр оноо авдаг.
Бидэнд аль болох өндөр тааз хэрэгтэй. Өндөр таазанд бэлтгэл хийснээр хэрэглэлээ илүү өндөр шиднэ. Тиймээс доод тал нь 15 метр өндөртэй таазтай зааланд бэлтгэх хийх шаардлагатай болдог. Мэргэжлийн зааланд бэлтгэл хийж амжилгүй Ази, Дэлхийн аваргын тэмцээнд оролцдог. Тэнд очихоороо бэлтгэлгүй учраас хэрэглэлийн шидэлтийн хувьд бусад тамирчдаас намхан шиддэг. Үүнээсээ болж оноо алддаг сул тал бий. Бусдаар манай тамирчид олон улсын тэмцээнд дутагдахааргүй оролцож чадахаар чадвартай.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2024/10/18
Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа
-
Цаг үе2023/12/12
Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье!
-
Улстөр нийгэм2021/04/19
“Цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд Увс аймгаас ирж о...
-
Цаг үе2026/04/20
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
