Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Энхбаяр: “Зорилго” бүтээлээ амжилтанд хүрэхийг зорьж буй хэн бүхэнд зориулсан

Огноо:

,

Техникийн ухааны доктор, судлаач Г.Энхбаяртай ярилцлаа. Түүний анхны бүтээл “Зорилго” номын нээлт энэ сарын 15-нд болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн баримтат 10 бүтээлийн жагсаалтад бичигджээ.  

-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулна уу?

-Инженер, судлаач. ШУТИС-ийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, ОХУ-ын Томскийн автомат удирдлагын систем, радио электроникийн улсын их сургуулийг Хүчний электроник, микропроцессорын инженер мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Уурхайн цахилгааны тоног төхөөрөмжийн чиглэлээр Техникийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт цахилгааны засварчнаас ажлын гараагаа эхэлж, тохируулгын инженер, Ерөнхий захиргааны Техникийн хэлтэст тэргүүлэх эрчим зүйч зэрэг ажил хийж байгаад 2017 оноос Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн захирлаар ажиллаж байна.

-Та номын өмнөтгөлдөө “Зорилго бол хувь хүн, багийн амжилтанд хүрэх гайхалтай аялал” гэж тодорхойлсон байсан. “Зорилго” бүтээлээр дамжуулж уншигчдад юу өгүүлэхийг, юу хүргэхийг зорьсон бэ?

– “Зорилго” ном дөрвөн агуулгыг багтаасан бүтээл. Инноваци, энтерпренер, стартап, маркетинг гэж юу юм бэ? Эдгээрийг ажил, амьдралдаа хэрхэн зөв төлөвшүүлж, амжилтанд хүрэх талаар өгүүлэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл, энэ бүтээлээ амжилтанд хүрэхээр зорьж байгаа хэн бүхэнд зориуллаа. 

Хувь хүн, баг үргэлж урагшилж, тасралтгүй хөгжиж, суралцах хэрэгтэй. Гэтэл бидэнд нэг алдаа байдаг. Сайн нөхцөл бүрдэхийг хүлээдэг. Нэг өдөр үр дүн, үр өгөөж өөрөө ирэхийг хүлээдэг. Угтаа хүн өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө бүтээж, хандлагаа зөв төлөвшүүлж байж амжилтанд хүрнэ. Зорилготой хүн боломжийг олж хардаг, боломжийг ярьдаг. Харин зорилгогүй хүн бэрхшээлээс өөр зүйл олж хардаггүй гэдэг шүү дээ.

“Зорилго” ном маань бизнесээ эхлүүлэх гэж байгаа, өөрийгөө хөгжүүлж сурч мэдэхийг хүсч байгаа хүн бүхэнд гарын авлага болж, амжилтанд түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Инженер хүний анхны бүтээл хувь хүн, бизнесийн хөгжлийн тухай ном байгаа нь сонирхол татаж байна л даа. Таныхаар Энтерпренер гэж хэнийг хэлэх вэ?

-Энтерпренер гэж нэг талаасаа зөв хандлагатай, өөрийгөө үргэлж хөгжүүлдэг, тасралтгүй сурч мэдэхийг эрмэлздэг, эрүүл амьдардаг хүн. Нөгөө талаасаа зөвхөн хувь хүн бус багийг, байгууллагыг ч энтрепренер гэж тодорхойлдог. Энэ бүтээлд хүн талаас нь авч үзсэн. Олон улсад хүн өөрийгөө хөгжүүлж, сурч мэдсэнээр 65 нас хүрээд хамгийн сайн чадвар, туршлага хуримтлуулж, 85 настайдаа оюуны хувьд хамгийн оргил амжилтандаа хүрнэ гэж үздэг. Энтерпренер байхад насны зааг ялгаа хамаагүй гэсэн үг.

Хувь хүний хөгжлийн талаар ном бичих болсон нь уншиж судалдагтай маань холбоотой. Судлаачийн хувьд өргөн сэдвээр, янз бүрийн чиглэлээр бичсэн ном, судалгаа, өгүүллүүдийг уншдаг. Тэр үед олон санаа төрнө, түүнийгээ эмхэтгэж хүмүүст хүргэх юмсан гэдэг зорилгоор номоо бичсэн.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.






Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ" гэлээ.

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эмгэнэл

Огноо:

,

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, нөхөж баршгүй хохирол учирлаа.

Ослын уршгаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний баатарлаг үйлсийг Монгол Улсын төр засаг, ард түмэн үеийн үед дурсах болно.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох