Цаг үе
Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Уг уламжлалын дагуу НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч нар тус хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн намар ийнхүү хүндэтгэл үзүүлдэг билээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын анхны шавыг 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд тавьсан бөгөөд тэр цагаас хойш нийслэл хот маань 20 гаруй удаа бууриа сэлгэн 1778 онд дөрвөн уулын дунд, Хатан Туулын хөвөөнөө төвхнөн өнөөдрийг хүрлээ. Ийнхүү 1.6 сая хүн амтай хот болтлоо өргөжин тэлж, Монгол Улсыг дэлхийд төлөөлөх нийслэл хот болон хөгжиж байна. Түүхийн хөгжлийн жимээр, хотын хөгжлийн жимээр Өвөрхангай аймгийн бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой. Улаанбаатар хотын анхны буурь, туурь гэдэг утгаараа бид Ширээт цагаан нуураа хүндэтгэн, сүсэглэж явах учиртай гэж боддог. Тиймээс Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Бүрд сум гэх түүхийн жимээр аялал жуулчлалыг хөгжүүлэн, түүх соёлыг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах алхмыг Улаанбаатар хотоос санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн хотуудын энд хүрэх өргөн боломжийг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-аар нээсэн гэж боддог. Нийслэл Улаанбаатар хот УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдөр бүр цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөе” хэмээн мэндчилсэн юм.
Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Д.Доржсүрэн “Тэртээ 1639 онд нийслэлийн анхны шавыг манай “Бүрд” сумын төвөөс хойш 27 километрт Их Монгол уулын зүүн урд хормойд тавьсан гэж түүхчид үздэг. Тиймээс НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс жил бүр уг газарт хүндэтгэл үзүүлэн тахидаг уламжлалтай. Бид Ширээт цагаан нуур орчмыг байгалийн онгон дагшин байдлаар нь хадгалан хамгаалж байгаа. Монгол Улсын нийслэлийн анхны шавыг манай аймгийн нутагт тавьсан гэдэг утгаараа нутгийн иргэд маань энэ өдрийг ихээхэн бэлгэшээж, хүндэтгэн бахархаж явдаг” хэмээлээ.
Хүндэтгэлийн ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, лам, хуврагууд ном айлдсан юм.





Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





