Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ж.Гантулга: Суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж байна

Огноо:

,

Цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт зогсож, теле, цахим хэлбэрт шилжсэн. Сурагчдын боловсролын чанар муудаж, хоцрогдол гарч байгаа талаар эцэг, эхчүүд ярьж буй. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай ярилцлаа.

-Нийслэлийн Боловсролын газрын зорилго, чиг үүргийг танилцуулна уу?

-Манай байгууллага нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг арга зүйн болон захиргааны удирдлагаар ханган ажилладаг. Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 600 гаруй цэцэрлэг, 270 орчим сургууль байна.

-Цар тахалтай энэ үед цахим, теле хичээл орж байгаа. Үр дүн хэр байгаа вэ?

-Улсын Онцгой комисс, Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 27-нд шийдвэр гаргаж бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. 2020 оны хоёрдугаар сарын 3-наас эхлэн теле хичээл хэлбэрээр сургалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын хичээл теле хэлбэрээр явсан. 2021 оны хичээлийн жил эхлээд эхний 11 долоо хоног танхимаар хичээллэсэн байна. Дотооддоо халдвар бүртгэгдсэний улмаас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 18 буюу нэгдүгээр улирлын амралт хүртэл цахимаар хичээллэсэн. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлж, мөн цахим хэлбэрээр гуравдугаар сарын 26 хүртэл хичээллэлээ. Гуравдугаар улирлын хичээл эхлээд дөрвөн 7 хоног цахим хэлбэрээр явж байна. Үлдсэн таван 7 хоногийн хичээл мөн цахим хэлбэрээр явагдах төлөвлөгөөтэй байна. Бид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын теле болон цахим хичээлийн үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Сургалт танхимын хэлбэрээр явагдахад үр дүн өндөр байдаг. Цоо шинэ буюу теле, цахим хэлбэр рүү шилжсэнээс болж үр дүн хангалттай биш, хоцрогдол үүсэж байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. Зайны сургалтын чанар, үр дүнг сайжруулахаар Нийслэлийн Боловсролын газраас хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрөө нийслэлийн хэмжээнд боловсролын 1000 гаруй байгууллагад хэрэгжүүлж байна.

-Хөтөлбөрт юу тусгасан бэ?

-Энэхүү хөтөлбөрт Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зөвлөлдөх багууд юу хийх вэ, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсроын байгууллага юу хийх вэ гэдгийг зааж өгсөн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр сургуулийн орчинд давтлага зохион байгуулах, эсэхийг шийдвэрлэнэ, сургууль, цэцэрлэг болгон өөрсдийн төлөвлөгөө гарган ажиллана. Теле хичээлийн хуваарьтай зохицуулан сурагчдын ачааллыг тооцож, цахим хичээлийн нэгдсэн хуваарийг сургуулийн хэмжээнд гаргаж ажиллана гэх мэтчилэн нарийн зааж өгсөн. Сургуульд заах аргын нэгдэл байдаг. Заах аргын нэгдэл, багш нар юу хийхийг мөн зааж өгсөн. Нийслэлийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэг энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 112 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуудьд 317 мянган хүүхэд сурдаг. 2020 оны арваннэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 86.3 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 78.7 хувь нь теле, цахим хичээлд хамрагдсан байна. Арванхоёрдугаар сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 87 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 82 хувь, хоёрдугаар сард сурагчдын 88 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 80 хувь, гуравдугаар сард  сурагчдын 90 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 87 хувь хамрагдсан. Дөрөвдүгээр сар гарснаас хойш теле, цахим хичээлд хамрагдах хувь өсөж байгаа. Үүнээс бид хоцрогдол арилгах хөтөлбөр үр дүнгээ өгч байна гэж харж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багш нар, эцэг эхчүүдтэй холбогдон ажиллаж байгаа. Зайнаас холбогдох боломжгүй хүүхдүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Теле, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн судалгааг бид долоо хоногоор гаргадаг. Өнгөрсөн  долоо хоногт сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн 93 хувь нь теле хичээлд хамрагдаж, 6.57 хувь буюу 15.414 хүүхэд хамрагдаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнээс 8.32 хувь буюу 1283 хүүхэд нь эрүүл мэндийн, 7200 хүүхэд тасалсан, 2700 хүүхэд теле хичээл үзэх боломжгүй, 4000 хүүхэд бусад шалтгаантай байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 91.51 хувь нь теле, цахим хичээлд хамрагдаж, 8.49 хувь буюу 27 мянга орчим сурагч хамрагдаж чадаагүй. Теле, цахим хичээлд хамрагдаж чадаагүй сурагчдын долоон хувь нь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хоёр хувь, багштайгаа холбоо барьж чадаагүй сурагчид 20 хувь, интернэт орчин байхгүй сурагчид 33 хувь, телевиз байхгүй шалтгаантай дөрвөн хувь, гар утасгүй сурагчид 12 хувь, дата авах боломжгүй сурагчид 21 хувь гэсэн судалгаа гарсан.

-Теле, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн судалгааг яаж гаргаж байна вэ?

-Бид бүх сургууль, цэцэрлэгээс ирц, теле, цахим хичээлийн хамрагдалтын мэдээ авдаг. Багш цахим хичээл заахдаа судалгаа авдаг. Багшийн судалгааг сургуульдаа нэгтгэнэ, сургуулийн хүснэгтийг дүүрэг нэгтгэнэ, дүүргийн хүснэгт нийслэлийн хэмжээнд нэгтгэгдээд Нийслэлийн боловсролын газарт ирдэг. Энэ нь анхан шатны бүх байгууллагаас нэгтгэгдээд ирж байгаа тоо юм. Бид энэ судалгааг долоо хоног бүр шинэчилж гаргадаг. Нийслэлийн Боловсролын газрын нэг албан хаагч албан хуваарийн дагуу долоо хоногт таван сургуультай холбогдож байгаа. Таван сургуультай онлайнаар холбогдоод, хоцрогдол арилгах төлөвлөгөө, теле, цахим хөтөлбөрийн хэрэгжилт, сургууль дээр ямар асуудал гарч байгааг судалгаагаар авдаг. Энэ явцдаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг. Теле, цахим хичээлийг хэрэгжүүлэх явцад хаана, ямар сайн туршлага гарч байна, аль сургууль, ямар туршлага хэрэгжүүлж, үр дүнд хүрч байна гэдгийг түгээн дэлгэрүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газарт бүх судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд байдаг. Мэргэжилтнүүд зөвлөлдөх баг ахлаад теле, цахим хичээлийг яаж заавал үр дүнтэй байх талаар арга зүйн зөвлөгөө өгөн ажилладаг юм. Бүх багш хичээлээ компьютероор зааж байгаа энэ үед компьютерын саадгүй ажиллагааг хангахын тулд бид бизнесийн байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 14.000 багшид, цэцэрлэгийн болон насан туршийн боловсролын байгууллагын багш нарын тодорхой хувьд “windows defender” гэдэг вирусийн программыг үнэ төлбөргүй өгсөн.

-Цахим хичээл орж эхэлснээс хойш алдаа, оноотой зүйл их гарч байгаа. Үүнд эцэг, эхийн оролцоо бас чухал байна уу?

-Танхимын сургалт явагддаг байхад эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулаад, хүүхдэд боловсрол олгох нь боловсролын байгууллагын ажил болдог байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас танхимын сургалт хаагдаж, хүүхдүүд гэр бүлийн орчноос цахимаар холбогдож байгаа үед эцэг, эхчүүд хүүхдэдээ боловсрол олгох тал дээр анхаарал хандуулж, илүү идэвхтэй оролцож, хүүхдүүдийнхээ чадаж байгаа, чадахгүй байгаа зүйлд анхаарч, багш нартай холбогдож, хүүхдээ ямар түвшинд байгааг асуух, юун дээр анхаарах талаар зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдэдээ хүмүүжил олгох, боловсрол олгох ажлыг дан ганц боловсролын байгууллагын ажил гэж туйлширч ойлгож болохгүй. Энэ бол боловсролын байгууллага, эцэг, эхийн хамтын ажиллагааны үр дүнд болдог зүйл. Боловсролын байгууллага хүүхдүүдийг дэргэдээ байлгах боломжгүй байгаа энэ нөхцөлд эцэг, эхчүүд маань хүүхдэдээ анхаарал хандуулах, хүүхдийнхээ хичээлд оролцох, хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тэгэхдээ зөвхөн хичээлээ хий гэж шахахаас илүү цахим хэрэглээг тохируулж, сэтгэл санааны хувьд ч дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Нийслэлийн Боловсролын газраас багш, эцэг эхчүүдэд юуг анхааруулах вэ?

-Цахим, зайны сургалтын үед багш, боловсролын байгууллагын албан хаагчдын ачаалал нэмэгдсэн. Тиймээс эцэг, эхчүүд, багш нар маань хэн хэндээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, бие биеийнхээ ажлыг ойлгох хэрэгтэй. Бидний зорилго бол хүүхдүүдээ боловсролтой болгохын төлөө ажиллаж байгаа. Эцэг, эхчүүд маань дор бүрнээ хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал тавьж, хүүхдэдээ ойр байхыг хүсэж байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог жишиг бий болж байна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод болгох ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нийт 71 ажлын байранд давхардалгүй тоогоор 2,955 иргэн анкетаа ирүүлсэн.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан 2,407 иргэн сорилын шалгалт өгч байна. Шалгалт хоёр өдөр үргэлжилж, ажлын байр тус бүрд тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх хүнээс ярилцлага авах юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, чадварлаг баг бүрдүүлэхэд анхаарч байна. “Эрдэнэс Монгол” ХХК-иас эхлэн шинэ жишиг тогтоож, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийх боломж бүрдүүллээ. Цаашид төрийн өмчит компаниудад ямар нэг хүнд суртал, улс төрийн нөлөөллөөр ажилд ордог биш шударга, ил тод сонгон шалгаруулалт явуулдаг журам гаргах болно” гэдгийг онцлон хэллээ.

Тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системээр зохион байгуулж буй бөгөөд тус систем нь Тагнуулын Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаар баталгаажжээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагддаг. Иймд компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах, охин компаниудын засаглал, менежментийг сайжруулж, хүний нөөц, худалдан авалтын бодлогыг нэгдсэн байдлаар явуулахыг зорьж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй

Огноо:

,

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан тус санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2023.01.25) хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн, доктор О.Мөнхсайхан, Үндэсний Статистикийн газрын Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд нар оролцлоо.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ, “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн дагуу хоёр үе шаттай явагдах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болно гэлээ. Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг боловсруулах чиг үүрэг хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлд байгааг дурдаад, тус Зөвлөл Улсын Их Хурлын 80 дугаар тогтоолын дагуу нэгдүгээр сарын 04, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлээд байгааг мэдээлэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Монгол Улсын Үндсэн хуулийг шинээр батлах, эс бөгөөс дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Зөвлөлдөх санал асуулгын асуултанд хэрхэн туссаныг сонирхож байлаа. Үүнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, эрдэм шинжилгээний хурал болон үндэсний чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван янзаар буюу 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцэт хэрэгжүүлэх, тодорхой нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд дахин оруулах, шинэ Үндсэн хууль батлах гэсэн хувилбаруудаар хөндөгдсөн байсан тул бид хэлэлцэж, асуудлын томъёоллыг олон талаар ярилцсаны эцэст “шинэчлэн найруулах” гэсэн агуулга бүхий нэг л асуулт орж байгаа гэсэн юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, доктор О.Мөнхсайхан, асуултуудын боловсруулахдаа бид Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, холбгдох бусад хуулийн зохицуулалтын хүрээнд ажилласан хэмээгээд Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай асуудал огт байхгүйг онцлон дурдлаа.

Мөн сэтгүүлчид статистикийн мэдээлэл цуглуулах судалгааны санамсаргүй түүврийн аргачлал, эхний шатны санал асуулгад оролцуулах иргэдийн тоог 1570-аар тогтоосны шинжлэх ухааны үндэслэлийг сонирхож байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар энэ талаарх мэдээлэлдээ, орчин үеийн статистик судалгаанд өргөн ашиглагдаж буй санамсаргүй түүврийн аргачлалыг Зөвлөлдөх санал асуулгад хэрэглэхээр Статистикийн Үндэсний хороо баталсан бөгөөд энэ аргачлалыг ашиглаж засаг захиргааны нэгжид суурилсан бүлэглэх аргаар сонгох 1570 хүн Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт хүн ам, мөн хүн амын бүхий л бүлгийг төлөөлөх боломжтойг тайлбарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцас хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Огноо:

,

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Н.Наранбаатар танилцуулав.

Технологийн хөгжилтэй зэрэгцэн бидний өдөр тутмын амьдрал цахим орчин, олон нийтийн сүлжээнд өрнөх болж, худалдаа наймаагаа хийх, мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, хуваалцах зэрэг явдал нь ердийн үзэгдэл болж хэвшсэн байна. Технологийн дэвшил нь мэдээлэл, бараа, үйлчилгээ солилцоонд өндөр  хурд авчирч, холыг ойртуулж, хоёрыг уулзуулж байгаа хэдий ч үүнийг дагасан сөрөг үр дагавар, аюул эрсдэл үүсгэж байна.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо, хохирол асар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээр зөвхөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн 8,563 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ганцхан жилийн дотор цахимаар залилах гэмт хэрэг 99.8 хувиар буюу 2 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 18.5 дахин, бусдын эд хөрөнгийн авахаар заналхийлэх гэмт хэрэг 8.9 дахин өсчээ.  Энэ бүх тоо статистикийг дурьдаад өнгөрөх нэг хэрэг. Нугарч өссөн тоо хэмжээ, хувь бүрийн цаана монгол хүний амьдрал, хувь заяа, амь нас, эрүүл мэнд, хүүхдийн ирээдүй, насан туршид нь үл арилах сэтгэлийн шарх, гэмтэл үлдэж хоцорно гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан. Зөвхөн өнгөрсөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж.

Цахим орчин дахь гэмт хэрэг огцом хурдан өсч байхад түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэртэй тэмцэх ажил удаан байна, хуучинсаг байна. Шинэ орчны гэмт хэрэгтэй шинэ орчинд нь тэмцэх шаардлага байгааг тэрбээр дурдсан юм.

Олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгаварлан гадуурхалд өртдөггүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ баталгаатай эдэлдэг байх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээнд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй контентыг нэн яаралтай тодорхойлох, олж илрүүлэх, таслан зогсоох, цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь энэ хуулийн зорилго гэлээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хүний захидал харилцааны нууцад халдахгүй. Олон нийтийн буюу 3 ба түүнээс дээш хэрэглэгчтэй цахим сүлжээнд нийтэд хүний эрхэнд халдсан, гэмт хэргийн шинж бүхий сөрөг агуулгатай контент нийтлэх, түгээх харилцаанд хамааруулж зохицуулсан. Хэрэглэгчийн эрх үүрэг, хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн агуулга бүхий контенттой тэмцэх тогтолцоог тогтоож өгчээ.

Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээд гэж хэнийг хэлэх, ямар эрх, үүрэгтэй байх, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, хэрэв Монгол Улсаас бүртгэлтэй 300,000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар нээж ажиллуулах, хэрэглэгчийг баталгаатай утасны дугаар, эсхүл цахим шуудангийн хаягаар баталгаажуулан бүртгэх, зөрчилтэй контентын талаарх олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, 7 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй болохыг тусгасан байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь төр дангаар хийх боломжгүй тул технологийн салбарын мэргэжлийн шинжээч, судлаачид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын идэвхтэй оролцох бололцоог хуульчлан баталгаажуулахаар төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.

Зөрчилтэй контентыг хянан шийдвэрлэх, олон нийтийн сүлжээний эрхлэгчтэй хамтран ажиллах нэгж байна. Хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй контентыг 24 цагаар тасралтгүй илрүүлж, оношлон тодорхойлж, нэн яаралтай горимоор сүлжээ эрхлэгчид нотлон мэдээлэх үүрэгтэй ажиллах юм байна.  Уг нэгжийг улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцэд багтаан байгуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газрын яамд, холбогдох байгууллагуудаас санал авч, төсөл боловсруулах ажилд оролцоог нь ханган ажилласан байна. 

Түүнчлэн хувь хүний хуулиар тогтоосон алдар нэрийг хүндэтгэх зарчмыг бэхжүүлэх үүднээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хувийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэхдээ мэдээллийн эзэнд нь мэдэгдэл хүргэх зарчмыг баримталж, нийтийн албан тушаалтан төрийн байгууллага хувь хүний мэдээлэлд хүндэтгэлтэй хандах, ямарваа байдлаар олон нийтийн сүлжээнд дэлгэдэг зохисгүй байдлыг бүрмөсөн хориглох болно. Үүний эхлэл болгож татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа бөгөөд, удаа дараа татварын зөрчил гаргасан хүний хувьд тухайн хүнд нь мэдэгдэл хүргэсэний үндсэн дээр зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, зөрчлийн мэдээллийн хамт олон нийтэд нийтэлж, мэдээлж болох тухай агуулгуудыг төсөлд тусгажээ.

Засгийн газраас Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Э.Батшугар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон ажлын хэсгээс хариулт авсан.

Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 43 гишүүний 60.5 хувь нь дэмжсэн, иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох