Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд Азийн хөгжлийн банк тууштай дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Рамачандран Павит үг хэлж, баяр хүргэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж буй олон улсын байгууллагуудыг төлөөлөн хэлсэн үгэндээ тэрбээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан сүүлийн 30 жилийн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарт томоохон дэмжлэг үзүүлж, нийт 4.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос 120 сая ам.долларыг Ковид-19 цар тахлын эсрэг арга хэмжээнд, мөн 100 сая ам.долларыг энэ онд төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосныг онцолсон юм.

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк 2010 оноос хойш Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд “Энэ хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ орчимд дэд төвүүд байгуулагдаж, хөрөнгө оруулалтын үр дүн гарч байгаад сэтгэл ханамжтай байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Филиппинд төвтэй, Азийн улс орнуудын нийгэм болон эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн хөгжлийн энэхүү банк мөн хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хямд орон сууцыг Улаанбаатар хотод байгуулах, дэлхийн стандартад нийцсэн улсын жишиг эмнэлгүүд байгуулах төслүүдийг санхүүжүүлж буй. Энэ талаар ноён Рамачандран Павит “Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүдийн нэг нь 2021 онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон энэхүү эмнэлэг нь дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ бүхий улсын жишиг эмнэлэг бөгөөд цаашид Хан-Уул, Чингэлтэй дүүрэг төдийгүй бусад аймаг, суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээн тодотголоо.   Эцэст нь, Азийн хөгжлийн банкны зүгээс Улаанбаатар хотод найдвартай, уян хатан, хэмнэлттэй дэд бүтцийг байгуулах чиглэлээр үр дүнтэй төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж, энэ хүрээнд Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд тууштай дэмжлэг үзүүлсээр байх болно гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох