Улстөр нийгэм
Төслийн хүрээнд гал унтраах 21 автомашиныг хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компани хооронд байгуулсан гэрээний дагуу нэгдүгээр ээлжинд нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн албаны автомашины 21 автомашиныг хүлээн авлаа.
Онцгой байдлын ерөнхийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/199 дүгээр тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 76 алба хаагч хамрагдаж байна. Сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар явуулж байна.
Сургалт өнөөдөр гал түймэр унтраах үндсэн албаны автомашинаар ус соруулах, шахах дадлагыг зохион байгуулан амжилттай үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Улстөр нийгэм
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.
Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.
Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.
Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.
Улстөр нийгэм
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.
Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан баримт бичгийг солилцов.
Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцов.
Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг урагшлуулах, Монгол, Германы Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
-
Улстөр нийгэм2023/02/14
Ерөнхий сайд Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
-
Цаг үе2020/09/22
Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн авлигын эсрэг тэмцлийн ач холбогдол
-
Цаг үе2019/06/20
Аавынхаа унтаж байгааг ажиглаж байсан уу...
-
Цаг үе2019/08/12
“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр...
