Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Н.Баяртсайхан: Мөнгөний бодлого, банкны хяналт зохицуулалт нь дунд хугацааны тогтвортой байдлын дархлааг нэмэгдүүлэхэд чиглэнэ

Огноо:

,

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ирэх жил төрөөс баримтлах мөнгөний бодлогын зорилтын талаар ярилцлаа.

- Монгол улсын мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, Төв банкийг удирдсан өнгөрсөн гурван жилийн бодлогын үр дүнг тоогоор хэмжвэл ямар үзүүлэлт  гарах бол?

- Нааштай эерэг өөрчлөлт олон гарлаа. Мэдээж хэрэг дан ганц Монголбанкны бодлого үйл ажиллагаанаас гадна олон хүчин зүйлс нөлөөлснийг онцлох нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал бэхжиж байна. Макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжиж, 2018, 2019 онд сэргэлт үргэлжилж байгааг энэ тойм хүснэгтээс харж болно. Тухайлбал, эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн, инфляци зорилтот түвшинд тогтворжиж, ГВАН 3.7 тэрбум ам.долларт (8 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд) хүрсэн, улсын төсөв 2018 он болон 2019 оны эхний 8 сард ашигтай гарч, Засгийн газрын өрийн ДНБ-ий харьцаа буурсан, зээлийн хүү 2016 оноос 3.0-3.5 нэгж хувиар буурсан, ажил эрхлэлт нэмэгдсэн, Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулсан зэрэг олон эерэг өөрчлөлтийг дурдахаар байна.

- Эдийн засгийн сэргэлтэд нөлөөлсөн гол хүчин зүйлс юу вэ? 

- Сэргэлтэд нөлөөлсөн хүчин зүйлс гэвэл нэгдүгээрт, экспортын үнэ, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эрэлт зэргээр тодорхойлогдох гадаад таатай орчин; хоёрдугаарт, төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалт; гуравдугаарт, ОУВС-ийн хөтөлбөр, түүнийг дэмжиж буй олон улсын санхүүгийн байгууллагууд, донор улсуудын дэмжлэг;дөрөвдүгээрт, бодлого боловсруулагч төрийн байгууллагуудын гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн нээлттэй харилцаа зэргийг дурдмаар байна. Эдгээрээс Монголбанкны хувьд мөнгөний бодлого, банкны зохицуулалтын арга хэмжээг тодруулъя. Эдийн засгийн уналтыг тогтворжуулснаар сэргэлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулсны зэрэгцээ хэрэглээний зээлээс илүүтэйгээр ажлын байр бий болгох бизнесийн зээлийг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг боллоо. Түүнчлэн заавал байлгах нөөцийн хувь, эрсдэлийн жингийн тохируулгуудаар дамжуулан эдийн засаг дахь долларжилтын түвшинг маш бага түвшинд хүргээд байна. Энэ нь банк, ААН-ийн ханшийн эрсдэлд өртөх эмзэг байдлыг бууруулж байна. Банкны салбарын хяналт шалгалтыг сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд хяналт шалгалтын зарчмуудыг өөрчилж, мөрдүүлж эхэллээ. Мөн банкны системийн активын чанарын үнэлгээний үргэлжлэл болгож магадлан итгэмжлэх аудитыг хийж дуусгалаа. Монголбанкны институцийн хөгжлийг шат ахиулж, дархлааг бий болгохын тулд мөнгөний бодлогын шийдвэр гаргах зарчмаас эхлээд банкны хяналт шалгалт, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хадгаламжийн даатгалын тогтолцоо, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах ажлыг банк, санхүүгийн салбарын тулгуур хуулиудад өөрчлөлт оруулах, эрх зүйн зарим зохицуулалтыг шинээр боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулж, тэдгээрийг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид ч хийх ажлуудыг энэ жилийн үндсэн чиглэлд тусгасан.

- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл юунд зорьж байна вэ.Өмнөх жилүүдээс онцлох шинэлэг зүйл нь юу байна вэ? 

- Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монголбанк өөрийн тооцоо, судалгаа, холбогдох мэргэжлийн байгууллага, бие даасан судлаачид, олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг харгалзан үзсэн. Мөнгөний бодлогын баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгалаа. Тухайлбал, гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэх, гадаад өрийн тулсан дарамтуудыг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Ялангуяа, ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх юм. Мэдээж хэрэг макро тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Нөгөө талаас банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэтгэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Технологийн дэвшилтэй холбоотойгоор санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

- Энэ жилийн үндсэн чиглэл нь дунд хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэж байна. Харин ирэх жилийн эдийн засгийн төлөвийн талаар байр сууриа хуваалцана уу?

- Эдийн засгийн өсөлтийг их консерватив хандлагаар авч үзвэл цэгэн үнэлгээгээр 5.6 хувь, интервал үнэлгээгээр 5.1-6.3 хувьтай байхаар байна. Энэ бол инфляцид дарамт багатай өндөр өсөлт гэж харж байна. Инфляцийн хувьд нийлүүлэлтийн, улирлын, төрийн зохицуулалттай барааны үнэ, зах зээлийн нийлүүлэлтийн суваг, түүний хөгжил сул байгаатай холбоотойгоор цөөн тооны бараа, үйлчилгээний үнийн савлагаанаас хамааран хэлбэлзэл өндөр байгаа хэдий ч 2020 оны эцэст 7.2 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн дотоод талаас сүүлийн 2-3 жилд хуримтлуулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэх, өрхийн болон Засгийн газрын хэрэглээ эдийн засгийн дотоод эрэлтийг дэмжихээр байна. Гадаад орчны хувьд эрсдэл байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулж, түүхий эдийн үнэ сулрах хандлага үргэлжилж байна. Худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал, зах зээл дээрх савлагаанууд үргэлжилсээр л байна. Аль ч тохиолдолд эдийн засгийн секторууд одоо үргэлжилж буй гадаад, дотоод таатай боломжийг ашиглан санхүүгийн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын сайн сонголт болж байна.

- Ирэх жилийн эдийн засгийн төлөв харьцангуй сайн байх нь ээ. Харин эдийн засгийн цаашдын төлөвт нөлөөлөх сорилтууд, шийдвэрлэх асуудлуудыг хэрхэн үзэж байна вэ?

- Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, инфляци зорилтот түвшний орчимд хадгалагдахаар хүлээгдэж байгаа хэдий ч эдийн засагт ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай сорилтууд байна. Тухайлбал, Монгол улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн нийт 14 орчим тэрбум ам.долларын өрийн асуудлыг амжилттай шийдвэрлэх нь хамгийн чухал. Саарал жагсаалтад орсон ч, эс орсон ч УИХ, ЗГ, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран энэ талын ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, олон улсын өмнө хүлээх хариуцлагаа биелүүлэх ёстой. Томоохон төслүүдийг хөдөлгөхдөө богино хуагцаанд эдийн засагт хүндрэл дагуулахгүйн тулд гадаад эх үүсвэрт тулгуурлаж шийдвэрлэх хэрэгтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөн дэлхий даяар өрнөж байна. Иймд зөвхөн гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжих шаардлагатай. Эдийн засгийн бодлого туйлын прагматик байх шаардлагатай болсон. Эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд дэлхийн эдийн засгаас ирж болзошгүй сөрөг нөлөөг давах бэлтгэлээ төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хангах, түүнийг хангуулах чиглэлд ирээдүйг харж бодлого, зохицуулалтаа төрийн байгууллагууд чиглүүлэх шаардлагатай байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, донор улс орнуудтайгаа ойлголцож, харилцаагаа маш сайн өндөр түвшинд хадгалах шаардлагатай.

- Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болжээ

Огноо:

,

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг болж, нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Хандаа: Эсгүүрчин хүнд нүдний, гарын, ухааны ур гэж бий

Огноо:

,

Хилчид Хандаа эгчид хэмжээгээ өгч оёулах дуртай. Учир нь хэмжээ алдана гэж байдаггүй. Биед яг тааруулж эсгэж өгдөг болохоор бүгд л дуртай. Оёдлын үйлдвэрийн анхны эсгүүрчин гэгдэх туршлагатай эгчтэйгээ илүү дотно танилцсан юм.

-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-1992 онд оёдлын үйлдвэр нэг мастер, дөрвөн оёдолчин, нэг эсгүүрчинтэйгээр байгуулагдах үед нь орж байлаа. Ингээд 28 дахь жилдээ хилчдийнхээ хувцсыг эсгэж сууна даа.

-Ямар хувь зохиол хилчидтэй холбосон бэ?

-Эгч нь “Бөртэ”-д 1972-1992 он хүртэл ажиллаж байлаа. Надтай хамт ажиллаж байсан Сугар гээд мастер “Хилийн цэрэг оёдлын үйлдвэр шинээр байгуулж байгаа. Чи ирж ажиллаач” гэж гуйсан юм. Би 20 жил “Бөртэ”-д ажиллачихаад нэг л өдөр орхиод гарах хэцүү байсан ч хүнийг шинэ ажил эхлэх гэж байхад нь тусалья гээд гарсан. Том үйлдвэрт ажиллаж байгаад анх ирэхэд амаргүй санагдсан. Гэхдээ цаг хугацаа хурдан өнгөрөх юм.

-Тэгэхээр та байдал ямар болсон бодит нөхцлийг хамгийн сайн мэдэх хүн байх нь?

-Өмнөх үетэй харьцуулашгүй. Хүн хүч, тоног төхөөрөмж, байр сууцны тухайд үнэхээр сайхан болсон. Үе үеийн дарга нар үйлдвэрийг сайжруулахад маш их анхаарсан.

-Эсгүүр хийх хэцүү юу?

-Хариуцлагатай ажил. Буруу эсгэх юм бол оёдол дагаад буруу болно. Тиймээс маш сайн бодож тооцоолж байж даавуугаа эсгэх шаардлагатай. Тэгэхгүй бол үнэтэй даавууг эвдчихнэ шүү дээ. Даавуун дээр гараар зурна гэдэг амаргүй. Ийм эсгүүрчид манайд, “Бөртэ”-д л байна. Энэ бол ур чадвар шүү. Эсгүүрчдэд ухааны ур, нүдний ур, гарын ур гэж байдаг. Түүнээс хэн дуртай нь эсгүүр хийчихдэггүй.

-Та мэргэжлийн хэддүгээр зэрэгтэй вэ?

-Тавдугаар зэрэгтэй. Мэргэжлийн зэрэг тулчихсан.

-Та хичнээн шавьтай вэ?

-Зөндөө бий. Гэхдээ орчин үед оёдлын үйлдвэр, цех олон болсон учир хүмүүс эсгүүрийн технологийг сурч авчихаад гараад явчих юм. Бүгд л хувиараа оёдлын цех ажиллуулж байна. Одоо надтай хамт ажиллаж байгаа хоёр охин миний шавь. Би энэ хоёртоо их найдлага тавьж байгаа.

-Өдөрт хэдэн китель эсгэх үү?

-Хүний бие янз бүр. Хэмжээгээ аваад эсгэхэд 10-г гаргачихна. Цэргийн хувцас нарийн болохоор малгай, китель, өмд, юбкаг 1 мм-ийн хэмжээ алдахгүй л эсгэх учиртай.

-Өөрийнхөө хувцсыг эсгээд оёчих уу?

-Залуудаа л өөртөө дээл, плаж оёдог байлаа. Одоо бол бусдад оёхоос өөртөө оёно гэж байхгүй юм даа.

-40 гаруй жил эсгүүр хийжээ. Хэдэн мянган метр даавуу эсгэсэн гэх тооцоо байдаг уу?

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ тооцож үзсэн бол өдийд тоогоо алдчихсан яваа.

-Хилийн 0288 дугаар ангийг зарим хилчид танаар төсөөлдөг?

-Бүгд л Хандаа эгчээ гээд хүрээд ирэхэд сайхан байдаг. Анх сонсогч байхад нь, сургууль төгсөхөд нь, дарга болоход нь, тэтгэвэртээ гарахад нь хувцсыг нь эсгэж өгсөн хилчид олон байдаг. ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн штабын даргын хувцсыг гэхэд би саарал шинель өмсдөг байхад нь л эсгэж өгч байсан. Өнөөдөр ийм мундаг дарга нар болох үед нь дахин хувцсыг нь хэмжээ аваад эсгэж байхад үнэхээр сайхан санагдаж байна.

-Таны баримталдаг зарчим?

-Би дарга, цэрэг гэж ялгахгүйг л хичээдэг. Хэмжээ өгөхөөр ирсэн хэнийг ч ялгалгүй сайхан таарсан хувцас хийгээд өгөхийг бодно. Шавь нартаа ч үүнийг байнга захидаг.

-Та хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн үү?

-Эгч нь хүү, охин хоёртой. Хүү ШУТИС-ийг төгссөн. Охин МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй ээ.

-Өдөржин эсгүүрийн том ширээний ард зогсоогоороо ажиллахад хэцүү байх?

-Би сурчихсан болоод тэр үү ядрах нь гайгүй. Анх эсгүүрчнээр ажиллаж байхад оройд хөл хавдчихаад гутал ордоггүй байсан. Эгч нь тэтгэвэртээ суухаар дарга нартаа саналаа өгчихсөн байгаа. Эсгүүр хийхэд нүд муу, гар хөл салгалдаг болчихвол хэцүү. Тиймээс гайгүй дээрээ энэ ажлаа орхих бодолтой байна. Хэд хэдэн даргын үед тэтгэвэртээ гарахаар хүсэлт өгсөн. Хойшлуулсаар байгаад өдийг хүрчихлээ. /инээв/  

-Хүнд хувцас урлана гэдэг буян гэж ярьдаг?

-Тэгэлгүй яахав. Эх орныхоо торгон хилийг манаж зогсоо тэнгэрлэг хилчдийнхээ хувцсыг урлана гэдэг сайхан. Ийм гэгээн зам мөртэй ажил хийдэг болохоор эгчийнх нь ажил үйлс бүтэмжтэй явдаг гэж боддог. Эх орон хамгийн шилдэг хөвгүүдээрээ хилээ мануулдаг. Тийм хийморьтой хилчдийн хувцсыг урлаж байгаа би яаж муу байх билээ. Хүн сэтгэлдээ хиргүй тунгалаг явахад ажил, амьдрал нь дагаад дэвжин дээшилдэг жамтай. Би энэ олон жил ажиллахдаа хэн нэгэнтэй ам мурийж, хар буруу санаж явсангүй. Тийм ч учраас хүн бүр Хандаа эгчээ гээд надад сайн байдаг болов уу.

-Таныг өөр оёдлын үйлдвэрүүд ирж ажиллаач гэж санал тавьж байв уу?

-Тавилгүй яахав. “Бөртэ” хүртэл буцаад ирээч гэж гуйсан. Гэхдээ тэнд ажиллаж байгаа эсгүүрчид миний найзууд. Тийм байхад нэг хүнийг ажилгүй болгоод би очвол сэтгэлд сэвтэй. Тэгээд ч эгч нь сэтгэл зүрхээрээ хилчин болсон.

Эх сурвалж:ХХЕГ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Коронавирусийн халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдлээ

Огноо:

,

Япон Улсын Канагава мужийн оршин суугч БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам энэ сарын 16-ны өдөр мэдэгдэв. Япон Улсын ЭМХНХЯ-ны мэдээлснээр 1 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос эх орондоо буцаж ирсэн 30 орчим насны эрэгтэй уушгины хатгалгаа өвчин туссан хэмээн оношлогдож, улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээгээр дээрх вирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварыг япон иргэн авсан анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг Японы тал ийнхүү албан ёсоор зарлав.

Японы албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэний гэр бүлийн хүмүүс, эх орондоо буцаж ирсний дараах “хавьталуудыг” эмнэлгийн байгууллага хяналтдаа авсан ба одоогоор нэмж өвчилсөн хүн гараагүй байна. Үүнтэй холбоотойгоор Япон Улсын Засгийн газар Ерөнхий сайдын ажлын албаны Онцгой байдлын штабт шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаас гадна, гадаад улс орноос ирж буй иргэдэд ханиад болон халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт мэдэгдэх, өвчний голомт бүхий бүс нутгаас ирсний дараа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан тохиолдолд зорчсон орон, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

БНХАУ-д бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчний тохиолдол Япон улсад гарсантай холбогдуулан тус улсад суугаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох