Цаг үе
Корпорацийн залилан ба авлига-2021
Аж үйлдвэрийн салбар, хууль эрх зүйн тогтолцооноос үл хамааран аливаа бизнесийн үйл ажиллагаанд луйвар залилан, авлигын шинж тэмдэг оршиж байдаг. Компаниуд энэ эрсдэлд чиглэсэн томоохон арга хэмжээг хэрэгжүүлж байсан ч Ковид-19 цар тахлын улмаас энэ зарчим өөрчлөгдсөн. Цар тахлын улмаас ажилтнууд зайнаас ажиллах хэлбэрт шилжих болсон нь тэдэнд тавих хяналтыг бууруулж байна. Одоо компаниуд залилангаас боломжийн хэрээр урьдчилан сэргийлэх стратегийг урьд өмнөхөөс илүү хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Залилангийн үйл ажиллагааг танихад нь туслах сургалтыг ажилтнуудын дунд тогтмол явуулах нь эргээд эрсдэл гарахад ажилтнуудын зүгээс мэдэгдэх боломжийг бүрдүүлнэ. Нэр нууцалсан мэдээлэл авах тогтолцоо нь ажилтнуудад мэдээлэл өгч байхыг шаарддаг. Хэрэв залилангийн гэмт хэрэг илэрсэн бол нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэж, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага гарна.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС: Кобре энд Ким, олон улсын хуулийн фирм
“Байдены засаг захиргаа санхүүгийн болон корпорацийн залилангийн хэрэгтэй тэмцэх илүү түрэмгий байр суурь баримтлах төлөвтэй байгаа ба энэ нь Обамагийн засаг захиргааны баримталж байсан чиг шугамд нийцэж байгаа юм. Трампын үед корпорацийн захирлуудыг мөрдөн шалгах ажиллагаа ихэссэн хэдий ч корпорациуд болон банкуудын эсрэг хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ суларсан гэж хүмүүс үзэж байгаа. Энэ байдал Ерөнхий прокурор Меррик Гарландын удирдлага дор өөрчлөгдөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор залилан болон авлигын асуудалд ийнхүү илүү эрс шийдэмгий хандсанаар цар тахалтай холбоотой залилангийн хэрэгт ч анхаарал хандуулах боломжтой болно.”
БРАЗИЛ: Би Ди Оү, олон улсын аудитын фирм
“Машин угаах ажиллагаа буюу төрийн өмчит газрын тосны Петробрас компанийн удирдлагууд, улс төрчид, нийтийн албаны томоохон албан тушаалтнууд, мужийн захирагчид, томоохон бизнес эрхлэгчдийг хамарсан тус улсын түүхэн дэх хамгийн том авлигын мөрдөн шалгах ажиллагааг дууссанаас хойш Бразил улсад залилан, хээл хахууль, авлигын түвшин мэдэгдэхүйц буурсан гэж үздэг. Энэхүү ажиллагаа болон холбооны цагдаагийн газрын бусад ажиллагаатай холбоотойгоор шинэ үе шатанд тус улс орж байна. Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс Бразил улсын авлигын асуудалд анхаарал хандуулсан мониторингийн байнгын бүлгийг байгуулжээ. Үүний зэрэгцээ цар тахлын улмаас нийтийн эрүүл мэндийн худалдан авалтын шаардлага нэмэгдэж байгаатай холбогдуулан залилан болон амьсгалын аппарат, цар тахалтай холбоотой эмчилгээ, хамгаалах хэрэгслийн үнэ хэт өндөр байгаа тухайд маш олон мөрдөн шалгах ажиллагааг одоогоор явуулж байна.”
ИХ БРИТАНИЙН НЭГДСЭН ВАНТ УЛС: Корпорацийн Судалгаа, Шинжилгээний Компани, олон улсын судалгааны байгууллага
“Ковид-19 цар тахал нь дэлхий даяар залилан хийх боломжийг нэмэгдүүлж байна. Харамсалтай нь Их Британи улсад ч энэ байдал илэрч байгаа бөгөөд цар тахлын улмаас ердийн хамгаалалт, эрсдэлийн удирдлагын хяналт алдагдаж, хүчгүйдэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд бүртгэгдсэн залилан, авлигын хэргүүдийн тоо өсжээ. Залилангийн хэргээр мэргэшсэн судлаачдын холбооноос хийсэн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын байдлаар залилангийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн 77% нь залилангийн хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа гэж үзсэн байна. Магадгүй хамгийн их анхаарлын төвд байгаа асуудалд кибер луйвар багтаж байгаа бөгөөд ажилгүйдлийн залилан ч мөн өссөн байна.”
ИРЛАНД УЛС: Грант Торнтон, олон улсын аудитын фирм
"Эдийн засгийн гэмт хэрэг, залилан, корпорацийн гэмт хэрэг, цагаан захтнуудын гэмт хэрэг гэсэн ойлголтууд ижил утгатай хэрэглэгддэг. Ерөнхийдөө эдгээр нэр томъёо нь хууль бус үйл ажиллагаа гэсэн ангилалд багтдаг бөгөөд үүнд хөрөнгө завших, хээл хахууль, авлига, корпорацийн болон хувийн залилан, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг багтдаг. Ирландын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын байгууллагын хийсэн 2019 оны эдийн засгийн гэмт хэргийн судалгааны үр дүнгээс харахад Ирланд улсад бүртгэгдсэн эдийн засгийн гэмт хэрэг, залилангийн түвшин өссөн байна. Залилангийн гэмт хэрэгт хамаарах сэжиг бүхий зүйлийг мэдээлж байх шаардлагыг хуулинд оруулсан нь үүний нэг шалтгаан болж байна гэж үзэж байгаа юм.”
ПОРТУГАЛ УЛС: Морайс Лейтон, Галвон Телис, Суарес да Силва Ассосиадос, олон улсын хуулийн фирм
“Сүүлийн жилүүдэд Португал улсын улс төр, нийтийн алба, спортын салбарыг хамарсан авлигатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа, гэмт хэргийн шинжтэй хэргүүдийн тоо өсөж, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч байнга яригдах болсон байна. Энэ нь олон улсын худалдаа, хувийн хэвшилтэй холбоотой авлигын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны ач холбогдлыг бууруулж байна. Гэвч Ковид-19 цар тахал гэх мэт эдийн засгийн хямралын дараах үр дагаврын улмаас эрх баригчид найдвартай нотлох баримтгүй томоохон мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүх дээр шийдэгддэг хэргүүдийг урагшлуулахад нөлөөлж болох бөгөөд ингэснээр Португал улс авлигын хэрэгт хэтэрхий зөөлөн хандсан хэвээр байна гэсэн ойлголтыг төрүүлж байна.”
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС: Би Ди Оү, олон улсын аудитын фирм
“ОХУ-д корпорацийн залилан, хээл хахууль, авлигын хэргийн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Гэхдээ үүнтэй холбоотой эрсдэл бусад улстай харьцуулахад харьцангуй өндөр хэвээр байна.”
ЭНЭТХЭГ УЛС: Би Ди Оү, олон улсын аудитын фирм
“Энэтхэг улсад корпорацийн залилан урт удаан бөгөөд баян түүхтэй. Уламжлалын дагуу худалдан авалт, гуравдагч талтай холбоотой залилан анхаарлын төвд хэвээр байгаагаас гадна Ковид-19 цар тахалтай холбоотойгоор кибер гэмт хэрэг 100 гаруй хувиар өссөн байна. Бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа хамгийн гол зүйл нь залилан мэхлэгчдэд өртөж болзошгүй нөхцөл байдал юм.”
ХЯТАД УЛС, ХОНКОНГ: Алварез энд Марсал Маргаан ба Мөрдөн шалгалт, зөвлөх үйлчилгээний компани
"Компаниуд цар тахлын үр дагаврыг арилгахаар ажиллаж байгаа тул өмнө нь нуун дарагдуулсан залилан, хээл хахууль, авлигын асуудлууд илэрч байгааг бид харж байна. Санхүүгийн тайлангийн улирал эхлэхэд энэ хандлага үргэлжлэх болно гэж найдаж байна. Эх газрын Хятад болон Хонконгийн эрх баригчид аль аль нь сүүлийн үед авлигатай тэмцэх талаар хатуу байр суурь баримталж, олон хээл хахууль, авлигын хэргийг илчилсэн. Энэ байр сууриа хадгалж, цар тахлын улмаас үүсэж буй эрсдэлийг хүлээн зөвшөөрснөөр ирэх хэдэн жилд хэргүүдийг нэмж илрүүлэх болно гэдгийг бид урьдчилан харж байна."
САУДИЙН АРАБ УЛС: Би Ди Оү, олон улсын аудитын фирм
“Саудын Араб Улс нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенц болон Их 20-ын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж нэгдэн, залилан болон авлигатай тэмцэх чиглэлээр олон арван арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх үндэсний комисс байгуулж, улсын сектор, 25 ба түүнээс дээш хувийн төрийн эзэмшил бүхий бүх компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих болсон. Тус Комисс нь тухайн улсын хаанд шууд тайлагнадаг хараат бус байгууллага юм. Түүнчлэн тус улс сүүлийн хэдэн жилд Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексээ ахиулж, дэвшил гаргасаар байна.”
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС: Корпорацийн Судалгаа, Шинжилгээний Компани, олон улсын судалгааны байгууллага
“Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) нь Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүс нутаг дахь авлига хамгийн бага улс хэвээр байна. Ийм учраас жил гаруйн өмнө НҮБ-ын Ерөнхий ассемблей АНЭУ-д авлигын эсрэг бага хурлаа зохион байгуулсан байж болох юм. Энэхүү чуулганы төлөөлөгчид авлигын эсрэг тогтоолын төслийг боловсруулж, авлигын эсрэг НҮБ-ын Ерөнхий ассемблейн удахгүй болох тусгай чуулганд бэлтгэх зорилгоор хөрөнгө буцаан олгох ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа болон бусад асуудлыг хэлэлцсэн.”
ӨМНӨД АФРИК УЛС: Өмнөд Африк дахь Ки Пи Эм Жи компани, олон улсын аудитын фирм
“Ковид-19 цар тахлын үр нөлөөгөөр бидний өнгөрсөн жилийн турш ажигласан залилан, авлигын чиг хандлагад тодорхой өөрчлөлт гарсан нь дамжиггүй юм. Засгийн газар, хувийн хэвшлийн компаниуд хувийн хамгаалалтын хэрэгсэл болон холбогдох үйлчилгээг худалдан авахад илүү их анхаарч, цар тахалтай тэмцэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулж байсан. Засгийн газар өнгөрсөн онд хувийн хамгаалалтын хэрэгсэл худалдан авахад олон тэрбум ранд зарцуулсан. Иймд компаниуд болон хувь хүмүүс уг үйл ажиллагаанд оролцож, тодорхой ашиг хүртэх сонирхол байгаа нь мэдээж юм. Одоогийн байдлаар Өмнөд Африк улсын хууль сахиулах байгууллагууд хувийн хамгаалалтын хэрэгслийн худалдан авах ажиллагаатай холбоотой луйвар залилангийн нэлээд олон мөрдөн шалгалтыг явуулж байна.”
Цаг үе
АТГ: Яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
АТГ-аас мэдээлснээр, Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа аж. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн түүний хөрөнгө, орлого 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл, 80 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны эх үүсвэртэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэж АТГ мэдээлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан байна. Уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаж, гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөлийг тогтоосон гэжээ.
Мөн хэрэгт холбогдуулан 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авснаас гадна санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.
Цаг үе
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Геодези, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хороонд байрлах Намгийн сувгийг цэвэрлэж, суваг дээгүүрх гарц гаргалгааны доогуурх мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэлээ. Геодези, усны барилга байгууламжийн газар нийслэлийн хэмжээнд 165.7 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн байнгын ашиглалтыг хариуцан ажилладаг. 2026 оны байдлаар 32 байршлын 34.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжаас нийт 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн тус газраас иргэдийг үерийн далан, сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“UB Robot - 2026” тэмцээн боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge - 2026” тэмцээн боллоо. Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Боловсролын газар болон Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцлоо. Тодруулбал, сурагчид үндсэн 14 төрөлд мэдлэг, ур чадвараа сорьсон юм.
- Уралдааны робот
- Цагаан шугам дагадаг робот /ахисан түвшин/
- Цагаан шугам дагадаг робот /6-12-р анги/
- Lego шугам дагадаг /6-10-р анги/
- Тулааны робот
- Сумо робот /радио удирдлагатай 3 кг/
- Сумо робот /автомат удирдлагатай 3 кг/
- Мини сумо робот /автомат удирдлагатай 500 гр/
- Мини сумо робот /радио удирдлагатай 500 гр/
- Лего сумо робот /автомат 1 кг, 6-10-р анги/
- Микролион сумо робот /радио удирдлагатай, микролион сет, 2-5-р анги/
- Микролион хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 2 робот, микролион сет, 2-5-р анги/
- Америк хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 3 робот, 3 кг/
- Даалгавар гүйцэтгэх робот
- Lego unknown /2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6-10-р анги/
- Дроны төрөл /радио удирдлагатай/
- Дроны төрөл /автомат/

Тэмцээний үйл ажиллагааг нээн нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр “Өнөөдөр энд цугларсан оролцогчид бол маргаашийн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчид билээ. Та бүхний бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа бүхэн улс орны хөгжил дэвшлийн үндэс болно гэдэгт итгэл төгс байна. Иймд оролцогчид та бүхнийг мэдлэг, ур чадвараа дайчлан багаар үр дүнтэй хамтран ажиллаж, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг гарган амжилттай ажиллахыг хүсье” хэмээв.

Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хүрэлцэн ирсэн оролцогч, шүүгч, зочдод талархал илэрхийлэн “Нийслэлээс шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр роботын тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж байна. Ингэснээр инженер, технологийн чиглэлд сонирхолтой сурагчид уг тэмцээнд оролцож, цаашид Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нээгдэх юм” гэлээ.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2023/04/11
“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт бол...
-
Урлаг спорт2019/09/09
Монголын хилчдийн сэтгэлийн хойморт сүндэрлэсэн гэрэлт хөшөө
-
Цаг үе2020/02/27
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2020/07/13
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
