Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

Огноо:

,

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа. 

-Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн  дагуу явагдаж буй  нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, 2020-2021 онд хэрэгжиж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж  байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ юм. 

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр иргэнд ямар ач холбогдолтой вэ?

-Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байх, шимтгэл төлөлтүүд нь дундаа тасрах, ингэснээр тэтгэвэр тогтоох дундаж цалин буурах зэрэг асуудлууд үүсэж, хохирох тохиолдол их байдаг. Уг хууль батлагдаж, иргэд тасарсан хугацаагаа нөхөж төлснөөр 1995-2019 он хүртэлх тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа буюу нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн.

-Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэд заавал харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандах уу. Ямар материал бүрдүүлж өгөх вэ?

-Тийм ээ. Өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан нөхөн даатгалд хамрагдаж болно. Уг хуулийн дагуу зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь 1995-2019 он хүртэлх хугацаанд 11 төрлийн албан татвар төлсөн байх ёстой. Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж байгаа иргэн заавал татварын хэлтэс дээр очиж лавлагаа авах шаардлагагүй. Харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд, татвар төлж байсан эсэх, нөхөн даатгалд хамрагдаж болох үгүйгээ шалгуулна.

 -Тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань заавал нааш цаашаа явах, татвар төлсөн лавлагаа авах шаардлагагүй юм байна?

-Тийм ээ. Шууд харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд нөхөн даатгалд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулна.  Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд НДЕГ болон ТЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу дундын мэдээллийн баазаас иргэний регистрийн дугаараар нягтлан шалгаж, нөхөн даатгалд хамруулж байгаа.

Малчин даатгуулагч иргэн нь нөхөн даатгалд хамрагдахын тулд:

  1. Өргөдөл
  2. Тухайн нөхөн тооцуулж авах онуудын Мал тооллогын А данс
  3. Харьяа баг/ хорооны Засаг даргын тодорхойлолт
  4. Мөнгө тушаасан баримт зэрэг материал бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандана.

-Энэ хуулиар шимтгэл нөхөн төлөх нэг иргэн дунджаар хэдэн төгрөг төлж, нөхөн даатгалд хамрагдах боломжтой вэ?

-Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байна.

Жишээ нь, тухайн иргэн тасарсан нэг жилээ нөхөж авахад нийт 504,000 төгрөг, 10 жилээ нөхөж авахад нийт 5,400,000 төгрөг төлнө. Өмнөх онууд буюу 1995-2019 оны тасарсан хугацаагаа нөхөж авч байгаа хэдий ч одоо мөрдөгдөж байгаа  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ээс тооцож төлнө гэсэн үг

-Нөхөн даатгалд одоо ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд хамрагдах боломжтой юу?

-1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлнэ.  Тэгэхээр одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь хамаагүй 15-60 насны иргэд бүгд хамрагдаж болно. Гол нь 1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буюу тасарсан иргэд байх ёстой.

-Танай дүүргийн хэмжээнд хэчнээн хүн нөхөн даатгалд хамрагдаад байна вэ. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 2021 онд уг журмын хэрэгжилтийг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 62 иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн байна.

Он

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нөхөн даатгалд хамруулсан байдал

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

Малчин

Нийт

Хүний тоо

Мөнгөн дүн /мян төгрөг/

Хүний тоо

Мөнгөн дүн /мян төгрөг/

Хүний тоо

Мөнгөн дүн /мян төгрөг/

1

2020

28

34,000,000

22

24,000,000

50

58,000,000

2

2021

27

32,641,000

5

16,247,000

32

48,888,000

Нөхөн даатгалд хамрагдсан 62 иргэний ихэнх нь 50-иас дээш насны иргэд бөгөөд уг хуулийн дагуу нөхөн тооцуулсны үндсэн дээр тэтгэвэр тоолгосон байгаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн дагуу 15-60 насны иргэд хамрагдах боломжтой учраас залуучууд түлхүү хамрагдсанаар өөрсдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэнэ.

 -Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?

-Хуулийн хугацаа одоо 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Дахин энэ хуулийн үйлчлэлийг сунгах эсэх нь тодорхойгүй байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань амжиж нөхөн даатгалд хамрагдаарай.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах  248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох