Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр хэлэлцлээ

Огноо:

,

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэг “Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо.

Тус сэдвийн чиглүүлэгч Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай үндсэн илтгэгч болон панелистуудыг танилцуулав. 

Үндсэн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцууллаа. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн талаарх илтгэлдээ жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр хэрэгжүүлснийг тэрбээр онцолсон. Мөн хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцох оролцоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад буурсан талаар, эмэгтэйчүүдийн бизнест санхүүжилт бага хэмжээтэй өгдөг тухай тоо баримтаар хөндөхийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан онцлог зохицуулалтуудаас дурдлаа.  

Дараа нь панелист, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг илтгэлдээ аливаа асуудлаар нэг хүйсийг чухалчлан авч үзэх нь өрөөсгөл гэж үзэх хүмүүс байдаг. Гэтэл тусгайлан анхаарал хандуулах шаардлагатай асуудал бий. Ар гэрийн ажил, үр хүүхдээ өсгөх гээд их ачааг үүрдэг эмэгтэйчүүдийг бизнесийн орчинд амжилт гаргахад нь тусгайлан анхаарал хандуулахаас аргагүй. Тиймээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зайлшгүй юм хэмээн тэмдэглэв.

Панелист, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, “OnBoard” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Наоми Коши илтгэлдээ Япон Улсад жендэрийн тэгш байдлын хувьд даван туулах ёстой хоёр саад байдгийг тэмдэглэв. Тухайлбал, эмэгтэйчүүд ажил хийх, мөн эрэгтэйчүүдтэй адилхан ажил хийснийхээ төлөө ижил хэмжээний цалин авах ёсой гэсэн хоёр саадыг арилгах чиглэлээр хотын даргаар ажиллаж байх үедээ хийсэн ажлын шийдэл, туршлага дээрээ тулгуурлан илтгэлээ танилцууллаа.

Панелист, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны коллежийн Эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Юна Ли илтгэлдээ жендерийн тэгш байдлыг хангахын төлөө БНСУ санаачлагатай ажиллаж ирсэн ч тулгамдсан асуудлууд байдгийг тэмдэглээд ажлын цаг жендэрийн тэгш байдал болон хөдөлмөрийн зах зээлийн аль алинд нь яагаад ач холбогдолтой асуудал байдаг талаар танилцууллаа. Эмэгтэйчүүд гэр орондоо зарцуулах цаг хугацаа харьцангуй өндөр учир ажил, ар гэрийг тэнцвэртэйгээр зохицуулна гэдэг тэдэнд тулгамдсан асуудал болдог. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан хагас цагийн ажил, мөн ажлын цагийн уян хатан зохицуулалт шаардлагатай. Эс хийвээс жендэрийн ялгаа, өрөөсгөл байдлыг улам даамжруулах болно хэмээн онцоллоо.   

Панелист, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер уул уурхайн салбарт 25 жил ажиллаж буйгаа дурдаад, жендэрийн тэгш байдал бол эдлэх ёстой эрх юм гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгох ёстой. Үүнийг уул уурхайн салбар маш хурцаар мэдрүүлдэг. Өнөөдөр манай компанийн ажилтнуудын 20 гаруй хувь нь эмэгтэйчүүд. 2030 он ба түүнээс цааш энэ хувийг 50-иас доошгүй хувьд аваачих зорилттой байна. Энэ бол бодитой зорилт. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр өсөлт дэвшилтийг авч ирэх болно хэмээн илтгэлдээ онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.

Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.

У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.

Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.

Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 57 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе19 цаг 8 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ19 цаг 58 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм20 цаг 15 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм20 цаг 21 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм20 цаг 31 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе20 цаг 35 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе20 цаг 41 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох