Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 15-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 84 хувийн биелэлттэй хэрэгжжээ.  Гурван үүрэг даалгавар нь коронавирусийн халдварыг бууруулах, нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг сайжруулах чиглэлийн үүрэг даалгавар байсан юм. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үр ашиггүй зардлыг багасгах, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх даалгаврын хэрэгжилт  85.9 хувьтай биелжээ. Төсвийн орлого бүрдүүлэлтээс  газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг татварын орлого тасалдалтай буюу 56-76 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тиймээс орлого бүрдүүлэгч байгууллагынхан онцгойлон анхаарахыг санууллаа.

Нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа.  Өнөөдрийн байдлаар  Баянголд тав,  Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.

Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн  байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна гэлээ.

Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь  бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба  хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм.  Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн  дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгосон. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа юм.

Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдаж, тэр дундаа хөгшид буурлуудаа үндэсний баяраар баярлуулж чадалгүй, зарим нь хорвоогоос буцаж байгаа нь юутай харамсалтай. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй, вакцин мөрөөдөж суугаа сая сая хүмүүс байна. Гэтэл бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Давуу талаа давуу тал гэж хардаг болъё. Боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” хэмээн уриаллаа.

Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй

Сайжруулсан шахмал түлшний нөөц хийгээд түгээлт, хүрэлцээ хангамжийн талаар “Таван толгой түлш”  ХХК-ийн захирал Г.Ундармаа танилцуулав.

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай  сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг. Хүндрэлтэй асуудал гэвэл шуудайны хүрэлцээ байсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн бол удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэлдээ ороод байна. Тиймээс шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй гэлээ.

Хашлага давсан автобусны жолооч эмнэлэгт эмчлүүлж байна

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ. Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зорчигч өртсөн ослын тоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдсэн бол бусад дүүрэгт буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энхтайваны гүүрний хажуу руу нийтийн тээврийн  автобус хашлага даван унасан хэрэг байсан. Уг автобус нь зорчигчгүй  байсан бөгөөд жолоочийн биед гэмтэл учирснаас эмнэлэгт эмчлүүлж буй ажээ. Урьдчилсан дүгнэлтээр автобусны урдаас жижиг тэрэг урсгал сөрөн орж ирснээс осол гарсан байх магадлалтайг Тээврийн цагдаагийн албанаас тодотгож байлаа.

Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчимд  агаарын температур шөнөдөө -6 хэмээс -12 хэм хүйтэн, өдөртөө -3 хэмээс +8 хэм дулаан, салхины хурд 6-7 м/с байжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун шөнөдөө -13 хэмээс -17 хэм хүйтэн, өдөртөө -1 хэмээс +4 хэм, зарим үед үүлэрхэг байх төлөвтэй байгааг Цаг уурын албанаас мэдээлсэн байна. Урьд өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байгаа ч Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудад объектын гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёр  удаагийн дуудлага иржээ.  Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 5.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар мэдээллээ.

Төсвийн жилд өр авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:

-Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

-Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангах.

-Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх  ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 23 минут

“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг а...

Цаг үе19 цаг 30 минут

Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсы...

Урлаг спорт19 цаг 34 минут

“Хот мандал- нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнги...

Үзэл бодол19 цаг 44 минут

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой...

Цаг үе19 цаг 47 минут

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Цаг үе19 цаг 50 минут

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн...

Шударга мэдээ19 цаг 52 минут

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хаш...

Цаг үе19 цаг 57 минут

Амьдрах орчин нөхцөлөө иргэдийн оролцоотой сайжруулъя!

Цаг үе20 цаг 2 минут

"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй ду...

Цаг үе20 цаг 5 минут

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Санал болгох