Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асуудлыг шийдэх боломж бий

Огноо:

,

"Монголын дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2019" энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн чуулга уулзалт "Дижитал шилжилт" нэртэйгээрээ явагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Энэхүү чуулганы үеэр Монголын Радиологийн Үндэсний Чуулганы 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа. 

-Өнөөдрийн уулзалтын талаар?

-Өнөөдөр Монголын дүрс оношлогооны нийгэмлэгийн 24-р их хурал болж байна. Монголын бүх аймаг, орон нутгаас ирсэн нийтдээ 400 гаруй эмч, мэргэжилтэн, эмнэлгийн техникч нар оролцсон хурал болж байна. Энэ хурлаараа бид нар "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал" гэж яригдаж байгаа үед манай салбарын хамт олон бэлэн үү, хэрхэн яаж бэлдэх үү, дотооддоо ямар стандартыг барих вэ гэдгийг хэлэлцсэн сайхан хурал болж байгаа. Энэхүү хурал нь жил бүр зохион байгуулагддаг. Өнөөдрийн уулзалтын хамгийн гол ач холбогдол нь "Дижитал шилжилт" юм.

-Та бүхэн энэхүү уулзалтынхаа үр дүнгээс юуг хүлээж байна?

-Энэ удаагийн уулзалт маань өмнөхөөсөө илүү эко орчинд болж байна. Тухайлбал, цаасан хэвлэлгүй, ном цаасгүй болж байгаа юм. Дижитал хэлбэрт бүрэн шилжсэн. Бүх дүрс оношлогооны эмч нар нэгдсэн нэг системд холбогдож чадаж байгаа юм. Ингэж холбогдсон системээрээ бид нар дотроо нарийн асуудлаа ярилцаж, шийдээд явах бүрэн бололцоог энэ хурал нээж өгч байгаа.

-Энэхүү системд нь улсын болон хувийн эмнэлгийн, хөдөө орон нутгийн эмч нар бүгд оролцож чадаж байгаа юу?

-Монголын бүх хувийн болон төрийн бүх эмнэлэг, анагаахын сургуулиудын эмч, технологич, инженерүүд оролцсон хурал болж байгаа. Хурлаасаа гарсан бүхий л асуудлыг үр дүнд хүргэхийн төлөө хамтарч ажиллана.

-Нэн тулгамдаж байгаа асуудлынхаа талаар?

-Бидэнд нэн тулгамдаж байгаа асуудал бол Монголын төр ба хувийн хэвшлийн түншлэл. Учир нь бодлого нь тогтворгүй. Үүнийг тогтвортой болгож, ойлгомжтой болгох асуудал л нэн тулгамдаж байна. Мөн нийгмийн даатгалын хөнгөлөлтөд өндөр өртөгтэй шинжилгээ орох уу, иргэдийн карманаас төлж байгаа мөнгийг хамгийн их нэмэгдүүлж байгаа нь манай салбарын тоног, төхөөрөмжүүд. Хувийн эмнэлгийн замбараагүй, болдоггүй тэлэлт энэ бүгдийгээ дотооддоо ярилцаж цэгцлэе гээд хуралдаж байна даа. Энэ чиглэлийн бодлого, төлөвлөлт байхгүйн улмаас тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд эмнэлгүүд маш их мөнгө төлж байна. Тоног төхөөрөмжөө хэт их тэлж, олон төрлийн тоног төхөөрөмж суулгаж байгаа нь ирээдүйд манай улс сервис зардал дээр асар их мөнгө төлөх болно. Энэхүү уулзалтаас тодорхой үр дүн, шийдэлд хүрч чадна гэж бодож байна. 

-Уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм байна. Өнөөдрийн хувьд олон илтгэл тавигдаж байгаа харагдлаа. Гаднын орнуудаас уригдан ирсэн зочдоосоо танилцуулбал?

-Япон, Хятад, Тайван, Солонгос зэрэг орнуудын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцож байгаа. Дотоодын төлөөллүүд мөн гаднын эрдэмтдийн илтгэл тавигдаж байгаа нь олзуурхууштай хэрэг болж байна.

-Өнөөдөр та ямар сэдвээр илтгэл тавив?

-Бид 24-р чуулга уулзалтаа дижитал шилжилт сэдвээр хийж байна. Энэ шилжилтэд манай салбарынхан бэлэн үү, дотооддоо болохгүй байгаа асуудлаа өөрийн илтгэлээрээ сөхөн асуудал хөндөн ярилаа.

-Таны илтгэлийг сонсож байхад та "Солонгын долоон өнгө" гэж ярьсан. Энэ талаараа уншигчдад сонирхуулбал?

-Монгол улс гуравхан сая иргэнтэй. Гэтэл манайх шиг оронд бол 2-3 төрлийн брэндийн аппарат байхад болох асуудал. Гэвч бид нар 7 түүнээс дээш төрлийн брэндийн аппарат орж ирж байна. Энэхүү брэнд болгоны ард хүн хүч, хөрөнгө яригддаг. Жишээлбэл, 10 томографикийн сервесийг хариуцахад тэрний зардал буурдаг. Харин гурав, дөрвөн аппаратын зардал өндөр байдаг. Ингээд ирэхээрээ иргэдийн нуруунд ачаалал ирж байгаа юм. Тийм учраас бид цөөхөн брэндийн чанартай тусламж үйлчилгээг хамгийн бага зардлаар хүргэх асуудлыг дэвшүүлж байгаа. 

-Техник технологи нь хөгжихийн хэрээр эмч нар нь хариугаа сайн унших асуудал  сөхөгдөх болсон. Энэ тал дээр монгол эмч нар  хэр зөв, оновчтой уншиж чаддаг вэ?

-Энэ асуудлыг маш их ярьдаг. Хариуг манайхан дэлхийн түвшинд уншиж чаддаг болсон. Харин үүнийгээ иргэдэд зөв ойлгуулж, хүргэх тал дээрээ учир дутагдалтай байгаа. Тэрнээс нийгэмд яригддаг шиг аппаратынхаа оношийг уншиж чаддаггүй юм байна лээ гэдэг зүйл бол худлаа. Харин хөдөө орон нутгийн нарийн мэргэжлийн эмч нар дотроо олон салчихсан байдаг. Үүнийг хөдөөний эмч нар бичиж чадахгүй. Буруу хүлээлгэх хэрэггүй. Харин хотынхоо эмч нартай яаж, хэрхэн холбож ажиллах вэ гэдгээ ярилцсан. Аль хэдийнээ холбоод хувийн хэвшлийнхэн энэ үүргээ гүйцэтгээд эхэлчихсэн байгаа. Одоо гол нь стандарт, нэгдсэн зөв зохион байгуулалтад ороход л шийдэгдэх асуудал. Суурь нь хэдийнээ тавигдчихсан байгаа юм. 

Сүүлийн 3-4 жилийн дотор эмч нар MRI хариугаа сайн уншдаг болсон. 

-Улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэх гээд хэдэн сараар иргэд хүлээж байж MRI хийлгэж байна. Харин хувийн эмнэлэг дээр мөнгөтэй хүмүүс нь авахуулчихдаг гэдгийг бид бүхэн мэддэг. Гэтэл цаана нь нэн яаралтай MRI хийлгэх хэрэгтэй мөртлөө төлбөрийн чадваргүй хүн хаана, хандаж яаралтай хийлгэх ёстой вэ. Энэ асуудлыг та бүхэн ярилцаж байна уу?

-Монголд байгаа нийт аппаратуудын гуравны нэг нь улсынх. Гуравны хоёр нь хувийн хэвшилд байгаа. Тэгэхээр улсын эмнэлэгт байгаа аппаратаар үйлчлүүлэгчид даатгалаас мөнгө авдаг.  Хүн мэдээж үнэгүй учраас тэнд үзүүлэх гээд очер дараалал үүсгэчхэж байгаа юм. Гэтэл хувийн хэвшлийн нэг ч эмнэлэг даатгалаас мөнгө авдаггүй. Үүнийг авна гэвэл нийгмийн даатгал нь ачааллаа дийлэхгүй. Энэ асуудлыг гаднын өндөр хөгжилтэй оронд нэн яаралтай амь насанд заналхийлсэн эмчилгээг хувийн эмнэлэгт даатгалаараа хийлгэдэг.

Энэ тогтолцоог нэвтрүүлчихвэл асуудал шийдэгдэх боломж бий. Тухайлбал, Солонгос улсад тархины MRI-г бүх иргэд нь аль ч хувийн эмнэлэгт даатгалаар хийдэг. Яагаад гэвэл хүн гэнэтхэн тархиндаа цус харваж болно. Улсын эмнэлэг очерловол цаг хугацаа хүрэлцэхгүй. Тиймээс гэрийнхээ ойрхон байгаа эмнэлэгт MRI-ээр онош тодорхой болгоно. Хэдий чинээ хурдан оношлогдон төдий чинээ үр дүнтэй. 

Монгол улсад үүнийг зохицуулах боломж бололцоо нь бий. Энэ бүгдийг бид ярина.

-Одоогийн байдлаар манай улсад нэвтэрсэн техник технологийн дэвшил нь ямар түвшинд явагдаж байна?

-Монгол хангалттай MRI-тай болчихсон. Хөдөө орон нутагт ганцхан бий. MRI өөрөө өндөр технологи шаарддаг. Дэлхийн түвшний бүх аппарат Монголд суугдчихсан. Ямар ч асуудалгүй.

-Монголд нэвтэрсэн бүх MRI нэг хариу өгнө гэдэгт та итгэлтэй байна гэсэн үг үү? 

-Бидний энэ удаагийн уулзалтын бас нэгэн чухал асуудал. Тухайн өвчтөнд хүндрэл учруулахгүй, иргэдийн төлж байгаа карманаас гарч байгаа мөнгийг нөгөө эмнэлэгт очихоор нь буруу байна дахиж манайх өөрсдөө авна гэдэг асуудлыг байхгүй болгохын тулд аппарат, эмч нартаа стандарт тавья гэдгийг энэ хурлаараа шийдэж байгаа ач холбогдолтой хурал болж байна. 

-Төр засгаас ямар нэгэн оролцоог хүлээж байна уу?

-Эрүүл мэндийн яамны бодлогын хүмүүс хуралд сууж байгаа. Маргааш бид нар нээлттэй хэлэлцүүлэг явуулна. Өөрсдийн санал хүсэлтээ бодлого явуулж байгаа яам руугаа явуулж харилцан уялдаа холбоотой энэ асуудлыг шийдэх бүрэн бололцоотой. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

ФАТФ-ын мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй

Огноо:

,

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсыг хяналтын буюу “саарал жагсаалт”-д оруулж, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Тус мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй.

ФАТФ-аас Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой дараах үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Үүнд:

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;
  2. Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх (тодорхойлсон эрсдэлтэй уялдсан байх);
  3. Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлж нэвтрүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;
  4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах; санхүүгийн байгууллага, Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянах, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах.

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, зуучлалын байгууллагуудаас гадна хуульч, нотариатч зэргийг багтааж байгаа юм.

Монгол Улсын их хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн баталсан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд өмнө нь зохицуулалтгүй байсан “үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа”, “үл хөдлөх эд хөрөнгө, зуучлалын байгууллагын үйл ажиллагаа”-г Санхүүгийн зохицуулах хороо шинээр хянаж зохицуулахаар тусгагдсан.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг шаардлагатай дүрэм журмыг шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах зэрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд, үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага зэрэг зохицуулалтын байгууллагууддаа эрсдэлийн үнэлгээ хийж, сургалт семинар, форумыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэн ажиллалаа. Ингэснээр зайны болон газар дээрх хяналт шалгалтад хамрагдсан этгээдийн тоог өмнөх жилүүдээс гурваас тав дахин нэмэгдүүлж ФАТФ-ын Харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжийн үзүүлэлтийг хангаж ажиллалаа.

Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаварт Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн зохицуулалтын салбарууд болох үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудад шууд хамаарах асуудал тусгагдаагүй болно. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ

Огноо:

,

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.  

ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/  төгрөг

1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Шилдэг телевиз - 1
  • Шилдэг радио- 1
  • Шилдэг сонин - 1
  • Шилдэг мэдээллийн сайт - 1
  • Шилдэг сэтгүүл – 1

2. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч -1
  • Сонины шилдэг сэтгүүлч -1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
  • Шилдэг судлаач -1

3. ШИЛДЭГ БҮТЭЭЛ: Шалгарсан бүтээл тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг бүтээл - 1
  • Радиогийн шилдэг бүтээл - 1
  • Сонины шилдэг бүтээл - 1
  • Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл - 1
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1            

4. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД: Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 3.000.000 /гурван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл– 1
  • Орон нутгийн шилдэг радио - 1
  • Орон нутгийн шилдэг телевиз - 1
  • Орон нутгийн шилдэг сайт – 1    
  • Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүлч -1
  • Орон нутгийн сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч -1
  • Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүч- 1
  • Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч-1 

5. ШИЛДЭГ РЕДАКТОР: Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана

  • Телевизийн шилдэг редактор – 1
  • Радиогийн шилдэг редактор -1
  • Сонины шилдэг редактор -1
  • Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
  • Сэтгүүлийн шилдэг редактор – 1
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.

- Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

- Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

- Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

- Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.

  • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
  • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
  • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725

И-Мэйл: mseonline@yahoo.com

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 сарын 22-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Шилдгүүдийг “Ган үзэг-2019” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН

АЖЛЫН АЛБА

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эрүүгийн хуулийн өөрчлөлт буюу эрхийн "балайрал" хууль тогтоогчид

Огноо:

,

УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өнгөрөгч баасан гаригт нэгэн хэлэлцүүлэг өрнөлөө. Эрүүгийн багц хуульд шинээр орж ирж байгаа “Гүтгэх” гэмт хэргийн тухай...

Энэ зүйл анги нь сүүлийн үест ихэвчлэн нийгмийн сүлжээний хэрэглэгчид болон сэтгүүлчдэд хамаатайгаар олны анхааралд өртөөд байгаа. Хамгийн сүүлд ихээхэн дуулиан тарьсан нэг тохиолдол бол “Элийрэгч” нэрээр твиттерт жиргэдэг Ц.Уянга гэх бүсгүйг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь гүтгэсэн хэргээр цагдаад өгсөн явдал. Үүнээс болоод твиттерт Ц.Уянга бүсгүйг хамгаалах бүтэл бүтэн аян өрнөсөн билээ. Жиргээчид өөрсдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн эрх барьж буй өндөр албан тушаалтнуудын үг болоод үйлдэлд шүүмжлэлтэй хандах эрхээ хамгаалахын тулд нэгдсэн хэрэг.

Өнгөрөгч өвөл УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “утсан хүүхэлдэй” гэж бичсэнийхээ төлөө бас нэг сэтгүүлч Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээж авсан нь твиттер хэрэглэгчдийн дунд бас нэг донсолгоон үүсгэж, жиргээчид #Х.Нямбаатар #Утсан хүүхэлдэй гэсэн хаштагаар нэг өдрийн турш жиргэсэн. ОХУ-ын нэг иргэн “Путин тэнэг” гэж бичсэнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээсэнд оросууд эсэргүүцлээ илэрхийлж, нийгмийн сүлжээнд нэгэн зэрэг “Путин тэнэг” бичсэнтэй агаар нэг юм.

Зөрчлийн хуульд бичсэн “гүтгэх” заалт нь хувь хүнийг 2.000.000 төгрөг, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэлтэй. Овсгоотой, эрх мэдэлтэй зарим нөхөд сэтгүүлчийг хоёр сая, хэвлэлийн байгууллагыг нь хорин саяар торгуулаад зогсохгүй араас нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад нэр төрөө сэргээлгэхээр хэдэн зуун саяыг нэхэмжилдэг. Тэр маргаан нь хэдэн сар жилээр үргэлжилж, сэтгүүлчдийг ийм аргаар залхаан цээрлүүлдэг болоод байгаа. “Аймгийн Засаг дарга 15 удаа гадаадад зугаалжээ” гэж бичихээр “13 удаа зугаалсан байхад 15 гэж гүтгэлээ” гээд ялалт байгуулж байх жишээтэй.

Зөрчлууль хэрэгжиж эхэлсний дараа сэтгүүлчдийн байгууллагаас хуулийн хэрэглээг шүүмжилж, нэгэнт Иргэний хуульд байгаа заалтыг Зөрчлийн хуулиар давхардуулан хэрэглэж, маргааныг шүүхээр шийдвэрлэхийн оронд цагдаагийн байгууллагаас шууд шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна хэмээн үзэж, “гүтгэх” заалтыг Зөрчлийн хуулиас хасуулахаар хууль санаачлагчид /Хууль зүй, дотоод хэргийн яам/ удаа дараа санал хүргүүлсэн байдаг юм.

Гэтэл хууль санаачлагч нь тэгэхээс тэгэх гэсэн шиг Зөрлийн хуулиас хасаад Эрүүгийн хууль руу эргүүлээд оруулаад ирснийг хууль тогтоогчид буюу УИХ одоо дэмжээд явж байна.

Хууль зүйн, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа 30 гаруй байгууллагын саналыг тусгаж авсан” гэх боловч тэдгээр дотор нь МСНЭ-ээс өгсөн санал багтсангүй. /Эрүүгийн багц хууль гэдэгт нь Эрүүгийн хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай нийт таван хуулийн нэмэлт өөрчлөлт багтсан/ Эсрэгээрээ гүтгэх заалт нь Эрүүгийн хууль руу эргээд ороод ирсэн байна. Энийг одоо юу гэх вэ?

Ердөө хоёрхон жилийн өмнө баталсан /2015 онд баталсан Эрүү, Зөрчлийн хуулийг энэ УИХ татаж аваад ийнхүү бантагнуулсан хэрэг/ хуулиа ингэж яаравчлан өөрчлөх болсон шалтгаан нь хуульчдын дунд маргаан дагуулаад байгаа “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой байлаа.

2017 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд /1.10.2/ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн байна. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож байна хэмээн шүүмжлэгдэж, хуульд өөрчлөлт оруулахаар болсон билээ. Одоогийн хуулиар албан тушаалын гэмт хэрэг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш таван жил өнгөрөхөд ялгүй болж байгаа. 2015 онд баталсан Эрүүгийн хуульд “гэмт хэргийг илэрсэн цагаас  эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох”-оор хуульчилсан байсныг 2017 онд өөрчлөөд ийм болгосон.

Үүнээс болж “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг жишээ нь хэдэн удаа шүүхээс буцсан билээ дээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй л бол хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаад гэмт хэрэгтэн ялгүй болж байгаа юм. Гэтэл үүнийг “шүүх дээр хэрэг цавчдаг, шүүгч авилга авдаг” хэмээн хамгийн их шүүмжилж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө хэргийн “цавчааг” мөрдөн байцаалт, прокурорын шат руу татаж авчирч байгаа бололтой юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолдог байсан хөөн хэлэлцэх хугацааг “яллагдагчаар татах хүртэл“ болгож наашлуулсан юм байна. Мөн ялгаагүй гэмт хэргийн мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацааг тоолоод, хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар ял, хариуцлагаас чөлөөлнө л гэсэн үг.

Уг нь бол хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаанд гэмт хэргийг илрүүлж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд уг гэмт хэргийн нийгэмд учруулсан гэм хор нь арилсан хэмээн үзээд ял хариуцлагаас чөлөөлдөг систем. Түүнээс биш хэргийг илрүүлээд, шалгаад явж байхад үйлчилдэг эд биш. Үүнийг Ц.Нямдоржийн цагдаа нарт Эрүүгийн эрх зүй зааж байгаа захын багш хэлээд өгнө.

Өөрөөр хэлбэл энэ удаагийн Эрүүгийн хуулийг өөрчлөх төсөл нь анх тавьсан зорилгоо гүйцэлдүүлж чадалгүй “таяг тойроод” буцаад ирсэн хэрэг. Хорлонтой нь ингээд зогсохгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү халдаад ороод ирж. Харамсалтай нь “хэвлэн нийтлэх эрх” гэдгийг зөвхөн сэтгүүлчидтэй холбож ойлгож болохгүй. Үүний цаана иргэдийн “мэдэх эрх” гэж маш том эрх ашиг байдаг. Хуулийн цаад зорилго нь үүнд л заналхийлж байгаа хэрэг.

Өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд /13-ын 14-р зүйл/ “Гүтгэх” гэмт хэргийг;

“1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байна.

Уг нь бол Иргэний хуульд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” /хуулийн 21-р зүйл/ гээд бүхэл бүтэн зүйл анги биччихсэн байгаа. Нийт 9 заалттай. Тэнд нь "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Үүний улмаас гэм хор учирсан бол гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй” гээд заачихсан.

Иргэний хуульд байгаа энэ харилцааг яагаад Эрүүгийн хууль руу оруулж ирэх гээд байгаа юм гэсэн асуултад хууль санаачлагч /ХЗДХЯ/ “Нийгмийн сүлжээнд эзэн тодорхойгүй хуурамч нэр хаягаар хувь хүний нэр хүндэд халдсан худал мэдээллийг маш ихээр тарааж байна. Шүүх хэргийн холбогдогчийг эрэн хайх үүрэггүй учраас цагдаагаар шалгуулахын тулд Эрүүгийн хууль руу оруулж ирэхээс өөр аргагүй болсон” гэв. Арай ч дээ...

Тэртэй тэргүй хэргийн холбогдогчийг олж тогтоох нь шүүхийн биш, цагдаагийн байгууллагын үүрэг. Эзэн холбогдогч тогтоогдохгүй бол дээр шүүхээс захирамж гаргаад цагдаагаар ажиллагаа явуулах эрх нь байгаа. Тэгээд ч үүгээр шалтаглаад албан ёсны хэвлэл мэдээллийн сувгаар нийтэлж нэвтрүүлж байгаа мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээний хуурамч хаягтай хольж хутгаж, ижил түвшинд үнэлнэ гэдэг байж болох зүйл үү?  

Нэрээ нуугаад хүн гүтгэж байгаа этгээдийг илрүүлэх нь цагдаагийн үүрэг. Харин нэр хүнд гутаагдсан үйлдлийг нь тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн үүрэг. Ийм хоёр өөр чиг үүргийг нэг уутанд хийгээд сэгсэрч байгаа хууль санаачлагчид ямар ёс суртахуун байна аа. Хуулийн байгууллагууд нь хийх ёстой ажлаа хийхийн оронд хуулийн дор байгаа иргэддээ л хүч бяраа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд түүнийгээ “Аль хэдийн манай мэдлээс гарчихсан. Одоо УИХ-ын хэлэлцүүлэгт байгаа учраас Байнгын хороонд асуудлаа тавь” гэж тавлах маягтай.

Угаасаа сэтгүүлчидтэй холбоотой “гүтгэсэн” гэх хэргийн ард  “хохирогч” гээд дандаа нэг дан, давхар дээлтэй улстөрчид, төрийн албыг төрлийн болгосон сайд дарга нар л байдаг. Өөрөөр хэлбэл олон нийтийн өмнө үүрэг хүлээж сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд. Шүүмжлэлд өртөмхий бүлэг ч гэдэг. Хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьсан Ц.Нямдорж сайд өөрөө ч цэвэр хүн биш. Нэг ёсондоо “ашиг сонирхлын зөрчилтэй” этгээд.

Харин сэтгүүлчид бол хэзээд олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг. Тэр утгаараа сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд илүү хүлээцтэй хандах шаардлагыг дээр хэлсэн “паблик фигур” буюу шүүмжлэлд өртөмхий хэсэгт тулгадаг.

АНУ-ын Дээд шүүх гэхэд бүр 1960-аад онд “Төрийн байгууллага, албан хаагчид өөрсдийн талаар хэвлэлд мэдээлэгдсэн зүйлийг няцааж чадаагүй тохиолдолд сэтгүүлчийг хариуцлагад татахгүй” гэдэг жишгийг шүүхийнхээ практикт хийчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Иргэний хуульд ч гэсэн нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа этгээд, нэр төрийг нь сэвтээсэн гээд хариуцагчаар татагдсан этгээд хоёр хоёр талаасаа баримтаа цуглуулж ирээд шүүхэддэг. Өөрөөр хэлбэл, шүүх тэдэнд өөрөө өөрийгөө хамгаалах тэгш боломж олгодог. Гэтэл энэ хэрэг Эрүүгийн шүүхээр явчихаар прокурор буюу улсын яллагч /өөрөөр хэлбэл төр/ нэг талд нь ороод явчихдаг учраас маргалдаж байгаа хоёр талд тэгш боломж олгогддоггүй.

Тиймээс иргэний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалья хадгалья гэвэл Эрүүгийн багц хуулийн нэмэлт өөрчлөлтөд бичсэн “гүтгэх” заалтыг хасч, Иргэний хуулиар хэрэг маргааныг шийдвэрлэдэг болохоос өөр аргагүй. Хэрвээ эсрэгээрээ бол хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн мэдэх эрхэд халдаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг санаатайгаар хавчин боогдуулж байна гэж үзэхэд хүрнэ.

Б.СЭМҮҮН
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох