Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна.

Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 400 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.

Нийслэлийн тухайд сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотгож байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Манай мэргэжлийн хяналтын байгууллага “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй  болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт 32 агуулах болоод үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний дээж авч шинжилсэн.

2022 оны 4-9 дүгээр саруудад үйлдвэрлэн хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд байна. Стандартад дурдсанаар сайжруулсан шахмал түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрт үйлдвэрлэж агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6000-6400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувьтай байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрийн 1,2,3 дугаар  шугамаас дээж авч шинжлэхэд нэгдүгээр шугамын чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан. Ийнхүү чийглэг өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан.

Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6200-6300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзэж байна” гэсэн юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа:

-Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатар дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 100, Сонгинохайрхан дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 41, Баянгол дүүрэгт 22, Налайх дүүрэгт 26 цэг нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна. Нийтдээ цэгүүдэд 1676.7 тонн түлш нөөц бий. Өдөр тутамд түлшний захиалга авч байгаа. Өдрийн захиалга 1600 орчим тонн буюу одоохондоо бага хэмжээний захиалгатай байна. Баруун, зүүн үйлдвэр нийлээд өдөрт 1900 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Одоогоор нөөцөлсөн түлшний хэмжээ 110 553 тонн, мидлинг 227 681 тонн, барьцалдуулагч 2059 тонн, 1 204 691 ширхэг шуудай нөөцлөөд байна. Налайх дүүргийн 7000 гаруй өрхийн 4000 гаруйд нь хэрэглэгчийн карт тараагаад байна гэлээ.

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Налайх дүүрэгт ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, заавар хүргэжээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчид сар тутамд шинжилгээ хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түлшний чанар стандарт хангагдаж байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас онцолж байлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана

Огноо:

,

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.

Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.

Иргэдтэй уулзах үеэр сайд Х.Булгантуяа “11-11 төв иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Нийгмийн даатгалын салбартай холбоотой гомдол саналд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрынхантайгаа ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт их ирж байна” гэлээ.

Энэ үеэр өндөр настан Ч.Жанцан тэтгэврийн зөрүүг арилгахад алдаатай бодлого явуулсан. Үүнд зарим иргэн гомдолтой үлдсэн. Ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр хүн тэтгэвэр авна. Тэтгэвэр тогтооход шударга зарчим барих ёстойг сайдад уламжилж байв.

“11-11” төвд өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой санал, гомдол 35 иржээ. Эдгээрт Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн энэ долоо хоногийн турш тус газар 11-11 төвд ажиллах юм. Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

Огноо:

,

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтын явцтай танилцаж, “Рио Тинто Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК зүгээс төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилт, тохижилтын хүрээнд нийт 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газрыг зүлэгжүүлэх юм. Мөн иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг хийнэ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болгохын тулд “Рио Тинто Монгол” ХХК-иас 2026 он хүртэл ногоон байгууламж, тохижилтыг арчилж, тордох юм. Мөн олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид ногоон паркийн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төслийн хамт олон хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Огноо:

,

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.

Ялангуяа Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 12 мянган айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж буй. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн ажлын хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 шоо метр багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг ажлыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь эрчим хүчний салбарт “ДЦС-III”-ын өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох