Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Т.Золжаргал: Чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас Нийтлэг үйлчилгээний журам болон түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтын талаар тодрууллаа.

-Нийслэлд хэдэн түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллаж байна вэ?

-Нийслэлээс бизнес эрхлэх таатай орчныг дэмжих, бизнес эрхлэгчдийг төрийн хүнд суртлаас ангижруулах алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор оны өмнө Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 74 төрлийн үйлчилгээг онлайн системд оруулж, зөвшөөрлийн гэрээ, батламжийг хүчингүй болгосон. Энэ нь худалдаа, үйлчилгээг эмх замбараагүй явуулж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн байршлуудад иргэн үйл ажиллагаа явуулах эрх нээлттэй. Улаанбаатарын хэмжээнд 1300 орчим ТҮЦ ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Нийтлэг үйлчилгээний журмыг батлахаар ажиллаж байгаа. Тус журамд ТҮЦ-ийн зохицуулалт багтсан. 74 зөвшөөрлийг хүчингүй болсонтой холбогдуулан иргэд дуртай газартаа ТҮЦ байрлуулж, чанаргүй хүнс, барааг дураараа зарж, борлуулж байгаа талаар мэдээлэл ирж байна. Нийтлэг үйлчилгээний журам батлагдсаны дараа тухайн дүүргийн Засаг дарга ТҮЦ-ийн зөвшөөрсөн байршлуудыг гаргана.

Мөн хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчим зэрэг хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршлуудад дураараа байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ. Иймд чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулж байна.

-Нийслэлд ажиллаж буй ТҮЦ-үүдэд стандарт бий юү?

-Батлагдсан стандарт байхгүй. Стандартын загвар төсөл боловсруулсан байсан. Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газар эцэслэж батлах байсан ч энэхүү стандартыг эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж гэх мэт хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлаагүй. ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл, хууль тогтоомж одоогоор байхгүй ч Нийтлэг үйлчилгээний журмаараа зохицуулна. Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тиймээс ТҮЦ байрлуулах зөвшөөрөлгүй байршилд ажиллаж байгаа ТҮЦ-ийг зөвшөөрсөн байршлуудад нүүлгэн шилжүүлж эхэлнэ. Дүүргүүдийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрсөн байршлуудын талаар мэдээлэл өгч, нүүлгэх шаардлагатай бол  мэдэгдэнэ гэж Нийтлэг журмын зохицуулалтад заасан гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.

Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

Огноо:

,

2022 оны байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын 5.5.1а буюу Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын хэмжээнд 17.1 хувьтай байна. Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшинд байна.
 
Дэлхийн 187 улсын Парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал:
 
- Руанда 61.3%,
- Куба 53.4%,
- Никарагуа 51.7%,
- Шинэ Зеланд 50.4%,
- Мексик 50.0%,
- Арабын Нэгдсэн Эмират Улс 50.0%-тай байна.
 
Харин
 
- Нигери 3.6%,
- Оман 2.3%,
- Вануату 1.9%,
- Папуа Шинэ Гвиней 1.7%-тай байгаа нь хамгийн бага байгаа бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй байна.
 
Эх сурвалж: ҮСХ
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ, Зээлийн батлан даалтын сан, BEST, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэв. Монгол Улсад арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд анх удаа гутал сэдвийн хүрээнд хэлэлцсэнээрээ онцлог байлаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцсоноос гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьтны арьсыг байгаль орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь эртний салбаруудын нэг юм. Тодруулж хэлбэл, арьс ширийг авах зорилгоор малаа нядалдаггүй, арьс шир нь хүнсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн юм.

Монгол Улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Үүний зэрэгцээ арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний салбарт нийт 4200 гаруй хүн ажилладаг.

Арьс шир бол олон зуун жилийн турш өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж ирсэн уян хатан, удаан эдэлгээтэй, санхүүгийн хэмнэлттэй, үнэ цэнтэй материал юм. Өнгөрсөн онд үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулсан, 1 сая хос гутал, 1 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж 150 орчим тэрбум нийтдээ салбарын хэмжээнд 290 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулжээ. 

Хөлийг гадны нөлөөллөөс хамгаалах, тухтай алхаж явахад зориулагдсан бүтээгдэхүүн бол гутал юм. Дэлхийн зарим судлаачдын үзэж буйгаар хүн амын дунд хөлийн өвчлөлийг үүсгэх нэг гол хүчин зүйл нь мөн гутал байна.

Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой, түүхий эдийн дундаршгүй нөөцтэй, жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь ДНБ-ийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого, төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой байна.

Арьс ширний салбар тэр дундаа гутал үйлдвэрлэгчид Монгол хүний хөлийн онцлогт тохируулан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Үйлдвэрлэлийн кластер системийг нэвтрүүлэн, чанар стандартыг хэрэгжүүлэх, Туслах материалын дагалдах жижиг үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж ажиллахад бэлэн болсон байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох