Үзэл бодол
З.Батырбек: Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авалт хийвэл барьцаанаас хэсэгчлэн чөлөөлнө

Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбектэй ярилцлаа.
- Таны хувьд Хөгжлийн банкны Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Банкны зээлүүдийн нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу, эргэн төлөлтийн хувьд ямар дэвшил гарч байна вэ?
- Хөгжлийн банкны нөхцөл байдал амаргүй, нийт 66 зээлдэгчээс 5 зээлдэгч нь зээлээ бүрэн төлөгдсөн. Нийт 35 орчим зээлдэгч тодорхой хэмжээгээр зээлийн эргэн төлөлт хийж байгаагаас хамгийн бага нь 4 сая төгрөгийн, хамгийн их нь 27,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, өнөөдрийн байдлаар нийт 153,3 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Өнгөрсөн жилийн турш үндсэн зээлийн төлөлт 408,4 орчим тэрбум төгрөг төлөгдсөнтэй харьцуулбал нилээн ахицтай байна.
Бид нийт зээлийг зарцуулалтаар нь гурав ангилж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн зээлийг зориулалтын бусаар ашигласан, тухайн төсөл хэрэгжээгүй. Эдгээр зээлүүд асуудал ихтэй байна. Шүүх, цагдаа, хууль хүчний байгууллагуудтай хамтарч ажиллахаас өөр сонголт байхгүй. Хоёрдугаарт Төрийн өмчит аж ахуйн нэгжид олгосон төсвийн шинж чанартай зээлүүд байна. Энэ нь улсын төсөвт зарим нэгийг нь тусгана гэж байсан бол тусгаагүй. Жилээр хойшилчихсон. Жишээлбэл, ТОСК-ийн зээл, Эрчим хүчний яамтай холбоотой зээлүүд байна. Гуравдугаарт, тухайн төсөл нь хэрэгжсэн ч өнөөгийн нөхцөл байдлаас хамаараад мөнгөн урсгал нь саатсан, бизнесийн үйл ажиллагаанд нь догол үүссэн зээлүүд байна. Банкны хувьд энэ гурван чиглэлд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Үр дүн нь тодорхой түвшинд гараад эхэлж байгаа ч нөхцөл байдал сайжиртал тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.
- Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцуудын талаарх мэдэгдлийг иргэдэд зориулж мэдээлсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Хөгжлийн банкны зээлийн багцаас 8 зээл нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн зээл байгаа бөгөөд эдгээрээс 4 зээлдэгчийн хувьд тухайн барьсан орон сууц нь Хөгжлийн банкны барьцаа хөрөнгөнд байна. Тодруулбал, Бэрэн групп ХХК-ийн хувьд Хангай хотхоны Ё блокны барилгууд, Пирамид-Орд ХХК-ийн “Буман залуус” орон сууцны хороолол, Модун ХХК-ийн “La Colina” хотхоны барилга, Строй Инвест ХХК-ийн Шинэ Эрдэнэт төслийн зарим барилгууд нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа гэсэн үг. Бид эдгээр байгууллагуудыг зээлийн зөрчлөө арилгах, мөн иргэдийг хохироохгүй байх тал дээр анхааруулж хамтран ажиллаж байна.
Тэгэхээр манай банкнаас зарлагдсан дөрвөн байгууллагаас орон сууц худалдан авч болно. Харин худалдан авалтын төлбөрөө л Хөгжлийн банкны дансанд хийснээр манай банкны барьцаанд байгаа орон сууцнаас өөрийн худалдан авсан байраа барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлж, гэрчилгээгээ авах боломжтой болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ шаардлагыг Та мөн тухайн байрыг борлуулагчид тавих ёстой. Тэгж байж бид эдгээр зээлийг хамтдаа эргэн төлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, манай банкны барьцаанд байгаа орон сууцыг хэн нэгэн хүн танд худалдан борлуулж төлбөрийг нь танаас авчихсан ч хөгжлийн банкны зээл рүү шилжүүлж байрыг нь барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх арга хэмжээг авахгүй л бол та байрныхаа жинхэнэ эзэн болох боломжгүй байх нь.
Жишээ нь, Строй Инвест ХХК-ийн Орхон аймагт хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөл байна. Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авч, төлбөр нь манай банкны дансанд байршсан тохиолдолд барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөөд өгч байгаа. Энэ байрнаас худалдан авч болохгүй шүү гэсэн зүйл огт байхгүй. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн шиг хар жагсаалтад орсон байна, энэ байрнаас битгий аваарай гэх агуулга бүхий мэдээллүүд нь ташаа ойлголт шүү гэдгийг хэлмээр байна. Харин эсрэгээрээ худалдан авалт хийснээр дээрх барилгын компаниуд нь зээлээ төлөх боломжтой болно гэсэн үг.
- Худалдан авагч нь төлбөрөө Хөгжлийн банкны дансанд 100 хувь шилжүүлснээр барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдөнө гэсэн үг үү? Төлбөрөө хийсэн худалдан авагч бүр Хөгжлийн банк руу хандах уу?
- Борлуулагч талаас худалдан авагчийн төлбөрийг Хөгжлийн банкны дансанд шилжүүлээд мэдэгдэх эсвэл худалдан авагч өөрөө Хөгжлийн банкны дансанд төлбөрөө байршуулаад мэдэгдэх аль аль хувилбарын боломжийг хангаж байгаа.
Жишээ нь, банкны зээлээр авахаар бол урьдчилгаа төлбөрөө манай банкны дансанд байршуулаад зээл авах арилжааны банкаараа зээлээ судлуулаад гаргасан шийдвэрийг нь манай банк руу ирүүлнэ. Тухайн шийдвэрийг үндэслэн энэ байрыг чөлөөлөхөд татгалзах үндэслэлгүй гэсэн албан тоот бичиж өгнө. Ингэснээр тухайн арилжааны банк байрны төлбөрийг манай банканд шилжүүлнэ. Үүний дараа тухайн байрыг барьсан компанийн хүсэлт, арилжааны банкны зээл шийдвэрлэсэн бичгийг үндэслэн Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцаас хэсэгчлэн чөлөөлж өгч байна. Иргэн 100 хувь төлбөрөө төлөн худалдаж авч байгаа тохиолдолд тэр мөнгө нь манай банкны дансанд байршуулсан гэдгийг нотолсон бичиг буюу аж ахуйн нэгжээс нотолсон бичгийг үндэслэн барьцаа хөрөнгөнөөс хэсэгчлэн чөлөөлж өгч байгаа.
- Худалдан борлуулагчдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Мэдэгдэлд дурдсан дөрвөн байгууллага маань ч бас нэгдсэн ойлголттой байгаа. Жишээлбэл, “Модун” ХХК-ийн “La Colina” төслийн байраас иргэд дээрх зарчмаар худалдан авалт хийж, зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа. Ковидын нөхцөл байдлаас болоод байрны борлуулалт зогссон байсан ч одоо худалдан авалт нэмэгдэж байгааг мэдэгдсэн. Энэ урсгалаараа байвал “Модун” ХХК зээлээ хэвийн хэмжээнд төлөх боломж нь бүрдэж байгаа гэж ойлгож болно. Борлуулагч талаас байр худалдан авах гэж байгаа иргэнд Хөгжлийн банкны дансанд төлбөрөө байршуулна гэдгийг анхнаас нь ойлгуулж, тохиролцох нь л чухал юм.
- Хөгжлийн банк зээлийн мэдээллээ ил тод мэдээлж байна, тэгвэл та бүхэн энэ банкны үйл ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ?
Хөгжлийн банкны ирээдүйг эерэг талаас нь харж байгаа. Учир нь гадна талдаа дотоодынхоо нөхцөл байдлыг илэн далангүй илэрхийлсэн нь итгэл үнэмшлийг нэг талаар түрүүлж байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны мууг далдлаад явсангүй, бодит нөхцөл байдлыг ил тавилаа.
Бид банкны дүрэм журмын өөрчлөлт, холбогдох хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн мэдээллийг гадна талын хөрөнгө оруулагч нартаа ч мөн ялгаагүй өгөөд, хэлцэл хийгээд явж байгаа. Мөн 10 гаруй ОУ-ын байгууллагуудаас хөрөнгө оруулалт татахаар хэлцлийн шатанд ажиллаж байна. Зарим нэг нь нааштай хандаж байна. Банкны хуулийн хүрээнд Олон улсын аудитын байгууллагуудаар үнэлгээ хийлгэж байгаа.
Засгийн газраас гол дэмжлэг үзүүлж, бүх ажиллах нөхцөл боломжийг хангаж өгч байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчин, ажиллах нөхцөлийг хангаж өгч байгаа учраас чанаргүй активтай холбоотой өнөөгийн асуудлуудыг даван гарна гэсэн итгэл найдвартай ажиллаж байна.
Хөгжлийн банк цаашид шилэн болно. Хөндлөнгийн хамаарлыг аль болох бууруулах бодлого, чиглэлийг баримталж, санхүүжилтийн бодлогоо холбогдох хууль эрхзүй, дүрэм журмын хүрээнд ил тод, нээлттэй болгоно. Санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц, хяналт шалгалт, хүрэх үр дүн гээд бүх мэдээллийг нээлттэйгээр хүргэнэ. Цаашид Хөгжлийн банк хөгжлийн түүчээ болж тэр хэмжээгээр ажлын байр бий болгож, долларын урсгалыг Монголдоо оруулж ирэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байна. Мөн бид цаашид арилжааны банкнуудын санхүүжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй, экспорт руу чиглэсэн, импортыг орлох төслийг дэмжиж ажиллана. Жишээ нь, шинэ орон сууцны хорооллыг бий болголоо гэхэд түүний дэд бүтцийг Хөгжлийн банк санхүүжүүлэх, харин дээр нь баригдах хорооллыг арилжааны банкнууд төсөл хэрэгжүүлэгчтэй хамтраад шийдэж болно. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд стратегийн ач холбогдолтой томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход анхаарч ажиллана. Ингэснээр Монгол улсын эдийн засагт том эерэг нөлөөг үзүүлнэ гэж харж байна.
- Ярилцсанд баярлалаа.
Монгол Улсын Хөгжлийн банк
Хэвлэл мэдээллийн алба
Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож, боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.
Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. ОюуТолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.
Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ.
Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд,
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.
Үзэл бодол
Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй
Уржигдар шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ?
-Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас орж, ойрын тав хоногт агаарын температур шөнөдөө 1 хэм дулаан, өдөртөө 7-10 хэмийн дулаан байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй. Харин өнөө шөнөөс эхлэн баруун аймгийн нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа. Тиймээс иргэд, тээвэрчид шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
-Цас хэр хэмжээгээр орсон тохиолдолд аюултай үзэгдэлд тооцдог вэ?
-Цас 5-10 мм-ийн зузаантай орсон бол аюултай үзэгдэл, 10 мм-ээс дээш зузаантай байвал гамшигт үзэгдэлд ордог.
-Өнөөдрөөс хүйтэрч эхэлж байна. Ирэх өдрүүдэд дулаарах уу?
-Есдүгээр сарын 29-нөөс нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Үзэл бодол
Э.Бат-Оргил: Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа
Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:
-Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, тэр дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлсэн. Суудлын бүрээс сайжруулсан лидрен материал. Суудал бүрд агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа гэлээ.
Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:
-Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал нь хийж, эхний автобуснууд үйлчилгээнд явж байгаа. Дизель автобус 20 орчим ороод ирчихсэн, үлдсэн 80 нь маргааш ирнэ. Автобуснуудад цахим карт уншуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель автобуснуудыг холын чиглэлд, цахилгаан автобусаа хотын төвөөр гаргахаар төлөвлөж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэмэлт төхөөрөмж хийлгэсэн. Тухайлбал, хөргөлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад жил гаруй үргэлжилсэн түүх бий. Өдгөө бид 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд ажиллаж, хүлээгдэл багатай байхаар төлөвлөж байгаа. Өглөө, оройн ачаалалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өглөөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэрэг эхлүүлдэг системийг нэвтрүүлээд байна. Нисэх, Яармагт шинэ чиглэл, богино эргэлтийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Түүнчлэн алсын чиглэлийн буух цагийг хойшлуулсан гэв.
Сэтгэгдэл