Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хавдрын өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана

Огноо:

,

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, уг өвчнийг даван туулж буй эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, урам зориг өгөх зорилготой “Боломж үргэлж байдаг-3” уулзалт боллоо.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Наран ижий” төрийн бус байгууллага, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн дэмжлэгээр зохион байгуулсан арга хэмжээнд  Нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар, Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн дарга Я.Замбалгарав, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих төвийн албаны дарга С.Гэрэлмаа болон хөхний хорт хавдар өвчинтэй тэмцэж,  ялан дийлж буй эмэгтэйчүүд оролцлоо. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар хүнд өвчинтэйгээ тэмцэж, ялан дийлж буй эмэгтэйчүүдэд ирүүлсэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн мэндчилгээг уламжлав.  Улмаар Нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд 2022 онд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхааран ажиллахаар төлөвлөснийг  танилцуулав. Тэрбээр “Бүх нийтийн эрүүл мэндийг эхэнд тавьж, нийслэл хот бүх шатандаа хамтарч ажиллах ёстой. Аливаа өвчнийг даван туулна гэдэг амаргүй. Гэхдээ бид бүгд хамтарч ажиллавал боломжгүй зүйл гэж үгүй, боломж үргэлж байдаг. Зөвхөн нэг удаа яриад өнгөрөх биш хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд боломжит бүх ажлыг та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болно”  гэлээ.

Харин Нийслэлийн ИТХ дахь  Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Энэ аюулт өвчин хэнд ч ирж болно. Хамгийн гол нь эрт илрүүлж, яаралтай эмчлэх нь чухал.  Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай мега хот. Тиймээс амьдрах орчин, идэж байгаа хүнснээс эхлээд олон хүчин зүйлээс нийгмийн эрүүл мэнд хамаатай болсон. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын хуралдаан болдог энэ танхимд ирсэн та бүхний дуу хоолой нас насанд тохирсон эрт оношлогооны тогтолцоог нийслэл хотод бий болгоход маш чухал” гэв.

Монгол Улсад жилд 6000 орчим хүн хорт хавдар өвчнөөр шинээр оношлогддог бол тэдгээрийн тал нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэр дундаа хөхний хорт хавдраар жилдээ 250 орчим хүн шинээр оношлогдож байгааг Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Я.Замбалгарав хэллээ. Хамгийн гол нь хөхний хорт хавдраар оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 70 хувь нь III, IV шатанд орсон байдаг аж. Тиймээс аль болох эрт илрүүлэх, урьдчилан сэргийлж байхыг эмэгтэйчүүдэд хандан уриалсан юм. Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн шийдвэрээр 8 төрлийн хорт хавдрын  бай эмчилгээг  даатгалд хамруулдаг болсныг дуулгасан юм. Бай эмчилгээ нь хорт хавдрыг эмчлэх олон төрлийн аргаас хамгийн сайн нь буюу тухайн өвчний голомт руу чиглэж, өвчин дахин давтах эрсдэлийг бууруулдгаараа үр дүнтэй.  Дээрх 8 төрлийн хавдрын 4 нь хөхний хорт хавдарт чиглэж байгаа нь энэ эмчилгээ шаардлагатай ч эдийн засгийн боломжоос шалтгаалан орж чаддаггүй байсан эмэгтэйчүүд бүгд хамрагдах боломжтой болжээ. Цаашид дархлааны болон бусад нэр төрлийн эмчилгээг даатгалаар хийлгэх боломжийг бий болгохоор ажиллаж байгааг мөн дуулгасан юм. 

Харин хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүдийг цаашид ч тусалж дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Хорт хавдар хэмээх өвчнийг даван туулж байгаа эмэгтэйчүүдэд Улаанбаатар театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ хүргэсэн юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.  

Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох  шаардлагатай байгааг 2020 оны  коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав

Огноо:

,

Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·   “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·   Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·        Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 2 гишүүн 2024.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·         Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл

·     “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

·     Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·        Бусад

·      Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төсвийн тогтвортой байдлын тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ12 цаг 43 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Цаг үе12 цаг 45 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Цаг үе12 цаг 48 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Урлаг спорт12 цаг 52 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Шударга мэдээ12 цаг 55 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Улстөр нийгэм13 цаг 11 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Цаг үе13 цаг 20 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Улстөр нийгэм13 цаг 26 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Улстөр нийгэм13 цаг 30 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе13 цаг 33 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Санал болгох