Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Хурд хэтрүүлэхэд үхэл отно”

Огноо:

,

Үхэл, амьдралын зааг даар өр зүрх нь цохилох залуу ийн ярина.

Бороо зөөлөн шиврэхэд бодол болон сууж байсансан. Ээжтэйгээ байсан өдрүүдээ бодож тэр өдрүүд аз жаргалтай хэрнээ ямар хурдан өнгөрсөн юм бэ? Ижий минь намайг ганцааранг минь орхиж яваад хоёрхон л жил болсон. Харин би энэ хоёр жилийн хугацаанд ганцаараа биш дөрвүүлээ болсон байна. Энхрий хайрт эхнэр минь, эрвийж дэрвийсэн хоёр үрлүүгээ очоё хэмээн бодон суусан.

Утас дуугарлаа. Танихгүй дугаар байна. Байна уу? хэмээхэд чихний хэнгэрэг хангинам орилолдож байх нь тэр. Их сургуулийн ангийн маань залуу байлаа. “Бид нар бараг бүгдээрээ байна чи хурдан хүрээд ирээ” гэхэд нь шууд л за гээд догдлоод гараад гүйлээ.  

Арван хоёр жил уулзаагүй ангийнхантайгаа уулзана гэхээс сэтгэл минь цаанаа л нэг догдлоостой. Яг л оюутан ахуй насандаа оччихсон юм шиг. Догдолсон, баярласан явж байснаа л санаж байна. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Гэтэл би эмнэлэгийн орон дээр, эхнэр минь надад хоол халбагадаж өгөөд сууж байв.

Юу болсныг асууж, яагаад энд байгааг тодруулахад, нөгөө зөөлөн шивэрч байсан бороо маань ширүүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тэр үед би гэдэг хүн хурдаа тохируулаагүйгээс яг одоо энэ орон дээр хэвтэж байгаа юм байна.

Ингээд хэвтэж байхдаа бодлоо, судаллаа, мэдлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, олон улсын жишигт тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Энэ нь жолооч бид үүнээс хурдлах юм бол үйлдлийг таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, ослоос урьдчилан сэргийлэх зэрэг боломж үгүй болж, зам тээврийн осол гаргадаг байна.

Мөн жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоос болж нас бардаг гэх судалгаа байна. Үүний шалтгаан нөхцөлийг нь судлахад авто машин онхолдох хэлбэрээр 160 гаруй, явган зорчигч мөргөх хэлбэрээр 140 гаруй, мотоциклийн ослоор 150 гаруй, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцсон 2 тохиолдол байв.

Бид энэ хорвоо дэлхий дээр сайхан амьдарч, сайн явахыг л хичээдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, явганаар зорчихдоо гарцаар гарах гэдгийг та наснаасаа олон сонссон байх. Энэ нь бидний үнэт амийг л хайрлаж хамгаалсандаа байж.

Хэрвээ та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодохгүй бол, гарцаараа гарч хөдөлгөөнд оролцож буй өөрийгөө болон бусад жолоочийг хүндэтгэх юм бол, орон нутгийн замд явахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, гэрлээ шилжүүлэх, хурдаа хэтрүүлэхгүй байх юм бол маргааш аз жаргалтайгаар инээмсэглэн, хайртай дотны хүмүүстэйгээ баяр хөөртэй, өглөөний нар, үдшийн сарыг харах буй за.

Нэг л юм бодон сууна. Тээврийн хэрэгсэл бол тоглоом биш. Өнөөдөр инээгээд явж байгаа хэдий ч маргааш юу болохыг хэн ч таашгүй. Өөрийгөө болон бусдыг хүндэлж замын хөдөлгөөнд оролцоё.

Яараад яахав дээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Огноо:

,

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Огноо:

,

Нийтийн ашиг сонирхлыг  хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна.  Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Огноо:

,

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох