Улстөр нийгэм
“Спутник” вакцины хоёр дахь ээлж энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээ ирүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныг Элчин сайд И.К.Азизов гардуулан өглөө.
Тэрбээр энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенкогийн Монгол Улсад айлчлах айлчлал энэ онд хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж мэдэгдлээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ноён Элчин сайд хөндөж ярьсан үгэндээ Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10.000 тун “Спутник” вакцин өмнө нийлүүлэгдсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна. Нийтдээ ОХУ-аас 1.0 сая тун вакцин нийлүүлэгдэнэ гэдгийг онцоллоо.
Түүнчлэн ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажил дуусаж, хийн хоолойн энэ маршрут эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж байгаад баяртай байна гэв.
Ноён Элчин сайд И.К.Азизов үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төмөр замын зарим асуудал, хоёр орны хооронд байгуулахаар төлөвлөж буй “Нийгмийн хамгааллын тухай” гэрээ зэрэг асуудлыг хөндөж ярив.
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын төр, засаг иргэдээ коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд халдвар авсан хүний тоо эрс цөөрч буйд хөрш орны хувьд бид баяртай байна гээд, Монголд ирүүлэх вакцины нийлүүлэлт, хийн хоолойн төслийн талаар сайхан мэдээ дуулгаж байгаад талархал илэрхийлье гэв.
Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийн дэвшүүлсэн Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байна. Энэ механизм хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох, парламентын хамтын ажиллагаа бэхжин хөгжих шинэ алхам болно гэдэгт найдаж байна гэж онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн вакцины нийлүүлэлэлтэд онцгой анхаарал хандуулахыг ноён Элчин сайд И.К.Азизовоос хүсээд, түүний хөндсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран, ойрын үед шийдвэрлэх болно хэмээн онцоллоо.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл