Улстөр нийгэм
Б.Сарнай тэргүүтэй хохирсон иргэд хонгилын шүүгчийг 48 цагийн дотор түдгэлзүүлэн шалгахыг ерөнхийлөгчөөс шаардлаа
Баатарсүрэнгийн Сарнай гэгч бүсгүй цахим орчинд лайв хийж, шүүгч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр их хэмжээний мөнгөний залилангийн хэргээр 2019 оноос хойш шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа ч 2 жилийн хугацаанд хэрэг нь дандаа Д.Энхцэцэг гэгч ганц шүүгч дээр хуваарилагдан нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгож 8 тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа аж.
Тэрбээр шударга бус шүүх, шүүгчдээс болж өөртэй нь адилхан хохирч яваа хүмүүс байвал нэгдэхийг уриалж, тэмцлийн хурц хэлбэрт орохоос аргагүй болсноо мэдэгдсэн юм. Түүнийг дэмжсэн, шударга бус шүүгчдийн хохирогч болсон олон хүн өнөөдөр Төрийн ордны үүдэнд цугларлаа.
Тэд “хонгилын шүүгчдэд” мөнгө тараадаг, өмгөөлөгч Д.Баасанцогтоос 6,3 сая төгрөг дансаар авсан нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгаж өгөхийг шаардсан 48 цагийн хугацаатай шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөхөөр иржээ.
Тэрээр “Шударга бус хонгилын шүүгч нар, тэдний зохион байгуулагч нараас болж миний аав, ээж 30 гаруй жил хөдөлмөрлөж олсон 8 тэрбум орчим төгрөгөөрөө хохироод байна. Аав, ээж хоёр маань 1998 оноос эхлэн цэцгийн бизнес эрхэлж, олон хүнд ажлын байр гаргаж, шударгаар татвараа төлж ажилласан. Гэтэл энэ бүх хөдөлмөрийг шударга ёс тогтоох ёстой хэдхэн хүн үгүй хийж, залилан мэхлэгч нар завшиж байгаад гомдолтой байна” хэмээн ярьж байна.
Түүний хохирсон хэргийг сөхвөл, тэрээр 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд “Флора таур” хэмээх барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа шийдүүлэх, иргэн М.Бямбадорж гэгчид залилуулан их хэмжээний мөнгөө алдсан, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлт гаргажээ.
Гэтэл энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг гэгчид гурван удаа хуваарилагджээ. ХУД-ийн шүүхэд Д.Энхцэцэг гэдэг хүнээс өөр шүүгч байдаггүй юм уу? Яагаад ганц энэ шүүгчид “Флора таур”-ын хэргийг хуваарилдаг вэ гэх мэт олон хардлага байгаа аж. Хохирогч Б.Сарнай шүүхэд хандан “Нотлох баримтуудыг төрийн захиргааны байгууллагаас гаргуулах, нэхэмжилж буй эд хөрөнгөө битүүмжлүүлэх, шинжээч томилуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолгох” зэрэг хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Гэвч ганц ч удаа хангаж өгөлгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгожээ.
Тиймээс Б.Сарнай шүүгч Д.Энхцэцэгээс татгалзах хүсэлт гаргасан ч Хан-Уул дүүргийн шүүх түүний хүсэлтийг хүлээж авдаггүй. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч энэхүү Д.Энхцэцэг нь хонгилын шүүгчдийн ивээн тэтгэгч гэгддэг болоод байгаа өмгөөлөгч Д.Баасанцогттой холбоотой нь сүүлийн үед ил болсон баримтуудаар нотлогдож эхэлжээ.
Өмгөөлөгч Д.Баасанцогтын шүүгчдэд нөлөөлдөг байж болзошгүй мөнгө шилжүүлсэн баримтууд дотор ХУД-ийн шүүгч Д.Энхцэцэгийн нэр, данс хүртэл бүртгэлтэй байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр 1.3 сая төгрөг, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 5 сая төгрөгийг дансаар авсан баримт нь ил боллоо.
Мөн иргэн Б.Сарнайгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж буй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаярт 10 сая төгрөг, Ж.Эрдэнэчимэгт 500 000 төгрөг, Д.Мөнгөнтуулд ipone 12 promax маркын гар утас тус тус өгсөн нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс иргэн Б.Сарнай өөрийгөө хонгилын шүүгчдийн хохирогч болж байна хэмээн үзэж эрх мэдлийнхээ хүрээнд шударга бус шүүгчдийг огцруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдрийг хүртэл шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх нь хуулиараа хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл