Үзэл бодол
Шадар сайд С.Амарсайхан Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд, Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн дарга С.Амарсайхан өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээлэл өглөө.
Монголын Улаан Загалмайн нийгэмлэг цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах болон Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээ авах чадамжийг дээшлүүлж сайн дурын идэвхтэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Цар тахлын үед эрүүл мэнд, онцгой байдлын албанд хандив тусламжийн шугамаар техник тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгалын бодис олгож буйгаас гадна сайн дурын идэвхтэнүүдийг бэлтгэж бүх аймаг, дүүргийн Онцгой Комиссын Шуурхай Штабт дэмжлэг үзүүлж байгаа аж.
Өнгөрсөн жил 600 сайн дурын идэвхтэн бэлтгэн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих, хүмүүнлэгийн тусламжийн багцыг түгээх болон коронавирусын үед иргэдэд зөв мэдээ мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажилласан бол өдгөө 400 сайн дурын ажилтан вакцинжуулалт, халдварын ойрын болон дам хавьтлын судалгаа хийж, цугласан мэдээллийг нэгдсэн санд бүртгэн, ХӨСҮТ-ийн Тархвар судлалын албанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

2019-2021 онд МУЗН байгалийн гамшигт өртсөн 7,750 өрхийн 27,000 гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ хороо, дүүргээс айл өрх бүрийн нарийн судалгааг гаргуулдаг бөгөөд эргээд төсөл хөтөлбөрийн үр дүнг тооцоолсон үнэлгээг улирал тутам гаргадаг аж. Цаашид онцгой байдлын үед ажиллах 1800 сайн дурын идэвхтэнг бэлтгэж, төр засгаас хэрэгжүүлж буй хөтөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэн хамтын зүтгэлээр гар нэгдэн ажиллахаа Н.Болормаа дарга илэрхийлэв.
Цар тахлын амаргүй цаг үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг дэмжиж, иргэд олон нийтийг манлайлан хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж буй Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хамт олонд Шадар сайд талархал илэрхийлээд, гамшгийн үед төр засгийн бодлого шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэхэд сайн дурын идэвхтнүүд чухал үүрэгтэй учраас онцгой үеийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа нь нийгмийн чухал нөлөөтэй ажил гэдгийг онцоллоо.

Цаашид Үндэсний нийгэмлэгийн нөөц чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх бааз суурийг өргөжүүлэн олон улсын түвшинд хүргэхэд Шадар сайдын зүгээс шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх болно хэмээлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
