Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон

Огноо:

,

Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөөд буй.

-Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна вэ гэдгээс яриагаа эхэлье. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Улаанбаатар хотод манай улсын эдийн засгийн талаас илүү орчим нь төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 60-70 хувь нь Улаанбаатарт байна гэсэн үг. Энэ утгаараа бизнес эрхлэгчдийг нийслэлээс дэмжих нь хотын ч, улсын эдийн засагт ч чухал нөлөөтэй. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлийг хэрхэн арилгах вэ, хүнд суртал, дарамтыг яаж үгүй болгох вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна. Тухайлбал, 2021-2022 онд нийслэлээс 74 төрлийн зөвшөөрлийг цуцалсан нь худалдаа, үйлчилгээ эрхлэгч, бизнесийн байгууллагуудад маш том дэмжлэг болсон. Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгана гэдэг ярвигтай ажил байлаа. Бүрдүүлэх бичиг баримт, албан тушаалтнуудын гарын үсэг цуглуулах үйл явц, үүнд зарцуулж байгаа цаг зав, зардал гээд бизнес эрхлэгчдэд дарамт учирч байсан. Нөгөө талаас үүнийг дагаад авлига, хүнд суртлын асуудал яригддаг. Тэгэхээр энэ үйл явц байхгүй болсон нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлсөн.

-Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад илүү амар болсон байх нь?

-Тийм. Ерөөс стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн гэж хэлж болно. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийг дэмжих бас нэг чухал алхам нь цагийн хязгаарлалтыг хүчингүй болгосон. Бизнес эрхэлж байгаа хэн бүхний хувьд цаг хамгийн чухал. Бизнесийн үйл ажиллагаа бол зах зээлийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцээд хуваарийнхаа дагуу өрнөж байдаг. Үүнийг төрөөс зохицуулаад, тэр тусмаа хязгаарлалт тавиад ирэхээр нөгөө л хүнд суртал, авлигын асуудал гарч ирдэг. Албан тушаалтнууд очиж шалгана, хязгаарласан цаг хэтэрсэн бол мөн түвэг чирэгдэл үүснэ. Нөгөө талаас баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалт нь утгагүй. Тиймээс Хотын дарга эдгээр хязгаарлалтыг хүчингүй болгосон.

-Энэ асуудлын нөгөө талд архидан согтуурахтай тэмцэхэд асуудал гарч ирнэ гэсэн байр суурь бас бий?

-Хязгаарлалт, хориг тавиад архидан согтуурахтай тэмцэх нь үр дүнтэй арга мөн үү гэдэг чухал асуулт. “Хуурай” хууль батлахад ахуйн архидалт, согтууруулах ундааны хууль бус наймаа буюу шагийн худалдаа гаардаг. Үүнээс болоод хүмүүс амиа алдсан тохиолдол ч гардаг шүү дээ. Архидалтын үндсэн шалтгаантай нь тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Тухайлбал, согтууруулах ундааны зохистой хэрэглээг дэмжих, хатуулгийн хэмжээг бууруулах, соён гэгээрүүлэх аян явуулах байж болно. Нөгөө талаас, ажилгүйдэл, нийгмийн стресс, хүчирхийлэл гээд архидалтын суурь шалтгаан нь том. Тиймээс захиргааны аргаар тэмцэхийн оронд том зургаар харах хэрэгтэй. Ил тод, хяналттай, соёлтой үйлчилгээний газраар үйлчлүүлж байна гэдэг өөр.

Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг дэмжихээр нийслэлийн зүгээс хийж буй бас нэг том ажил бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх юм. 

-Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэж ойлгож болох уу?

-Тийм. Төр бүхнийг хийх шаардлагагүй. Хот, нийтийн аж ахуйд ч, бүтээн байгуулалтад ч, тохижилт, үйлчилгээнд ч хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд явах ажил хангалттай олон байна. Нөгөө талаас, хувийн хэвшлүүдэд ч стандарт, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах, ашигтай ажиллах, ажлын байр бий болгох боломж юм. Тухайлбал, 50 байршил дахь 2400 гаруй автомашины зогсоолын үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаад байна.

-Зогсоолын менежментийг хувьд шилжүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Нийслэлийн авто зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай. Өнгө үзэмж, зохион байгуулалт, менежментээс эхлээд төлбөр тооцоо хийх арга нь ч хүмүүсийн цаг завыг хэмнэсэн, ухаалаг байх ёстой. Орчин цагт нэг бүхээгт суучихаад бэлэн мөнгөөр тооцоо хийдэг, сул зай байгаа, эсэх нь тодорхойгүй зогсоол байж таарахгүй. Тэгэхээр энэ бүхнийг илүү ухаалаг, иргэдийн хэрэгцээнд нийцсэн болгох ажлыг хувийн хэвшил хийх бүрэн боломжтой. Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодын хяналтыг автоматжуулсан шүү дээ. Үүний үр дүнд хүмүүс цаг заваа хэмнэж байна, төлбөр тооцоогоо хялбар хийж байна, нөгөө талаас хураамжийн орлого ч нэмэгдсэн. Үүнтэй л адилхан юм.

-Энэ ташрамд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн талаар лавлаж асууя. Тэнд ямар, ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Иргэдэд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тохижилт, ногоон байгууламж бий болгох ажлуудыг төлөвлөсөн. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм. Тодруулбал, Рио Тинто Монгол компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд паркт тохижилт хийнэ. Гэхдээ барилга байгууламж гэхээс илүү мод бут тарих, зүлэгжүүлэх, амарч тухлах орчин бий болгохоор ажиллаж байгаа. Мөн тохижуулсан талбайгаа арчлаад, үргэлжлүүлэн сайжруулаад явах ажил бас бий. Энэ бүхнийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм.

-Авто зогсоолын тухай ярилаа. Тэгвэл явган хүний замыг сайжруулахад нийслэлээс ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн онд бид 100 мянган ам метр явган замыг шинэчилж, засаж тохижуулсан. Энэ жилийн хувьд 50 мянган ам метр замыг мөн шинэчлэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын хувьд явган хүний замд онцгойлон анхаарч засаж байсан үе ховор. Үнэндээ томоохон авто замын засварын үед бонус маягаар явган замд хандсаар иржээ. Гэтэл иргэдийн хувьд явган зорчих зам талбай маш чухал. Үүнийг аль аль талдаа ойлгоод, стандартын дагуу, аюулгүй, тухтай замыг бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд төсөв мөнгө зарцуулж, явган зам хариуцсан хэлтэс хүртэл байгуулсан. Дээр нь явган замын стандартыг баталлаа. Тэгэхээр ямар хавтангаар хийх вэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэрхэн зорчих вэ, хэдэн метрийн өргөнтэй байх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн гэсэн үг.  Энэ бол өнгө үзэмж, тав тух талаасаа ч, аюулгүй байдал талаасаа  ч маш чухал шийдвэр юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

П.Сайнзориг: Нийслэлийн ирэх жилийн төсөв дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэсэн

Огноо:

,

Нийслэлийн 2024 оны төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийслэлийн 2024 оны төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтцийг байгуулахаар тусгасан. Тухайлбал, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэлнэ. Хоёрдугаарт, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг шийдсэн бол ирэх 2024 онд 91 тэрбум орчим төгрөг төсөвлөлөө. Түүнчлэн 42 сургуулийн цайны газрын тохижилт, засварт мөнгө тусгасан.

-Түгжрэлийн бууруулах хүрээнд хэдэн төгрөг тавьж, ямар ажлууд хийх вэ?

-Метроны зөвлөх үйлчилгээний болон ТЭЗҮ, зураг төслийн сонгон шалгаруулалтыг хийснээр ямар өртгөөр метроны нэгдүгээр шугамыг тавих вэ гэдэг шийдэгдэнэ. Үүнд Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаа гаргаж байж дараагийн сонгон шалгаруулалтыг хийх юм. Нийслэлийн гол магистраль замыг өргөтгөж, гэр хорооллын замуудыг холбон хатуу хучилттай зам тавих зэрэгт 77.4 тэрбум төгрөгийг  тусгасан. Ирэх жилийн төсөв нийслэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэсэн. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадвал 20-25 мянган ажлын байр шинээр бий болгох төсөөлөлтэй байгаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд гүйцэтгэл 70 орчим хувьтай байгаа бүх ажлыг дуусгана. Түүнчлэн Улаанбаатар хотыг бүхэлд нь камержуулахад 80 тэрбум төгрөг тусгасан.

-Нийслэл хотын албан татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн хууль, эрх зүйн үндэслэл юу вэ?

-2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, нэг хувь байгаа татварыг хоёр хувь болгохыг НИТХ шийдэхээр тусгасан. Хотын албан татварыг архи, тамхины жижиглэн худалдаа гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэгч гэсэн зургаан төрлийн үйлчилгээ эрхлэгчээс авдаг. Хотын татвараас  16 тэрбум төгрөг төвлөрдөг. Нэмэгдүүлснээр 32 тэрбумын орлого бүрдэх бөгөөд үүнийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулна. Мөн явган хүний зам, дугуйн замыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, Нарны хорооллыг Нарны замтай холбосон явган хүний гүүрэн байгууламж байгуулахаар болсон. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 30 орчим хувиар, түгжрэлийг мөн хувиар бууруулах зорилт тавьж байна.

Үерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд 24 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөлөө. Үерийн байгууламжийг зөвхөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй. Иймээс олон улсын байгууллагуудтай ярилцаж байна. Улаанбаатар хотын инженерийн байгууламжийн 70 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Мөн эдгээрийн ашиглалт, хамгаалалт байгууллагуудын уялдаа холбоогүйгээс дунд нь орхигдож, хариуцах эзэнгүй болсон. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд гарч, Засгийн газарт танилцуулж, эдгээрийг иж бүрнээр нь шийднэ.

-Метроны ТЭЗҮ-ийг 2009, 2016 онд хийж байсан юм билээ. Түүнийг ашиглаж болохгүй юу?

-Эдгээр нь урьдчилсан ТЭЗҮ бөгөөд үүнээс хойш Улаанбаатар хотын нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн. Метроны менежментийн зөвлөх үйлчилгээ, мөн зураг төслийг хийх гэсэн хоёр багц ажил бий. Үүнд маш олон судалгаа хийгддэг. Геологийн, усны хайгуулын өрөмдлөгүүд хийнэ. Энэ ТЭЗҮ, зураг төсөл зөв гарч байж зөв хөрөнгө оруулалт босгоно, өртөг, зардлаа шийднэ. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтэх шалтгаан нь бэлтгэл үе шат болох зураг төслөө хийдэггүй, хэт төсөөллийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулдагтай холбоотой. Хэрэгжүүлье гэхээр барилгын зураг төсөл гэх мэт бичиг баримт нь байхгүй байдаг.

-37 тэрбумаар цахилгаан халаагуур тараана гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хороолол дахь 5000  байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах юм. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараахаар ярьж байгаа. Мөн давхар шаталттай зуухыг судалж байна. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий. Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Бат-Орших: МҮОНР-гийн “Алтан төлийн эзэн” шагналд бэлчээрийн даацын асуудлыг тусгана

Огноо:

,

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио”-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын түүх 1978 оноос эхтэй.

“Энгэрийн яргуй цасан доор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана” гэх

дуу шигээ малчин түмэндээ хоногшиж, хүндлэгдсэн энэ шагнал 2024 онд 46 дахь жилдээ олгогдох юм. Мал сүргээ өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд анх санаачлагдаж байсан энэ шагнал улс орон болон дэлхий нийтэд тулгамдаж асуудлыг бодлогодоо тусгаж, цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байна.

1978 онд Монгол Улс 24.0 сая орчим толгой малтай байсан. Харин 2022 оны жилийн эцсийн тооллогоор 71.1 саяд хүрсэн. Мал сүргийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарж байвч нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч, сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. “МҮОНРТ тогтвортой хөгжлийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн нэг улсын биш, дэлхий нийтийн асуудал. Энэ тал дээр эерэг, зөв өөрчлөлтийг бий болгох нь манай байгууллагын үүрэг, олон нийтийн эрх ашиг мөн гэж бид үздэг” гэж МҮОНР-гийн захирал Д.Бат-Орших ярьсан юм.

Энэ зарчим “Алтан төлийн эзэн” шагналд ч тусгалаа олж байгаа аж. Тогтвортой хөгжлийн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах 13 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын хувьд тулгамдаад буй томоохон асуудал бол бэлчээрийн даац юм. Тэгвэл сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан, шинэ залуу малчин бэлтгэж, малжуулсан зэрэг өмнөх шаардлагуудаас гадна мал сүргээ бэлчээрийн даацад тохируулсан малчин цаашид “Алтан төлийн эзэн” болно гэдгийг Д.Бат-Орших захирал онцолж байлаа. “Энэ бодлогыг бид үе шаттайгаар тусгаад явна. Эхний шатанд орсон өөрчлөлтүүдийг бид 2024 он гараад шагналынхаа журамтай хамт танилцуулна" хэмээн тэрбээр хэлсэн юм.

Тогтвортой хөгжлийн зарчмууд энэ шагналд тусгалаа олж буй анхны тохиолдол энэ биш юм. Мал аж ахуй бол хамтын хөдөлмөр. Гэтэл ямар нэг шагнал болоход голдуу өрхийн тэргүүн гэдгээрээ гэрийн эзэн нь шагнуулаад өнгөрдөг тухай шүүмжлэлийг тэртээ 1956 онд зохиолч Ш.Гаадамба “Элбэг дээл” өгүүллэгтээ ч дурдсан байдаг. Харин 2022 оноос МҮОНРТ, Жендерийн Үндэсний Хороо хамтран “Алтан төлийн эзэн” тэмдгийг өрхийн эхнэр, нөхөрт хоёуланд нь гардуулдаг болсон юм.

Ер нь малын тоог өсгөхгүйгээр малчид орлогоо өсгөж болох уу? Болно гэдгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” (АДАПТ) төслийн хүрээнд хийсэн судалгаа харуулж байна. Энэ утгаараа Д.Бат-Орших захирал “Малчин гэхээр орлого багатай, мэдээллээс хоцрогдмол байсан үе нэгэнт ард хоцорсон. Нүүдлийн уламжлалт соёл, ахуйг тээж яваа гэдгээрээ малчид маань одоо өрхийн орлогоо улам нэмэгдүүлэх замаар улс орон, дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах боломжтой. "МҮОНРТ-ийн "Алтан төлийн эзэн" шагналаар бид энэ нөлөөллийг бий болгохыг зорьж байна. Энэ зорилго, үзэл санааны төлөө хамтран ажиллахад бид нээлттэй" гэдгээ илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

Огноо:

,

Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр байна вэ?

-Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн үг. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэргийн бууралттай, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 орчим хувиар буурсан үзүүлэлт.

-Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Нийт 2000 орчим ор дэлгэх боломжтой.

-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор хэдэн иргэн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 1067 ор дэлгэгдсэн. Орны дүүргэлт 95 хувьтай байна.

-БНХАУ-д уушгины хатгалгаа нэмэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-БНХАУ-ын хойд хэсгийн бүсэд томуугийн өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болж байгаа мэдээлэл гарсан. Энэ дагуу ДЭМБ-аас Хятадын талд асуулга тавихад “Ямар нэгэн шинэ үүсгэгч биш. Томуугийн үүсгэгчүүд багц хэлбэрээр өвчлөл үүсгэж, энэ нь уушгины хатгалгаанд хүргэж байгаа” гэх мэдээлэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ мэдээлэл хийсэн. ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд томуугийн тандалт судалгаа хийдэг бөгөөд долоо хоног бүр тандалтын дүнгээ гаргадаг. Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж сайн тавьж, дулаан хувцаслахаас гадна хоол унданд нь анхаарч, олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших шаардлагатай. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гэртээ нойтон цэвэрлэгээг тогтмол хийж, гараа байнга угаах, олон хүн цугласан газар хүүхдээ дагуулж явахгүй байх гэх мэтээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.

-Томуугийн дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?

-Хоёр төрлийн дархлаажуулалт бий. Сайн дурын дархлаажуулалтаар 17 мянга гаруй тун вакциныг хийсэн. Зорилтот бүлгийн буюу бага насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажиллагсдад үнэгүй дархлаажуулалтад хамруулдаг. Энэ дархлаажуулалт 90 орчим хувьтай байна. Нийт 130 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдсан.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох