Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

ДАШТ-ээс медаль хүртсэн боксчдыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хос медальтай ирсэн. Тухайлбал, 48 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн билээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тамирчдыг МҮОХ-ны "Алтан Очир" одон, мөнгөн шагналаар, дасгалжуулагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.   

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Еркин, тамирчдын сэтгэлзүйч Б.Золзаяа нар байлцав.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр амжилт гаргасан тамирчдад баяр хүргэхийн зэрэгцээ дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэв. Мөн эмэгтэй тамирчдаа дэмжиж, ивээн тэтгэх байгууллага олж өгөх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр энэ жилийн ДАШТ-ий шагналын сан өндөр байсан болохоор шилдэг тамирчид бүгд ирснийг онцолж, олимпын эрх олгох чухал тэмцээнүүд манай тамирчдыг хүлээж байгааг хэлэв.

ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн Л.Алтанцэцэг “Миний хувьд тав дахь ДАШТ-дээ оролцоод медаль авлаа. Өмнө нь 2016 онд медалийн төлөө өрсөлдөөд ялагдаж байсан. Тэр үеэс хойш дэлхийгээс медаль авах боломжтой юм байна гэдгээ мэдэрсэн. Одоо биднийг Азийн наадам гэсэн маш чухал тэмцээн хүлээж байна. Энэ тэмцээнээс Парисын олимпын эрх олгоно. Азийн наадамд амжилттай оролцож, олимпын эрхээ авахыг хүсэж байна” гэв.

Түүнчлэн хүрэл медалийн эзэн М.Энхжаргал “Би анхны ДАШТ-дээ ороод медаль хүртсэндээ маш их баяртай байна. ДАШТ-ий бэлтгэлд гараад байхад медаль их л ойрхон юм шиг санагдаад байсан. Анхны тулаануудаа хийгээд эхлэхээр надад боломж байгаа гэдэгт улам итгэлтэй болсон. Одоо ингээд дэлхийн медальт тамирчин болсон учраас цаашаа илүү хичээх ёстой гэдгээ ойлгож байгаа” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Огноо:

,

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
 
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
 
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
 
Дараагийн барилдаан 2023 оны 12 дугаар сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монголын өсвөр бөхчүүдтэй барилдахаар хүрэлцэн ирлээ.
 
Хоёр улсын хүүхдийн багийн халз барилдаан 2023 оны 11-р сарын 19-ний Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны дараа болно.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Бямба гарагт хүчит 128 бөх барилдана

Огноо:

,

“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаан 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагийн 11:00 цагт болох аж.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох