Цаг үе
“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум боллоо
“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум Филиппин улсын нийслэл Манила хотноо боллоо. Азийн Хөгжлийн банкнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Олон Улсын хүнс судлалын институт, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа тус форумд Ази тивийн 30 гаруй орны төлөөлөгчид, Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле оролцсон. Форумыг нээж Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао хэлсэн үгэндээ хөгжиж байгаа орнуудад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь чухал бөгөөд тус банкнаас энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно гэдгийг онцлов.

Форумын үеэр Азийн хөгжиж байгаа орнуудын хүнс, хөдөө аж ахуй салбар, хөдөө орон нутгийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд, тухайлбал дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, ургац алдалт, хүн амын хүнсний хомсдол, шим тэжээлийн дутагдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа зэрэг сорилт бэрхшээлүүд, эрсдэл, тэдгээрийг даван туулах арга зам, нөхцөл боломжуудын талаар хэлэлцэв.
“Тогтвортой хөгжлийн зорилт–2030”-д дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнууд болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын идэвхтэй оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг форумын үеэр төлөөлөгчид тэмдэглэж байв.

Хүнсний хомсдолыг арилгах, шим тэжээлийн дутагдал, далд өлсгөлөнтэй тэмцэхэд улс орнууд хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлж хөгжүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгаа тухай, мөн хувийн хэвшлийг идэвхжүүлэх замаар бүс нутгийн орнуудын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн эдийн засгийг тусад нь онцгойлж авч үзэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар асуудал хөндлөө.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


