Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийв.

Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.  Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна. 

Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.

Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй.

Үүнд:

1.     Хариу арга хэмжээний баг,

2.     Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар,

3.     Худалдаа үйлчилгээний салбар,

4.     Бүх шатны боловсролын салбарын ажилчид,

5.     50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд,

6.     65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд,

7.     18-25 насныхан,

8.     25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин  худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Эхний ээлжинд 3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн дөрвөн аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм.  

Тэгвэл гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья.  

Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.

Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох