Улстөр нийгэм
“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам” гаргана
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг энэ сарын 03-ны өдөр хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тус төслийн хэрэгжилт 30 хувьтай байна. Цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна. Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
“Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа, стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг оролцоо чухал учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол шийдвэрлэх боломжтой ажил. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой” хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцоллоо.
Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Улстөр нийгэм
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь арьс шир, ноос, ноолуур, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр болон хүнсний агуулах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 539 га талбайг хамарна. Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн Ерөнхий инженер Т.Батдондог: “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлыг гүйцэтгэж байна. 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна” гэв.


Аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа барих, бизнес инкубатор болон сургалтын төв байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркийн талбайд төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх юм.



“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь үндсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэх төсөл юм. Нэгдүгээрт: Арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан кластер үйлдвэрлэлийг нэг дор цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт: Улаанбаатар хотын суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн талбайд нүүлгэн шилжүүлснээр үйлдвэрлэлийг төвлөрүүлж, малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.


Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6–7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ.


Улстөр нийгэм
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлүүдэд хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох санал тавив. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг дурдав.

Хөх хотын Засаг дарга Лянь Дун дээрх саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагууд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны саналуудыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцоллоо. Уулзалтын төгсгөлд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Улстөр нийгэм
Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Гэрээс сургууль хүрэх зам” хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон мэргэжлийн байгууллага, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд, сурагчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн осолд 1377 хүүхэд өртсөн. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоог эхний жилээс 20 хүртэл хувиар бууруулах боломжтой.

Хэлэлцүүлгийн модератор, нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг. Иймд нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2026-2027 оны хичээлийн жилд "Сургууль хүрэх зам" төслийг хэрэгжүүлж байна. Энэ үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах нь цагаа олсон санаачилга юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар сургууль орчмын аюулгүй байдлын стандарт болон төсвийн чиглэл тодорхой болж, хүүхдийн аюулгүй байдал бүрэн хангагдах боломж бүрдэнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан “2026 оныг "Хүүхдийн эрхийг хамгаалах жил" болгон зарласан. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд сургуулийн орчинд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байна. Үзэл баримтлалаа баталж, тандалт болон үр нөлөөний судалгааг хийсэн. Холбогдох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барина” гэв.
НЕБ-ын сургуулиудын төлөөлөл сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал болохыг онцоллоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүүхдэд ээлтэй замын орчин нөхцөл бүрдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг тодотгов.






-
Улстөр нийгэм2019/08/12
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ до...
-
Цаг үе2021/03/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2020/04/20
Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын ажил үргэлжилж байна
-
Шударга мэдээ2025/01/16
Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ
