Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хоёр иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал хүртээв.  

 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:

Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан.

Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд;

Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан.

Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулж, экосистемүүдийн хэмжээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэг бий болгон, Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн АНУ-ын иргэн Жак Уэтерфорд болон Академич Д.Доржготов нарын эрдэм номын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.

Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв.

Тэрбээр,

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй байх, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсжээ

Огноо:

,

2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын 26659 иргэнд визийн зөвшөөрөл, 5052 иргэнд виз, Evisa.mn системээр 63 улсын 38291 иргэнд цахим виз тус тус олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хувийн хэргээр оршин сууж буй гадаадын 10234 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 17255 иргэний суух зөвшөөрлийн хугацааг сунгав.

Үүнийг өнгөрсөн 2023 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 21.8 хувь, виз олголт 57.0 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 102.9 хувь, цахим виз олголт 5.7 дахин тус тус өсөж, оршин суух зөвшөөрөл олголт 5.1 хувиар буурчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 206, нийт 221 хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль тогтоомж зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор 2024 онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 62 мянга гаруй гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох