Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ. Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ.

Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Албан бичигт:

Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм.

Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан.

Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна.

Тухайлбал:

- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;

- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;

- Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;

- Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.

Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай.

Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: "Оролцоо" төсөлд хамрагдсан залуусыг ажил, орлоготой болгоход анхаарна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа.

Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна.


Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм.
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж хэллээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв.

“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар  сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна.
Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.


 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ж.Чинбүрэн: Монгол, Францын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна

Огноо:

,

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлэгт УИХ-ын дөрвөн гишүүн харьяалагддаг болохыг уулзалтын эхэнд танилцуулав.

Тэрбээр Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд 55 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн, уг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлж, үүнд хоёр талын тэргүүлж буй найрамдлын бүлгийн гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй Монгол Улсад албан айчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, тус бүлгийн даргаар анх удаагаа сонгогдон ажиллаж байна гэв. Тэрбээр, Монгол Улсад айлчлах хугацаанд парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааг илүү тодорхой, үр дүнд хүрсэн уулзалтууд болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд санал нэгтэйгээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Үүнд, Сенатын зүгээс боловсрол, эрүүл мэнд болон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Вэрн нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “LEAD MONGOLIA” арга хэмжээнд үг хэлэв

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр “LEAD Mongolia” арга хэмжээнд цахимаар оролцож, үг хэлэв.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрригийн 2016 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр зарлагдсан “LEAD Mongolia” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд баяртай байгаагаа илэрхийлж, хөтөлбөрийг санхүүжүүлсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, гардан хэрэгжүүлсэн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, “World Learning” байгууллагын хамт олонд талархал илэрхийлэв.

Монгол, Америкийн харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлж, улс төрийн бат бөх итгэлцэл тогтож, хоёр талын хамтын ажиллагаа эдийн засаг, батлан хамгаалах, иргэд хоорондын, боловсрол, соёлын гээд олон салбарт хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тэмдэглээд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, ард түмнүүдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх, ялангуяа залуусыг ойртуулахад “LEAD Mongolia” хөтөлбөр нь чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.

“LEAD Mongolia” хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ил тод байдлыг хэвшүүлэх, авилгын эсрэг тэмцэх зэрэг үндсэн салбар, чиглэлд хэрэгжсэн юм. Уг хөтөлбөрт манай улсын 200 гаруй залуучууд хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “LEAD Alliance Summit” чуулга уулзалтуудад амжилттай оролцож, Киргиз, Мьянмар, Бутан зэрэг орны үе тэнгийнхэнтэй туршлага мэдээллээ хуваалцсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм19 цаг 20 минут

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-ү...

Улстөр нийгэм19 цаг 24 минут

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Улстөр нийгэм19 цаг 28 минут

Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуула...

Чөлөөт цаг19 цаг 32 минут

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ...

Улстөр нийгэм19 цаг 36 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа

Чөлөөт цаг19 цаг 44 минут

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээн...

Шударга мэдээ19 цаг 47 минут

Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэ...

Чөлөөт цаг20 цаг 44 минут

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана

Чөлөөт цаг20 цаг 55 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Чөлөөт цаг21 цаг 3 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ

Санал болгох