Шударга мэдээ
АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох эрүүгийн 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож бусдад давуу байдал бий болгожээ. Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй, төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн бусдад хууль бус үүрэг өгч, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2 жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргаж байжээ.
Мөн хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын нөөцийн санд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоосон байна.
Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн байна. Г, А нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас “Дархан-144” элит сортын 89 тонн үрийн буудайг “АБ” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаас өөр үрийн буудай өгсний улмаас бусдад 70,400,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 1818000410214 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг зарцуулсан байна гэж АТГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2026 оны 3 дугаар сарын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотод нийт 9969 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ тодорхой үр дүнгээ өгч эхэлж байгааг харуулж байгааг албаныхан онцоллоо.
Тодруулбал,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1529 бүртгэгдэж, өмнөх оноос 78 тохиолдлоор буурсан байна.
- Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан нь урьдчилан сэргийлэх ажил эрчимжиж байгааг илтгэж байна.
- Харин зарим төрлийн гэмт хэрэг өсөлттэй гарчээ. Үүнд:
- Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 892 тохиолдлоор өссөн бол
- Зам тээврийн осол 1651 бүртгэгдэж, 10 хувиар нэмэгдсэн байна.
Эдгээр үзүүлэлттэй холбогдуулан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр "Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг “хар цэгүүд”-ийг тогтоон, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, зөв төлөвшилтэй иргэн болгох зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэх нь урт хугацаанд гэмт хэргийн бууралтад бодит хувь нэмэр оруулна. Цаашид залилах гэмт хэрэг, зам тээврийн ослын өсөлтийг бууруулахад иргэдийн оролцоо, сэрэмжлүүлэг мэдээлэл, технологид суурилсан хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байна" гэлээ.
Шударга мэдээ
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,891 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,436 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 871 хэрэг шинээр нээж, 395 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 58, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Авлигын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 7, Хүний амьд явах эрхийн эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Эдийн засгийн болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг хэрэг тус бүр 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179 гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл,
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 7, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах 3, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах 27, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах 3, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 133, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 6 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
“Э...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө, ерөнхий нягтлан бодогч Г.О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компаний данснаас 4 тэрбум 776 сая төгрөгийг гарган авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Б.Ц, А.Б нар нь татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа “Д...” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар, хахууль өгөгч Г.Н-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-К.М нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн нэр бүхий иргэнд хуурамч гадаад паспорт олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд бусдаас 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
-Г.Ц нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 88,9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-М.С нь 2025 оны 11 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд 82,7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт,
-У.И нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 965,7 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, мөн 3 хэсэг бүхий 194 мл хэмжээтэй шингэн хэлбэрийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн хэрэгт,
-Б.Л нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 мл хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 6 ширхэг тариуртай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Ө.О нь зохих зөвшөөрөл авалгүйгээр олон тооны эм мэт зүйлийг Монгол Улсын хилээр импортолсон, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Шударга мэдээ
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх, эрсдэлийг бууруулахаар “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөсөн.
Үүнээс эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг барина.
Төслийг хоёр багц ажлын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал “Багц-1”-ийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг "Close Fit" болон "CIPP" аргаар доторлон шинэчлэх юм. Ингэснээр шугамын хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.
Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

-
Улстөр нийгэм2024/10/10
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь га...
-
Цаг үе2021/09/20
Мэндчилгээ
-
Шударга мэдээ2019/12/03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортло...
-
Шударга мэдээ2020/04/03
УБТЗ ХНН бүх өртөө хоорондын замыг ариутгаж эхэллээ
