Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 оны III улиралд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнхийг 2022 оны III улиралд дуусгаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн барилгын ажлын зураг төслийг ирэх онд боловсруулж, 2024 онд барьж дуусгана.
- Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км автозамын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг дуусгаж, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Улсын комисст хүлээлгэж өгөхийг даалгав.
- Баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох талаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.
- Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээлт хийх зэрэг үе шаттай арга хэмжээ авах санал боловсруулж хэлэлцүүлэхийг даалгав.
- Байгаль орчин, аялал жуулалчлын яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд зургаан төрлийн зөвшөөрлийг энэ онд багтаан цахимаар олгож эхэлнэ.
- Хөвсгөл нуурт живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.
- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын бохирдлыг үе шаттай бууруулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
- Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн инноваци, дэвшилтэт техник, технологийг үе шаттай туршин нэвтрүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл