Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусын шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна.

Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна. Иймд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.

Шинэ сэргэлтийн бодлого нь хөгжлийг хязгаарлагч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэхэд оршино.

Тогтоолын төсөл нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах замаар эдийн засгийн суурийг тэлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн  төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хуралд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн  төслийн жагсаалт гэсэн нийт таван хавсралттай байна.

Баримт бичгийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээг тодорхойлохдоо хэрэгжихүйц бөгөөд хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжилтийн цаглабарыг оновчтой тооцсон байх зэрэг төлөвлөлтийн үндсэншалгуурыг баримталснаас гадна зорилтот түвшин, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад ньтооцсон. Экспортыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн суурийг тэлэх, түүнд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх хөрөнгө  оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг тус тус харгалзан үзэж тусгажээ.  

Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаад буй голлох саад бэрхшээлүүд болох санхүүжилт, тендер сонгон шалгаруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, татвар, газар, зөвшөөрөл олгох үйл явц зэргийг оновчтой, шуурхай болгох зорилт, арга хэмжээ туссан.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж цар тахлын сөрөг нөлөөг бууруулснаар Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын зорилтот үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр “Алсын хараа-2050”-ын эхний үе шатад эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 13 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгаралтыг 22 хувиар бууруулна.  

Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Булган аймгийн үхэр бордох аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар Булган аймгийн үхэр бордох аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Үхэр бордох “Занадуразорбак” ХХК нь мал аж ахуй бэлчээрийн менежментийг зохистой хослуулах, Монгол орны цаг агаарын нөхцөлд байдалд нийцсэн газар тариалангийн сайн жишгийг бий болгох зорилгоор 2009 онд үүсгэн байгуулагдсан.
 
Тус аж ахуй нь нэг дор 600 үхэр зэрэг бордох хүчин чадалтай бөгөөд жилдээ 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг байна.
Орон нутгийн 15 орчим хүнийг ажлын байраар хангаж, сумын болон зэргэлдээх аймгийн 120-160 малчин өрхтэй хамтран ажиллаж стейк болон өвлийн үдэш зэрэг үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
 
Сүүлийн гурван жилийн байдлаар жилдээ дунджаар 70 мянган тонн орчим махыг зах зээлд нийлүүлжээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Шинэ сэргэлт- Ахмадын оролцоо" үндэсний чуулган зохион байгуулагдлаа

Огноо:

,

Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баяр болгон тэмдэглэж ирсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилгоор "Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо"' үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
 
Монгол Улсын өнцөг булан бүрээс 800 ахмад оролцсон чуулганыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, "Шинэ сэргэлт реформ" илтгэл танилцуулсан. Монгол Улсад 364,6 мянган ахмад настан амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 10,6 хувь байгаа бөгөөд 2050 онд 19,4 хувь болж өснө.
 
Иймд Засгийн газрын ахмад настны талаарх бодлого, арга хэмжээ насжилтад бэлтгэх, насжилтаас үүдэн бий болох үр дагаврыг шийдвэрлэхэд чиглэж байна гэж ХНХЯ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

Огноо:

,

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
 
Шинээр батлагдсан хуулиар өмнөх хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг тусгасан. Мөн төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, аюултай бүс, зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тусгаж, төмөр замын суурь бүтцийн зураг төсөл, барилгын ажил, суурь бүтцийг ашиглалтад оруулах талаар тодорхой тусгасан юм.
 
Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлнэ гэж заасан. Түүнчлэн төмөр замын тээвэрлэгчийн эрх, үүргийг нэмэгдүүлж, тээвэрлэгч нь өөрийн гэсэн хөдлөх бүрэлдэхүүнтэй байх, өөрийн зүтгүүргүй тохиолдолд зүтгүүрээр үйлчлүүлэх гэрээ байгуулсан байх, мөн суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулсан байх зэрэг шаардлагыг тодорхой болгосон юм.
 
Үүний хүрээнд өнөөдөр /2023.09.28/ Зам, тээврийн хөгжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ, "Таван толгой төмөр зам" ХХК хамтран "Төмөр замын тээврийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж, уг хуулийг шинэчлэн боловсруулах хууль зүйн болон практик үндэслэлийн талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын шинжээч Ц.Наранчимэг “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хууль зүйн ач холбогдол, онцлох зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулав.
 
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Санал болгох