Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус цэнгүүний энэ жилийн зохион байгуулалт болоод онцлогийн талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнгээс тодруулж, хариулт авлаа.

-“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хот өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жил “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг хэрхэн зохион байгуулахаар болсон бэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, Урлагийн газар жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийнхээ төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг зохион байгуулж ирсэн. Ингэхдээ тухайн жилд хит, олны хүртээл болсон уран бүтээлчид, хамтлаг, дуучдыг урьж оролцуулан иргэд, хотын удирдлагууд, урлаг соёлын салбарынхан хамтдаа Сүхбаатарын талбайд шинэ оноо угтдаг.

Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, олон хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон хамтран тайз засал, гэрэл, хөгжим, болон бусад техник хэрэгслийг бэлдэх, төв талбайд сүлд модоо засаж, чимэглэх, он солигдох мөчид ёслолын буудлага зохион байгуулах гээд маш олон ажил зохион байгуулдаг байсан. “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг маш олон хүн гэр бүлээрээ зорин ирж төв талбайд цугладаг. Тиймээс Нийслэлийн Цэргийн штаб, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага хамтран ажиллаж, үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна “UBS” телевиз шууд дамжуулдаг байсан. Энэ жилийн хувьд “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй.

Гэхдээ жил бүрийн 12 дугаар сарын 15-нд төв талбайд сүлд модоо байрлуулж чимэглэдэг уламжлалын дагуу нийслэлийн сүлд модоо зассан. Харин “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах баярын цэнгүүнээ телевизийн контент хэлбэрээр зохион байгуулах санал гаргаж, зөвлөлдсөний үндсэн дээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн 51 жилийн түүхтэй “Баярын мишээл” шинэ жилийн баярын нэвтрүүлэгтэй нэгтгэн “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг улс орон даяар хүргэхээр боллоо. Эрхэм үзэгчид та бүхэн МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB” спорт суваг болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар маргааш буюу энэ сарын 31-ний 22:00 цагт “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.

-“Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” урьд өмнөх “Баярын мишээл” шинэ жилийн баярын хөтөлбөр, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнээс юугаараа илүү өвөрмөц, онцлог байх вэ?

-МҮОНТ-ийн уран бүтээлчидтэй ярилцаад “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021”-ийн төлөвлөгөөг боловсруулахдаа зөвхөн өнгөрч буй онд хамгийн их олны хүртээл болсон, хит бүтээл болоод хамтлаг, дуучдыг урьж оролцуулсан теле концерт хэлбэрээр хийх бус шинэ содон шинэлэг санаа агуулсан баярын хөтөлбөр, контент бүтээх шийдэлд хүрсэн. Ингэхдээ уран бүтээлүүдийг арав арван жилээр нь багцалсан, таван хэсэг зохиомжтой буюу өөрөөр хэлбэл хагас зууны хит бүтээл, түүнийг амьдруулсан уран бүтээлчдийг урьж оролцууллаа. Мөн үe үeийн төлөөлөл болгон олны танил зочдыг урьж оролцуулан бага нас, шинэ жилийн баяртай холбоотой дурсамжуудыг нь хуваалцаж байгаа. Жишээлбэл 1970, 1980, 1990, 2000, 2010 оны үед шинэ жилийн баяр, он солигдох мөчийг хэрхэн тэмдэглэж байсан, тухайн үед ямар уран бүтээл хит болсныг эргэн сануулахыг хүссэн.

Үүнээс гадна МҮОНРТ-ийн Алтан сан хөмрөгт маш үнэт ховор архивууд бий. Энэ үнэт архивын дуу дүрснээс багахан хэсгийг “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” баярын хөтөлбөрт оруулж байгаа.

Энэ тусгай контентыг бэлдэхэд МҮОНТ-ээс асар богино хугацаанд том баг хамт олон, инженер техникийн ажилчид маш сайн зохион байгуулалтад орж ажиллалаа. Түүнчлэн зураг авалтын талбай, студи, бусад шаардлагатай өрөө, тасалгаануудад ариутгал хийж, арын албанд ажиллаж буй баг хамт олон, бүх хүнээс шинжилгээ авч, эрүүл аюулгүй орчныг ханган ажилласан. Үүнээс гадна “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Улсын онцгой комиссоос гаргасан заавар чиглэлийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын хяналтын дор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан баярын хөтөлбөр, контентод оролцсон уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлмээр байна.

Уригдан ирж буй уран бүтээлчид “Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” баярын хөтөлбөрийн тайз, гэрэлтүүлэг маш их таалагдсан. Мөн хуучны хит бүтээлүүдээ дахин амьдруулж, сайхан дурсамжуудаа сэргээж байгаадаа маш их баяртай байна” гэдгээ хэлж байсан.

Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдүүдэд Нийслэлийн Засаг даргын бэлэг гардуулна

-Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүний хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулдаг байсан бэ. “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хот өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой энэ удаад ямар өөрчлөлтүүд оров?

-Нийслэлийн Соёл, урлагийн газар “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг хариуцан зохион байгуулахаас гадна сүлд мод засах, он солигдох мөчид ёслолын буудлага буудуулах болон дүүрэг бүрт сүлд мод байрлуулах, чимэглэх болон бусад шинэ жилийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Энэ жил ч мөн адил бид “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” хөтөлбөрийн арын албанд багаараа ажиллаж байгаа.

Энэ жил зарим дүүрэгт л сүлд мод чимэглэсэн. Бусад олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд цар тахлын нөхцөл байдал, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цахим хэлбэрт шилжсэн.

Мөн өнгөрсөн жилүүдэд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын бэлгийг Хүүхдийн асрамж, халамжийн төв, Түр хамгаалах байрны хүүхдүүдэд хүргэдэг байсан. Энэ жил дээрх зорилтот бүлгийн хүүхдүүдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдэд Нийслэлийн Засаг даргын бэлэг өгч байгаа.

-Та “Баярын мишээл” шинэ жилийн баярын хөтөлбөр, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнтэй холбоотой өөрийн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Өмнө нь он солигдох мөчийг дандаа гэртээ тэмдэглэдэг байсан. Тийм дээ ч мэдээж гэр бүлээрээ жил бүрийн “Баярын мишээл” хөтөлбөрийг алгасахгүй үздэг. 2016 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдоод “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг зохион байгуулж, 2016-2017, 2017-2018, 2018-2019 гээд гурван жил Улаанбаатар хотынхоо төв талбайд нийслэлчүүдтэйгээ он гаргасан. Хэдий төв талбайд хариуцсан ажлаа хийж байсан цаг мөч ч гэлээ он солигдох 00:00 цагийг хүлээж, төв талбайд цугласан тэр олон хүмүүстэйгээ хамтдаа “Тав, дөрөв, гурав, хоёр, нэг...” гэж тоолоод шинэ жилийн баярын салют буудахыг харах мөч хамгийн сайхан дурсамж болж үлдсэн. Хэдий жил бүрийн 12-р дугаар 31-ний үдэш маш хүйтэн байдаг ч гэлээ нийслэлийнхээ төв талбайд хуучин жилээ үдэж, шинэ оноо угтах гэж буй хүмүүсийн уур амьсгал орчноо гоё, дулаан болгодог.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Огноо:

,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Тодруулбал, XX зууны эхэнд Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Рой Чапмен Эндрюсийн 1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг олон нийтэд дэлгэлээ.

Рой Чапмен Эндрюс нь Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийг удирдан зохион байгуулахдаа 1919, 1922, 1923, 1925 онд Монгол нутагт дөрвөн удаа айлчилж байжээ. Ингэхдээ манай орны хөхтөн амьтан судлал, шувуу судлал, геологи, палеонтологи, эртний болон орчин цагийн ургамлыг судлан, археологийн асар их баялагтай, шинжлэх ухааны онцгой чухал бүс нутаг болохыг баталсан байдаг.

Анх 2013 онд БСШУЯ, Улаанбаатар хотын музей, Палеонтологийн музей хамтран уг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байжээ. Ийнхүү хоёр дахь удаагаа Улаанбаатар хотын музей, Монгол Арт галерей, “Гамма” гэрэл зургийн агентлаг, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ хамтран “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” (1919-1925 он) гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулаад байна.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Энэ удаагийн үзэсгэлэнг гурван төрлийн дэглэлттэйгээр тавьж байгаа. Тухайлбал, 1919-1925 онд Рой Чапмен Эндрюсийн удирдсан Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийн археологи, палеонтологи, үлэг гүрвэлийн эртний олдвортой холбоотой гэрэл зургууд бий. Хоёрдугаарт, 100 жилийн өмнөх монголчуудын ахуй байдлыг буулгасан гэрэл зургууд, гуравдугаарт, XX зууны эхэн үеийн Монголын хот суурин газар, сүм хийдийг хальснаа буулгасныг үзэсгэлэндээ багтаасан юм.  Үзэсгэлэнгийн 60-70 хувь нь тухайн үеийн монголчуудын ахуй байдлыг харуулснаараа онцлогтой” хэмээж байлаа.

Гэрэл зургийн үзэсгэлэнг үзэхээр ирсэн кино найруулагч Б.Баяр “Хоёр дахь удаагаа гарч буй уг үзэсгэлэнг зорьж ирж үзлээ. Энэ үзэсгэлэнгээр 100 жилийн өмнөх монголчуудын амьдралын хэв маягийг харж болохоор байна. Рой Чапмен Эндрюс Монголд дөрвөн удаа ирэхдээ манай орны онгон дагшин байдал, ахуй амьдралыг дэлхий нийтэд сурталчилж байсан нь гайхалтай. 1920-иод оны үеийн аж амьдрал, соёл, ёс заншлыг харахыг хүсвэл иргэд, олон нийт, залуус заавал ирж үзээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Их хүрээ, Монголын хязгаар нутгуудын соёл, түүхийг гэрэл зургийн хальсанд үлдээсэн нь маш чухал баримт, өв юм. Уг бүтээлүүдээс маш олон уран бүтээлийн санаа төрсөн байдаг. Тиймээс урлаг судлаачид, уран бүтээлчид “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” гэрэл зургийн үзэсгэлэнг ирж үзээрэй” хэмээн зураач Д.Батнасан уран бүтээлчдэд санал болгож байлаа.

125 гэрэл зургаас бүтэх уг үзэсгэлэн аравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. 100 жилийн өмнөх монголчуудын ахуй амьдралаар аялахыг хүссэн хэн бүхэн Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зочлох боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монголын анхны өвлийн спортын ордны нээлт боллоо

Огноо:

,

“Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, Монголын анхны өвлийн спортын битүү дээвэртэй ордны нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий Мөсөн өргөөний бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тус ордны шав тавих ёслол 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бөгөөд үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр 2,600-3,600 хүний багтаамж бүхий битүү дээвэртэй спортын ордон ийнхүү баригдаж, өнөөдрөөс ашиглалтад орж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Шадар сайдаар болон Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус төслийн явцтай танилцаж байсан талаараа дурдаж, энэ түүхэн өдрийн гэрч нь болж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Төслийг санаачилсан, санхүүжүүлсэн, хамтран хэрэгжүүлсэн үндэсний компаниуд нийгмийн хариуцлага гэж юу байдгийг үлгэрлэн харуулсан болохыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хувийн хэвшлийнхний ажлыг дэмжин ажиллахаа хэлэв.  Мөн дөрвөн улиралд дураар гулгах энэ ордны мөсөн дэвжээнээс Монголын анхны өвлийн олимпын медальтнууд, аваргууд төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснийхээ дараа төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлсэн “Ачит Ихт” ХХК, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани, “Монголын алт” корпорац, “Степпелинк Холдинг” компанийн удирдлагуудад Талархал, “Степпе Арена” ХХК-ийн удирдлагад Дурсгалын цом гардуулав.

Тодруулбал, “Ачит Ихт” ХХК төслийн гол санхүүжүүлэгчээр оролцож, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани барилгын зураг, газар, дэд бүтцийн асуудлыг хариуцаж, “Монголын алт” корпорац өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, “Степпелинк Холдинг” дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.

Монголын анхны өвлийн спортын ордны нээлтийн үеэр “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгч Мөсөн өргөөний нээлтэд хүрэлцэн ирж, бүтээн байгуулсан хүмүүст урам хайрласан үг хэлсэнд талархал илэрхийлэв. Мөн мөсөн гулгуурын талбайн салхийг хагалсан шайбыг үндэсний шигшээ багийн 06 дугаартай өмсгөлийн хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгчид гардууллаа. Үүний дараа уран гулгалт, хоккейн үзүүлэн тоглолт болсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Монгол Улсад анх удаа цоо шинэ инженеринг, техник технологийг нутагшуулсан, спортын төдийгүй соёл, барилгын салбарын онцлох бүтээн байгуулалтад үндэсний 95, гадаадын 6 компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцжээ.

“Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх бааз суурьтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломж нээгдэж байна. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багуудын өрсөлдөх чадвар сайжрах, амжилтаа ахиулах, ялангуяа, өвлийн спортыг амжилттай хөгжүүлэх ач холбогдолтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц энэ үеэр хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Б.Лхагвасүрэн: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг хийнэ

Огноо:

,

Дуу бичлэг үндэсний төвийн тэргүүн, “Сүнс” хамтлагийн ахлагч, продюсер Б.Лхагвасүрэн МҮОНРТ-ийн удирдлагын багийн ахлагч буюу Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр мэргэжлийнхээ дагуу өнөө цагийн хөгжмийн ертөнцийг үзэгчдэд хүргэх нэгэн сайхан контент бэлдэж байгаа аж. 

Тэрбээр “МҮОНРТ-ийн хөгжмийн нэвтрүүлгийн түүхэнд Соёлын бодлогын хүрээнд олон сайхан арга хэмжээ зохион байгуулагддаг байсан. Хожим зах зээлд шилжсэнээс хойш “Хит” хөгжим мэдээлэлийн хөтөлбөр, “Хөх тэнгэрийн радио” зэрэг хөгжим мэдээлэлийн хөтөлбөрийг хувь уран бүтээлчид продюсерлон санаачилж үзэгчдэд хүргэдэг байсан. Тэгвэл одоо цагт томоохон хөгжмийн нэвтрүүлэг үгүйлэгдэж байна. Миний хувьд Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаагаас гадна хөгжмийн продюсер тул бямба, ням гараг бүрийн оргил цагаар үзэгчдийн сонорыг хуучны болон шинэ уран бүтээлээр мялаая гэсэн хүсэл зорилготой энэхүү хөгжмийн нэвтрүүлгийн ажлыг эхлүүлээд байна. Бидний эхний ажил “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулж Монголын рок поп уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг 3-4 цуврал нэвтрүүлэг болгон хийхээр ажиллаж буй.

Үүнд Монгол Улсын ардын жүжигчин Г.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ч.Алтанцэцэг, поп дива С.Наран, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин М.Үүрцайх, Ц.Хулан, Л.Насанбуян нарын зэрэг уран бүтээлч МҮОНР-ийн “Цагаан лавай” студид бэлтгэлээ хийж байна. Энэ тоглолт ирэх аравдугаар сарын 20-ноос үзэгчдэд хүрнэ. Дээрх цуврал нэвтрүүлэг дууссаны дараа аль нэг продакшны болон хувь уран бүтээлчийн тухай нэвтхүүлгээр үргэлжилнэ. Гэхдээ тухайн нэвтрүүлгийн эхлэл болгонд шинэ хамтлаг, дуучныг танилцуулж, уран бүтээлийг нь сонсож байх болно. Үүгээрээ мөн нэг онцлог харагдаж байгаа" гэв.       

Дэлгэрэнгүй унших

Санал болгох