Цаг үе
“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр юм
Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас nema.gov.mn сайт эрүүл мэнд, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хүргэх “Эмч зөвлөж байна” буланг шинээр нээн ажиллуулж байна. Энэ удаа та бүхэнд “Архи уугаад стресс тайлагддаг уу?” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Стрессийг үүсгэж байгаа хүчин зүйлийг архи арилгаж чаддаггүй. Сэтгэл зүйн хувьд архи уух нь өөрийгөө тайвшруулах нэг арга гэж үздэг тал байдаг ч ийм арга хэрэглээд өөрийн сэтгэл зүйн гадаад, дотоод асуудал, стресс бухимдлаа тайлна гэсэн ойлголт биш юм. Хэрвээ стресс бухимдлаа тайлахаар архийг хэрэглэж байгаа бол хэдэн цагийн дараа дахин физиологийн стресст (шарталт, архины хордлого гэх мэт) давхар өртдөг.
Архины үйлдвэрлэл, архидалтаас шалтгаалсан эндэгдэл, өвчлөл, зан үйлийн эмгэг жил ирэх тусам нэмэгдэж архины хамааралд өртөх явдал залуужиж байна. Өөрийн сэтгэл зүйн ямар нэгэн шарх, эмзэглэл, урд тохиолдсон амьдралаа бодон архины хэрэглээг нэмэгдүүлж байгаа бол энэ нь та өөрийгөө хавханд хийхтэй адилхан гэж ойлгож болно.
Маргааш л уухгүй байя гэж хүмүүс хэлдэг. Энэ бол архины хэрэглээний хамгийн ноцтой хэллэгийн нэг бөгөөд нэгэнт зуршил болчихсон байгааг илтгэж байгаа юм. Архины хамаарал нэг хүн, нэг гэр бүл, нэг өрх, нэг албан байгууллагын хэрэг биш болж нийтийн асуудал болон хувирсан. Өөрөөр хэлбэл, нийгэм-сэтгэл зүйн асуудал болоод байна. Нийгэм-сэтгэл зүйн хувьд архины хамааралтай болох хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:
- Нийгмийн болон хамтын хүрээлэл байхгүй болсон, нийгмийн ганцаардалд орох, гэр бүлийн харилцаа хэвийн бус болох;
- Хэн нэгний шууд хамааралд орох;
- Эдийн засгийн асуудалтай, хамааралтай болох;
- Хийсэн ажил бүтэлгүйтэх буюу оролдлого хийх бүрт санаанд хүрээгүй байх;
- Стресс, сэтгэл тавгүйтэл, сэтгэл түгшүүртэй байх;
- Хийсвэр зүйлд хэт итгэх, тэр нь биелээгүй тохиолдолд;
- Хэт ачаалал багатай ажиллах буюу зүгээр суух;
- Хүний хэлсэн үгнээс буюу харилцааны асуудлаас болж;
- Бусад
Нэгэн ухаантны хэлснээр хамгийн асуудалтай, эс бөгөөс бүхий л асуудлаа шийдсэн хүний гол тоглоом нь архи гэжээ. Манай улсад “архи ууж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь өөрт байгаа асуудлаа шийдсэн байгаа бол? Асуудлаа шийдэх гэж явах замдаа л архины асуудалтай болчихдог. Дээрх шалтгаануудыг нөхцөлдүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол бие хүний өөртөө итгэлгүй, гутранги байдал юм. Архины асуудал нь бие хүний биеэ авч явах байдал, өөрийгөө хянах чадвар, сэтгэлийн тэнхээтэй ихээхэн холбоотой. Сэтгэлийн тэнхээгүй хүмүүс л архинд ордог. Архины хамааралтай хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь ямагт доошилж байдаг. Шийдвэр гаргах чадвар буурч, өөрийгөө өмгөөлөх, хамгаалах, бусдыг буруутгах байдал байнга гаргадаг. Үүнээс болж харилцааны бэрхшээлтэй болно. Өөрөө өөртөө “үгүй” гэж хэлэх чадвар улам буурсаар байдаг.
“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр юм. Архи уугаад стресс тайлагдахгүй! Тиймээс та эрүүл ухаанаар өөрийнхөө амьдралыг, өөрийн байр суурийг эргэцүүлээд сэтгэлийн тэнхээтэй байхыг дахин нэг сануулъя. Харин үүний оронд ажил хөдөлмөртөө илүү их цаг гаргаж үр дүнг нь үзээрэй. Энэ бол сэтгэлийн тэнхээг сэргээж байгаа үйл явц юм.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Улстөр нийгэм2026/04/23
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх...
-
Цаг үе2025/02/19
Төрийн 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахим болжээ
-
Урлаг спорт2025/02/25
“Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цог...
-
Улстөр нийгэм2020/10/29
ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав
