Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ТЦА: Халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох вэ

Огноо:

,

Замын нөхцөл байдал нь автомашины ашиглалтад төдийгүй, жолоочийн бие, сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Эвдрэл, тэгш биш байдал, дэржигнүүр, өгсүүр, уруу, халтиргаа зэрэг янз бүрийн  хүндрэлтэй нөхцлүүд нь замын хөдөлгөөнийг үнэлж дүгнэхэд хүндрэл учруулаад зогсохгүй жолоочийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй. Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулж улмаар аюулд хүргэж болдгийг Герман улсын эрдэмтэн Дитер Клебельсберг нотолсон байна.

Нэг жилд гарч байгаа зам тээврийн ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай нөхцлөөс үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзжээ. Халтиргаатай нөхцөлд автомашины тоормосны зам 3-4 дахин ихэсч, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ цагийн хурдтай явж байсан автомашины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг ажээ. Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад автомашин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай.

Замын халтиргаатай хэсэгт авцуулах холбоо салгаж огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Автомашины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүр өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгал руу шахаж оруулах юмуу замаас гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Автомашины шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг. Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормос хэрэггүй гэж хэлэхэд болно. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй, автомашин чигээ өөрчлөхгүй гулсана. Үүнийг тайлбарлах маш энгийн жишээ бол мөсөн дээр гулгах. Хөлийн тавхайн байрлалаас хамаарч гулсах чиг өөрчлөгддөггүй. Тоормос гишгэсэн үед автомашины гулсах хөдөлгөөн яг үүнтэй адил юм. Харин тоормос гишгэхээ болих үед дугуй эргэх хөдөлгөөнд орох тул жолооны хүрдний байрлалаас хамаарч автомашины чиг өөрчлөгдөнө.

Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэх нь бас нэг бэрхшээл юм. Энэ бэрхшээлийг давахын тулд бага зэрэг “Онолдох” шаардлага гарч байна. Автомашиныг хөдөлгөхөд зүтгэх хүчний хэмжээ нь дугуйн дороос тулах хүч, барьцалтын коэффициент хоёрын үржвэрээс их байх, зогсох үед зүтгэх хүч нь барьцалтын хүчнээс бага байх шаардлагатай. Энэ харьцаа алдагдвал автомашин шарвах буюу дороо хий эргэдэг. Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэхэд хамгийн гол нь “Хөдөлгүүр-авцуулах холбоо-дугуй-зам” гэсэн системд хий эргэх нөхцөл бүрдүүлэхгүй байх явдал. Ингэхийн тулд авцуулах холбоог яг залгагдах агшинд /үрэлтийн момент нь эсэргүүцлийн моменттой тэнцэх үе/ түүний дөрөөг аажмаар авах буюу холимгийн дөрөөг үл ялих буцаах шаардлагатай. Мөн араа хүндрэх тусам дугуйн эргэлтийн момент их байх тул туршлагатай жолооч аль болох хөнгөн араагаар хөдлөхийг хичээдэг. Дээрх, онолын болон практик аргуудыг эзэмшвэл хир баргийн халтиргаатай замд тевөггүйхэн хөдлөх боломжтой.

Аюулгүй байдал нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учир цоо шинэ дугуйнд ч 100 хувь найдах хэрэггүй. Халтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Замд гарахын өмнө дугуйн хээ, чанар, хийн даралтын хэмжээг шалгаж үзэхэд ер илүүдэхгүй. Чанар муутай, хээ нь элэгдсэн дугуйн барьцалдах чадвар сул байдаг тул аюулд хүргэж болно.

Зам дээр тогтсон усан дээгүүр гарах үед зам дугуй хоёрын хооронд усан давхарга бий болох  тул барьцалтыг ихээхэн хэмжээгээр бууруулна. Энэ үед зам дугуй хоёр шууд харьцахгүй учир гулгасан мөр үүсдэггүй. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн жин бараг нөлөөгүй. Харин усны гүний хэмжээ нь дугуйны хээний гүнээс бага бол дээрх хүндрэл багасдаг.

Зөвхөн урд дугуйнд акваплан үүсэх үед автомашин шулуун чигээ төдийлөн алдаад байдаггүй. Харин хойд дугуйнд акваплан үүсэх тохиолдолд шарвах нөхцөл бий болдог. Энэ нь урд дугуйн хээ хойд дугуйныхаас гүн байх тохиолдолд бий болдог үзэгдэл юм. Иймд дугуйн хээний хэлбэр, хэмжээ бүх дугуйнд ижил байхаас гадна хийн даралт тогтоосон хэмжээнд байх ёстой.

Тоормос бүх дугуйндаа жигд барьж байна уу, автомашин шулуун чигээ хадгалж байна уу, тодорхой зайд зогсож байна уу гэдгийг замд гарахын өмнө зайлшгүй шалгах шаардлагатай. Гэхдээ шалгах орчинд аюулгүй байдал хангагдсан байх ёстой гэдгийг сайтар санаарай. Зарим тохиолдолд замын гадаргуу нь хэвийн мэт харагдах боловч чийг, цан цохисон юмуу бусад шалтгаанаар зорчих хэсэг халтиргаатай болсон байж болно. Учир нь зам зөвхөн цас, мөсөөр хучигдсанаар халтиргаатай болчихдоггүй. Зам дээр навч унах, шингэн асгарах зэрэг нь халтиргаа үүсэх нөхцөл болохоос гадна замын температур ч зам дугуй хоёрын барьцалтанд нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зам халтиргаатай байгаа эсэхийг шалгахын тулд заавал автомашинаас буух шаардлагагүй, холимгийн хаалтны дөрөөн дээр огцом гишгээд үз, эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэнгээ тоормос гишгээрэй. Эдгээр үйлдлийг хийхэд автомашин “дуулгавартай” байвал замын нөхцөл хэвийн байна. Харин автомашины дугуй хий эргэх буюу шарваж байвал зам халтиргаатай байгааг анхааруулж байгаа нь тэр. Энэ “туршилтыг" хийхэд орчны аюулгүй байдал туйлын чухал гэдгийг хэлүүлэх юун. Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч аюулгүй байдал үүгээр бүрэн хангагдчихдаггүй нь харамсалтай. Хадаастай дугуйг 1960 онд анх туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, ийм дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ. Мөн ийм дугуйтай автомашины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь зохимжтой гэж үзжээ.

Зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийн эхэнд “Хурд”-ыг онцолж болно. Халтиргаатай замд өндөр хурд их аюул дагуулна. Учир нь тэгш хуурай асфальтан замын барьцалтын коэффициент 0.6-0.8 байдаг бол цастайд 0.2, мөстэйд 0.1 байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  гэж заасан. Гэтэл халтиргаатай замд өндөр хурдтай явснаар тээврийн хэрэгслийг зогсооход цаг хугацааны болон орон зайн боломжгүй болж, замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Хурд хэт бага байх нь орчин үеийн замын хөдөлгөөний шаардлагад төдийлөн нийцээд байдаггүй ч Монгол Улсын нөхцөлд, тэр тусам халтиргаатай замд нэг их муу зүйл биш биз ээ. Ромын зохиолч, улстөрч Плинийн “Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй” гэсэн үг бий.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.

Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.

Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө

Огноо:

,

Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва  “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.

“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:

Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,

Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,

Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,

Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,

Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Огноо:

,

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох