Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

П.Эрдэнэтуяа: Худалдаанд гаргасан дурсгалын зоосыг дахин үйлдвэрлэдэггүй тул үнэт цуглуулга болж чаддаг

Огноо:

,

Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос гаргадаг. Энэхүү дурсгалын зоосыг гаргаж байгаа гол зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Монголбанкны дурсгалын зоос 50 гаруй жилийн түүхтэй. Анх БНМАУ-ын Улсын банк 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж байсан. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монголбанк нь үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 2021 оны байдлаар нийт 634 төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоосыг үйлдвэрлүүлсэн байна. Энэ нь зоос цуглуулагч, сонирхогч иргэдэд үнэт цуглуулга, бэлэг дурсгалын зүйл болж чаддаг болов уу. Дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг, чимэглэл, загвар, бичвэр, металл, технологиороо хоорондоо ялгаатай.

-Дурсгалын зоос гаргахад ямар үйл явц өрнөдөг вэ. Дурсгалын зоосны загвар дизайныг хэрхэн гаргадаг вэ?

-Нэн тэргүүнд тухайн жилд гаргах дурсгалын зоосны сэдвээ буюу ямар цувралыг шинээр эхлүүлэх, ямар цувралыг үргэлжлүүлэх вэ гэдгээ жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгадаг. Тухайлбал, 12 жилийн зоос бол жил бүр гардаг. Мөн онцгой чухал үйл явдлууд, олон улсын харилцааны тэмдэглэлт ой, алдартай, түүхэн хүмүүсийн цувралын зооснуудыг нэн тэргүүнд төлөвлөгөөндөө тусгаж батлуулдаг. Монголбанкны Эрдэнэсийн сангаас өнгөрсөн онд “Ардын хувьсгалын 100 жил” дурсгалын зоосыг гаргаж байсан бол энэ онд олон улсын харилцааны тэмдэглэлт ойн хүрээнд “Монгол-Япон”, “Монгол-Австрали” дурсгалын ялтсан мөнгөн тэмдэгтийг гаргалаа. Түүнчлэн алдартай түүхэн хүмүүсийн цувралын хүрээнд “Махатма Ганди” зэрэг зоосыг гаргаж байсан.

/”Монгол Улс-Япон Улс” дурсгалын ялтсан мөнгөн зоос – 2022 он/

/”Монгол Улс- Австралийн холбооны улс” дурсгалын ялтсан мөнгөн зоос – 2022 он/

Ингээд жилийн ажлын төлөвлөгөө батлагдсаны дараа зоосны загварыг гаргах, танилцуулах, зөвшөөрөл өгөх зэрэг ажлууд хийгдэнэ. Дурсгалын зоосны загварыг захиалагчаас авч, санал тусган үйлдвэрлэгч байгууллагад хүргүүлдэг бөгөөд эцсийн загварыг баталдаг. Ингээд эцсийн байдлаар батлагдсан загвараар үйлдвэрлэгч компани дээр үйлдвэрлүүлнэ. Түүнчлэн цуврал зоосон дээр уран зураач, эсвэл гэрэл зурагчидтай хамтран ажиллаж, загварыг гаргах нь бий. Анх 1971 онд гарсан “Ардын хувьсгал 50 жил”, 1974 онд гарсан “Үндэсний банкны 50 жилийн ой” зэрэг дурсгалын зоосны загварыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Цэрэнпил зурсан. Үүнээс хойш техник, технологи, уран бүтээлчдийн чадвар улам хөгжиж, зоос үйлдвэрлэх технологи, загвар, ур хийц эрс сайжран олон улсад өрсөлдөхүйц болж байна.

-Дурсгалын зоос болон Франчайз зоосны ялгаа юу вэ?

-Дурсгалын зоос нь Монголбанкнаас санаачлан гаргаж байгаа зооснууд юм. Харин франчайз зоос нь Монголбанкнаас тухайн сэдвийн хүрээнд зөвшөөрөл авч, Монголбанкны нэр, бэлгэдлийг багтаасан зооснуудыг хэлдэг. Тухайлбал, 2021 онд Монгол Улсын “Цагаан уул” франчайз зоос, “Veliciraptor” зоосууд олон улсын шилдэг зоос шалгаруулах уралдаанд шилдгээр шалгарч байсан. Мөн хамгийн сүүлд гэвэл туулай жилийн франчайз зоос алт, мөнгө, ялтсан мөнгөн зоос гэсэн гурван төрлөөр гарсан байгаа. Франчайз зоос нь борлуулалтаасаа Монголбанканд рояалти төлдөг. Манай дурсгалын зоос олон улсын дурсгалын зоосны уралдаан, дэлхийн зоосны үзэсгэлэнд удаа дараа шилдэг зоосны шагналыг хүртэж байсан.

/“Туулай жил” франчайз зоос – 2022 он/

-Дурсгалын зоосоо хаана хийлгэдэг вэ?

-Монголбанкны анхны дурсгалын зоосыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад үйлдвэрлүүлсэн. Түүнээс хойш “Зоос гоёл” ХК болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточү” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд Лихтенштейн улсын “Койн инвест траст” компанитай хамтран ажиллаж, дурсгалын зоосыг ХБНГУ-д үйлдвэрлүүлж байгаа. Олон улсад нэр хүндтэй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигладаг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайтай компанитай хамтран ажилласнаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн дурсгалын зоосны үйл ажиллагаа улам өргөжиж байна.

-Дурсгалын зоосыг иргэд, олон нийт хэрхэн худалдан авах вэ?

-Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны мэдээллийг www.coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой. Энд тухайн зоосны жин, хэмжээ, металл, үнийн мэдээлэл нь тодорхой бичигдсэн байдаг. Мөн төлбөр төлөх дансны мэдээлэл, зааварчилгаа ч бий. Тэгэхээр төлбөрөө төлсний дараа худалдан авагч Монголбанкны Эрдэнэсийн сан дээр өөрийн биеэр ирж, зоосоо авна. Эрдэнэсийн сангийн хувьд Эрдэнэсийн сангийн танхим, Дурсгалын зоосны танхим, Мөнгөн тэмдэгтийн танхимыг олон нийтэд нээлттэй үзүүлдэг. Эндээс зоосны болон төлбөрийн хэрэгслийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Зарим нэр төрлийн дурсгалын зоос дууссан байсан. Монголбанкнаас дахин үйлдвэрлэх үү?

-Худалдаанд гарсан дурсгалын зоос дууссан нөхцөлд дахин үйлдвэрлэдэггүй. Ийм ч учраас зоос цуглуулагч нарын хувьд ховорт тооцогддог. Харин тухайн зоосны цуврал нь үргэлжилнэ. Цөөн тоогоор, үнэт металлаар үйлдвэрлүүлсэн зоос эрэлт ихтэй байдаг. Жишээ нь, саяхан гарсан “Данзангийн 1 доллар” ялтсан мөнгөн дэвсгэртийн цуврал нь 2023 онд үргэлжилж гарна.

“Данзангийн 1 доллар” ялтсан мөнгөн зоос – 2022 он

Ингэснээр уг зоос нь иж бүрэн цуглуулга болох юм. Данзангийн доллар нь өөрөө 50 цент, 1 доллар, 3 доллар, 5 доллар, 10 доллар, 25 доллар гээд нийт 6 ширхгээр нэг иж бүрдэл болох юм.

-Монголбанк өнгөрсөн хугацаанд хэчнээн нэр төрлийн хэдэн ширхэг зоосыг худалдсан бэ?

-Монголбанкнаас дурсгалын зоосны 50 жилийн ой буюу 2021 оны эцсийн байдлаар 634 төрлийн дурсгалын зоос гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар  663 төрлийн дурсгалын зоос худалдаанд гаргасан байна. Дурсгалын зоос нь түүхэн үйл явдал, түүхэн хүмүүс, олимп ба спорт, ан амьтан, он тоолол, од гараг гэх зэрэг сэдвээр цуврал болж, алт, мөнгө, зэс болон бусад металлаар хийгддэг. Түүнчлэн Монголбанкнаас дурсгалын зоос эрхлэн гаргасны 50 жилийг ойд зориулан “Монгол Улсын дурсгалын зоос 1971-2021” каталоги худалдаанд гаргасан. Уг каталогид дурсгалын зоосны он дараалал, зоосны мэдээллийг эрэмбэлэн дугаарлаж оруулснаар дурсгалын зоос сонирхогч, судлан цуглуулагч нарт ач холбогдолтой ном болсон юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монгол банк

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Ашгийн бус байгууллагуудын анхааралд!

Огноо:

,

Дэлхий даяар терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн нийт тохиолдлын 11 хувьд нь ашгийн бус байгууллагыг ашиглажээ.

Хэдийгээр Монгол Улс терроризм, терроризмыг санхүүжүүлэх үйлдэлд өртөх эрсдэл бага ч энэ төрлийн үйлдэлд өртөхгүй байх, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын стандарт, шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээдэг.

Үүний нэг нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийн Зөвлөмж 8 буюу Ашгийн бус байгууллагатай холбоотой зөвлөмжийн шаардлагыг хангах, уг зөвлөмжийн үнэлгээг сайжруулах, эрсдэлээс хамгаалах хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэг юм.

Дээрх үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улс ашгийн бус байгууллагыг буруу зорилгоор ашиглагдахаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг бууруулах хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн ашгийн бус байгууллагууд өөрсдийгөө энэ төрлийн эрсдэлд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж хэвших нь нэн чухал юм. 

Иймд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ашгийн бус байгууллагууд төлбөр тооцоо хийх, банк, санхүүгийн үйлчилгээ авахдаа зохицуулалттай этгээдээр дамжуулах, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс татгалзах, шаардлагатай тохиолдолд төлбөр тооцоотой холбоотой ил тод байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. 

Ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сайн туршлагын талаарх гарын авлагатай энд дарж танилцаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу. 

МОНГОЛБАНК
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог жишиг бий болж байна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод болгох ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нийт 71 ажлын байранд давхардалгүй тоогоор 2,955 иргэн анкетаа ирүүлсэн.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан 2,407 иргэн сорилын шалгалт өгч байна. Шалгалт хоёр өдөр үргэлжилж, ажлын байр тус бүрд тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх хүнээс ярилцлага авах юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, чадварлаг баг бүрдүүлэхэд анхаарч байна. “Эрдэнэс Монгол” ХХК-иас эхлэн шинэ жишиг тогтоож, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийх боломж бүрдүүллээ. Цаашид төрийн өмчит компаниудад ямар нэг хүнд суртал, улс төрийн нөлөөллөөр ажилд ордог биш шударга, ил тод сонгон шалгаруулалт явуулдаг журам гаргах болно” гэдгийг онцлон хэллээ.

Тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системээр зохион байгуулж буй бөгөөд тус систем нь Тагнуулын Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаар баталгаажжээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагддаг. Иймд компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах, охин компаниудын засаглал, менежментийг сайжруулж, хүний нөөц, худалдан авалтын бодлогыг нэгдсэн байдлаар явуулахыг зорьж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй

Огноо:

,

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан тус санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2023.01.25) хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн, доктор О.Мөнхсайхан, Үндэсний Статистикийн газрын Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд нар оролцлоо.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ, “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн дагуу хоёр үе шаттай явагдах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болно гэлээ. Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг боловсруулах чиг үүрэг хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлд байгааг дурдаад, тус Зөвлөл Улсын Их Хурлын 80 дугаар тогтоолын дагуу нэгдүгээр сарын 04, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлээд байгааг мэдээлэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Монгол Улсын Үндсэн хуулийг шинээр батлах, эс бөгөөс дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Зөвлөлдөх санал асуулгын асуултанд хэрхэн туссаныг сонирхож байлаа. Үүнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, эрдэм шинжилгээний хурал болон үндэсний чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван янзаар буюу 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцэт хэрэгжүүлэх, тодорхой нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд дахин оруулах, шинэ Үндсэн хууль батлах гэсэн хувилбаруудаар хөндөгдсөн байсан тул бид хэлэлцэж, асуудлын томъёоллыг олон талаар ярилцсаны эцэст “шинэчлэн найруулах” гэсэн агуулга бүхий нэг л асуулт орж байгаа гэсэн юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, доктор О.Мөнхсайхан, асуултуудын боловсруулахдаа бид Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, холбгдох бусад хуулийн зохицуулалтын хүрээнд ажилласан хэмээгээд Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай асуудал огт байхгүйг онцлон дурдлаа.

Мөн сэтгүүлчид статистикийн мэдээлэл цуглуулах судалгааны санамсаргүй түүврийн аргачлал, эхний шатны санал асуулгад оролцуулах иргэдийн тоог 1570-аар тогтоосны шинжлэх ухааны үндэслэлийг сонирхож байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар энэ талаарх мэдээлэлдээ, орчин үеийн статистик судалгаанд өргөн ашиглагдаж буй санамсаргүй түүврийн аргачлалыг Зөвлөлдөх санал асуулгад хэрэглэхээр Статистикийн Үндэсний хороо баталсан бөгөөд энэ аргачлалыг ашиглаж засаг захиргааны нэгжид суурилсан бүлэглэх аргаар сонгох 1570 хүн Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт хүн ам, мөн хүн амын бүхий л бүлгийг төлөөлөх боломжтойг тайлбарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцас хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох