Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжсэнгүй

Огноо:

,

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурал 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдэл олгож байгаа ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн танилцуулав.

Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгажээ. Эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

Манай улсад ой, хээрийн болон обектын гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахал, цацраг, химийн хорт бодисын осол зэрэг аюулт үзэгдэл ихэвчлэн тохиолддог бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дээрх гамшгийн аюул, учруулах хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байна.  Сүүлийн 10 жилд байгалийн 45.2 мянга орчим үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 2124 хүний амь нас эрсдэж, 13.8 сая толгой мал хорогдон, улсад нэг их наяд гаруй төгрөгийн хохирол учирсанаас онцгой байдлын байгууллага 12.6 мянган хүний амь насыг аварч, улсын болон иргэдийн 237.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан тооцоо судалгаа гарсан байдгийг төсөл санаачлагч дурдаж байв.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүд салбар салбарыг салангид нь авч үзэж урамшуулал олгодог зохицуулалтыг болих хэрэгтэй, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын төлөв байдлыг сайн харж байж асуудалд хандах нь зүйтэй, тэр дундаа Засгийн газрын саналыг аваагүй асуудлыг төсвийн жилийн дундуур оруулж ирэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай буйгаа хэлж байв.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

Монголын Ардчилсан Холбооноос ард түмэндээ хандан мэдэгдэл гаргаж, ардчилсан хувьсгалын 34 жилийн болж байгаа ч энэ ойг тэмдэглэж баярлах шалтгаан алга, бид ийм улс орныг хүсээгүй хэмээн онцоллоо. 

Тэртээ 1989 оны 12-р сарын 10-нд ардчиллын анхны цуглаан тухайн үеийн  Хүүхэд залуучуудын Соёлын төв /одоогийн Улаанбаатар чуулга / -ын гадаа болж байсан юм. Өнөөдөр тус газарт Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд, Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Цэсэн болон  Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болсон гишүүд хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдлийг олон нийтэд хүргэлээ.

Мэдэгдлийг уншиж олон нийтэд сонордуулах үеэр 1989 оны 12 дугаар сарын 10-нд яг энэ газарт өргөж жагсаж байсан лоозонгууд хэвээр байгааг сануулж, хуучин лоозонгуудыг барьж гарч ирсэн байна. Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр тулсныг санууллаа.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.



МЭДЭГДЭЛ
 
 МоАХ-ны үе үеийн гишүүд, дэмжигчид ээ!

Нийт Монголчууд аа! 

Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр туллаа. Цагаан морин жилийн хөр цаснаар хөх туган дор эхлүүлсэн Монголын ардчилал, ард түмний хүсэн мөрөөдөж  зүтгэсэн  тэр нийгэм хаачив аа? 

Монголчууд бид:
-Амьд явах эрхээ алдсан
-Авлигачдын өлмийд бөхийсөн
-Өдөр ирэх тутам үгүйрэн ядуурч, өвчин, өрөндөө баригдсан 
-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ боомилуулсан
-Бүтээмжит бизнесийн боломжоо хясуулж, нэг улсаас хэт хараатжсан
-Газар, газрын хэвлийн баялгаа гадныханд алдсан 
-Алдагдалтай төсвөөс тэрбумтнууд  төрсөн
-Төрийн сонгуулиа ч шударга явуулж чадахгүй МОНГОЛ УЛСЫГ ХҮСЭЭГҮЙ.

Өнгөрсөн хугацаанд тогтсон олигархи дэглэм Монгол  үндэстний оршин тогтнохуйд  заналхийлээд удсаныг бүрэн ухамсарлах ёстой.  Монгол Улс  авлигын индексээрээ  дэлхийд  2017 онд  103- т орсон бол 2022 оны байдлаар   116-р байранд   бичигдэж сүүлийн таван жилийн дотор авлига нь  хурдтай өсөж буй арван орны нэгээр тодорлоо.   Мөн ардчиллын индекс 2021 онд 61- т байсан бол  2023 онд 77-р байранд ортлоо ухарч дэлхийн хуурамч ардчилалтай улсын тоонд багтсан төдийгүй ардчиллын үнэт зүйл - хэвлэлийн эрх чөлөөний  индексээрээ  88  дугаарт шигджээ.  Дэлхий нийтийн бидэнд өгсөн бодит үнэнтэй нүүр тулж яг одоо шийдвэрлэх алхам хийхгүй  бол цаг үлдсэнгүй. Алгуурлаваас ирээдүй үгүй юм. 
 
Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нам нэрийн доорх гэмт бүлэглэлүүд өөрсдөдөө зориулж хууль батлах замаар улс орноо, ард түмнээ тонон дээрэмдэж байна. Ийм дээрэмтэй МоАХ хэзээ ч эвлэрч чадахгүй!

Сөрөг хүчингүй шахам өнгөрсөн найман жилийн дотор улс орноо авлигад бүрэн автуулж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, тусдаа авлигын шүүх байгуулахаар зүтгэж, эх орныхоо газар шороог гадныханд 100  жилээр эзэмшүүлэх хууль санаачлан батлуулах гэсэн МАН-ын олон гэмт үйлдлийг МоАХ хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй! 

1992 оноос хойшхи 8 сонгуульд 5 удаа ялсан МАН  Монгол Улсын Үндсэн хуульд заасан  иргэдийн үзэл бодлын сайн дурын  нэгдлийн мөн чанараа аль хэдийнээ гээж, бохир мөнгөөрөө сонгуулийн үр дүнг өөрчлөн, ардчиллын нэр хүндийг гутааж жигшүүлэх зорилгоор сөрөг хүчнээ худалдан авч удирдлагад нь гэмт хэрэгтнүүд  томилж, ёс суртахуунаа уландаа дэвслээ. МАН эцэстээ  тоглоомын улс төрийн хүчин захиалж,  ард түмнээ хуурч мэргэшжээ.  
Монгол Улс өдөр ирэх тусам доройтож, үнэнийг илчилсэн бүхэн адлагдан шоронгийн хаалга татаж, шударга ёс гудамжинд суугаа өнчин хүүхэд мэт цурхиран уйлж, эцэг өвгөдийн ариун голомт үнсээ хийсгэсэн мэт хөсөр хаягдахыг ардчиллын эцэг, Монгол Улсын баатар - МоАХ хэрхэвч  хүсэхгүй!

Эртний их түүхтэй, эрхэт төртэй Монгол Улсын маань мандан буурах мөч бүртээ  үндэсний үзэлд зангилагдан  нэгдэж ирснийг бид мартаагүй. Тиймээс эх орон, элгэн түмнээрээ уруудан доройтож яваа энэ цаг дор алтан соёмбот хөх туган дороо нэгдэж эх орноо олигархиудаас  хамгаалахыг  үе үеийн ардчилагч нартаа, ард түмэндээ  хандан  уриалж байна.  Олигархи дэглэмийг халж улс орноо өөд нь татахаар сэрж нэгдэцгээе!  “Олны хүч оломгүй далай ” гэсэн ардынхаа мэргэн үгийг санахтун. 

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.    
 
УДИРДАХ ЗӨВЛӨЛ”
 
Мөн 1989 оны 12 дугаар сарын 10-нд тавьж байсан  14 шаардлагууд өнөөдрийг хүртэл ихэнхи нь хэрэгжээгүй байгааг санууллаа. Энэхүү 13 шаардлагыг эргэн сануулахад :
 
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын Ардчилсан холбооны гишүүдийн цуглаанд оролцогчдоос МАХН-ын төв хорооны VII  бүгд хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын VIII чуулганд өргөн барих бичиг
Улаанбаатар                                                             1989 оны12 сарын 10

Цуглаанд оролцогчид бид МАХН-аас дэвшүүлсэн  өөрчлөн байгуулалтыг бүрэн дүүрэн дэмжиж энэ үйлсэд чин сэтгэлээсээ мэдлэг чадварынхаа хэрээр хүчин зүтгэхийг илэрхийлэхийн хамт өөрчлөн байгуулалт шинэчлэлийн явц, тус улсын нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг хангахгүй байгаад сэтгэл гүнээ зовниж буй учир дор дурдсан зүйлүүдийг Монголын Ардчилсан холбооны улс төрийн шаардлага болгон дэвшүүлж байна. Үүнд:

А. БНМАУ-ын Үндсэн хуулинд дараахь өөрчлөлтийг оруулах,

1. Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож  тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас намын тухай хууль боловсруулан гаргах.
2. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг төр, засаг намын үйл ажиллагаанд дээдлэн хүндлэх зарчмыг хатуу мөрдүүлэх.
3. БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт оруулж түүний дэргэд хүний эрхийг хамгаалах ардын сонгуульт зөвлөл байгуулах
4. Үндэсний эрх ашгийг хөндсөн нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлыг бүх ард түмнээр ил тод хэлэлцүүлэх, орон нутгийн эрх ашгийг хөндсөн асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг авах замаар шийдвэрлэж байх зарчмыг АДХ-ын ажлын мөрдлөг болгох.

B. Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах арга хэмжээг даруй авах.
1. БНМАУ-ын сонгуулийн системийг үндсэнд нь шинэчлэн АИХ-ын  депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах

2.Эдийн засгийн механизмыг хөдөлгөгч гол хүчин зүйл болох социалист зах зээлийн концепцийг боловсруулан бүх нийтээр хэлэлцүүлэх.

3. Банкны сүлжээг өргөтгөн, түүнийг БНМАУ-ын Сн3-ийн мэдлээс  гаргаж, АИХ-д ажлаа тайлагнадаг эрх бүхий байгууллагын статус бий болгох.

4. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох

5.Тусгай хангамжийг устгах.

B. БНМАУ-ын социалист хөгжлийн замыг дүгнэн цэгнэхэд дараах тодотгол хийх,

1. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын үйл ажиллагаа, тэдгээрийн дур зоргоороо авирлах бодлогыг дуулгавартай гүйцэтгэн ирснээрээ алдаа дутагдлыг нь дэвэргэн гааруулсан тодорхой нэр бүхий эздийг илрүүлж ард түмнээр шүүн хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн комисс байгуулах

2. БНМАУ-ын түүхийн явцад хэлмэгдсэн үй олон эх оронч зүтгэлтэн, жирийн иргэд, ардын эмч домч, лам мэргэдийг нэр устай нь нэг бүрчлэн тогтоож түүхэнд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн хэлмэгсдийн өмнө МАХН алдаагаа хүлээж тэдний ар гэрт зохих хохирлыг нөхөн олгох.

3. БНМАУ-ын  болон МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах явцад ард түмний нэгдэлжих хөдөлгөөнийг дээрээс албадан тулгасан,  700 гаруй сүм хийд, түүх соёлын дурсгалт зүйл, ном судрыг устгасан,1956 онд  БНУУ, 1968 онд  БНСЧСУ-ын дотоод хэрэгт зэвсэгт хүчээр хөндлөнгөөс оролцсон явдлыг сайшаан дэмжсэн зэрэг үйл ажиллагаандаа МАХН-аас улс төрийн зохих дүгнэлт хийх.

4. Монголын Ардчилсан холбооноос дэвшүүлэн тавьж буй эдгээр шаардлагуудад албан ёсны нухацтай хариу өгөхийг МАХН-ын төв хорооноос хүсч байна. Олон улсын хүний эрхийн өдрийг бүх ард түмний ардчиллын баяр болгон тэмдэглэж байхыг цуглаанаас санал болгож байна.
                                
Монголын Ардчилсан Холбоо
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгахыг Засгийн газарт чиглэл болгов

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэв.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон.  Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал,  “Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд шилжүүлж болохгүй. Төрийн байгууллагын эрх бүхий зөвшөөрөлгүйгээр эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж Үндсэн хуульд заасан” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлд,

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа

Газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай

Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан.

Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт, мэдээллийг гаргаж тавилаа.

Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна” гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг эх орондоо бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Лаура Ботта түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд хоёр талын харилцааг урагшлуулах хамтын зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн, нягт хамтран ажилласан төр, засгийн байгууллагад талархал илэрхийлэв.

Элчин сайд Лаура Ботта нь 2019 оноос хойш манай улсад ажиллахдаа хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагааг дэмжих, “Монгол-Италийн нэхмэлийн технологийн төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулсан зэргээр хоёр талын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит үр дүн гарган ажилласан.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Лаура Боттагийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2023/12/08

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиол...

Улстөр нийгэм2023/12/08

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай...

Улстөр нийгэм2023/12/08

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав...

Цаг үе2023/12/08

Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хя...

Цаг үе2023/12/08

Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгуу...

Улстөр нийгэм2023/12/08

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоов

Улстөр нийгэм2023/12/08

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хороол...

Улстөр нийгэм2023/12/08

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-и...

Шударга мэдээ2023/12/08

“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зү...

Цаг үе2023/12/08

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Санал болгох